Болд.Л 2016.11.11 | Сонин: Өдрийн сонин

Л.Болд: Ардчиллын тулгуур зарчмууд ганхаж эхэллээ

Л.Болд: Ардчиллын тулгуур зарчмууд ганхаж эхэллээ
УИХ-ын гишүүн Л.Болд

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс өмнөх хуралдаан дээр УИХ-ын гишүүн Л.Болдын хэлсэн үгийг хүргэж байна.

Орон нутгийн сонгуулийн дүнг УИХ-д танилцуулах асуудлыг тавьсан л даа. Хэвлэл мэдээллээр бол Сонгуулийн ерөнхий хороо дүнгээ танилцуулаад л байх шиг байна. Гэхдээ УИХ дээр сонсох зайлшгүй шаардлага байна аа. Яагаад вэ гэвэл Сүхбаатар дүүргийн долдугаар хороон дээр өөр аймгийн саналын хуудсууд илэрсэн асуудал ярьсан. Тэрийг шалгасан дүн, мэдээгээ танилцуулах ёстой.

Сонгинохайрхан дүүргээс яг үүн шиг мэдээллийг бидэнд авчирч өглөө л дөө. Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороон дээр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 305 саналын хуудас гарч ирсэн. Нэг хороон дээр л ийм байна шүү дээ. Мөн тус дүүргийн 17 дуг ар хороон дээр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 318 саналын хуудас гарч ирсэн. Энэ бүхэн чинь эргэлзээ үүсгээд байгаа байхгүй юу.

Зарим тойргууд дээр сонгууль үнэн ЗОв явж чадсан уу, үгүй юу. Өөрсдийнхөө ялсан тойргууд дээр Засаг даргаа томилоод яваад байдаг. Гэтэл Баянзүрх дүүрэг дээр АН 22 суудал аваад ялсан. Тэгтэл ялсан зургаан төлөөлөгчийнх нь эрхийг тойргийн сонгуулийн хорооны Бат-Өлзий гэдэг дарга хүчингүй болгочихож байгаа юм. Шүүхийн шийдвэрт үүнийг хууль зүйн үндэслэлгүй байна гэсээр байтал АН-ыг цөөнх болгоод сонгуулийн дүнг засаад тус дүүрэгт олонх болж асуудлыг дангаараа шийдэх гээд яваад байгаа байхгүй юу. Ийм асуудлыг бид энэ парламент дээр ярьж үнэн, зөвийг нь олохгүй бол эргээд ардчиллын жинхэнэ тулгуур зарчмууд ганхаж эхэлж байна.

Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөх л ёстой шүү дээ. МАН үнэхээр ялсан, УИХ- ын сонгуульд. Сонгуулиудад үнэмлэхүй ялсан. Гэхдээ нийслэлийн гуравхан дүүрэг, хоёрхон аймгийн дүнг нь зөвшөөрчих л дөө. Сүхбаатар аймгийн Засаг даргыг томилох л хэрэгтэй шүү дээ. Энийг цөмөөрөө сонсъё л доо.

Энэ УИХ дээр тайлбараа өгч байж үнэн мөнийг нь олохгүй бол та бид Үндсэн хууль, хууль тогтоомжоо мөрдүүлэх асуудлыг олон нийтээс яаж шаардах юм бэ. Энэ талаар УИХ дээр сонсч, сонсгол мэдээллээ хүргэж асуулт, хариулт явж үүн дээр үнэн мөнийг тогтоож нэг мөр чиглэлийг өгөхгүй бол УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага мөн л юм бол орон нутгийн чухал сонгуулийн дүнг сонсч зохих шийдвэрүүдийг гаргах шаардлагатай гэж үзэж энэ долоо хоногийн хэлэлцэх асуудалд оруулж егнө үү гэж хүсч байна.

Л.Болд гишүүний чуулган дээр хэлсэн үгтэй холбогдуулж дараах тодруулгыг авсан юм.

-Яаж яваад орон нутгийн сонгуулийн саналын хуудаснууд дунд УИХ-ын сонгуулийн саналын хуудас орчихдог байна?

Үүнд л хариу өгөх ёстой. Манай намын бүлгээс тагнуул, цагдаа зэрэг зохих хуулийн байгууллагуудад хандчихсан байгаа. Үүнийг тогтоох ёстой. Яаж ч бодсон энэ бол сонгуулийн дүнд нөлөөлөх хэмжээний үйлдэл.

Хар машин нэр уншдаггүй. Саналын хуудасны цаасыг хянаад л тэмдэглэсэн тэмдэглэгээг нь уншдаг учраас тэрэнд нь тааруулаад УИХ-ын сонгуульд хэрэглэж байсан саналын хуудсыг ашиглачихаж байгаа байхгүй юу.

-Та өмнөх долоо хоногийн чуулган дээр ярьж байсан. Цалинтай сонгогчид бий болчихлоо гэж?

Өмнөх олон сонгууль дээр хүмүүс айл айлаар явж мөнгө тараадаг байсан. Түүнтэй нь бид манаа хийж, жижүүрлэн байж тэмцдэг байсан. Бид энэ удаад өмнөхтэй адил түүнээс илүү хараа хяналт тавьж манаа хийсэн чинь тиймэрхүү зөрчил бараг илрээгүй л дээ. Тэгтэл энэ тал дээр судалгаа хийтэл хэдэн сарын өмнөөс гэрээ байгуулах маягаар маш олон сонгогчийг цалинжуулсан тийм зүйл гарсан юм байна.

Сонгуулийн үеэр сонгогчдод бэлнээр мөнгө тараагаад явдаг байсан бол одоо хэлбэр нь өөрчлөгджээ. Хүн болгон карттай болчихсон болохоор дансаар нь мөнгө шилжүүлсэн ийм арга хэрэгслүүд явсан байна. Үүн дээр цаашид ямар хязгаарлалт тавих вэ гэсэн хууль эрхзүйн талаасаа ч хийх зайлшгүй шаардлагууд байна. Хулгай, луйврын арга улам л нарийн, боловсронгуй болоод байдаг ч тэрнийг нь төр гүйцэн очиж зохицуулах шаардлага байгаа юм байна гэж харагдаж байна.

-Захын нэг хэсэг дээр л 318 ийм хуудас гарч ирсэн гэхээр цаана нь хичнээн ч хэсэг, хороодод ийм зүйл байгаа юм билээ гэж хардаж болохоор байна?

Энэ асуудлыг тавиад байгаа учраас надад энэ мэт баримтууд ирээд байна. Эдгээр тойргууд дээр ийм луйвар явагдсан нь нотлогдох юм бол саналыг хүчингүй болгоод шинээр сонгууль явуулах ёстой л доо.

-Нэг хэсгийн хороон дээр 300 гаруй хууль бус хуудас уншуулсан гэхээр үр дүнд илт нөлөөлжээ?

Нэг хэсэг дээр илэрсэн хууль бус үйлдэл шүү дээ. Бусад тойрог, хэсгүүдийг шалгаагүй байна. Бүгдийг нь шалгавал дээрх тоо нэмэгдэх магадлалтай.