Үндэсний номын сан байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байна
БСШУС-ын сайд Ж.Батсуурь
2016.11.19

Үндэсний номын сан байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байна

Монгол Улсад орчин цагийн номын сан үүсч, Үндэсний номын сан байгуулагдсаны 95 жилийн ойн хүрээнд хийх үйл ажиллагааны нээлт боллоо.

Монгол түмнийхээ бичиг соёлын гайхамшигт өвийг хадгалж хамгаалан, түгээн дэлгэрүүлж ирсэн Монгол Улсын Үндэсний номын сан түүхэндээ Судар бичгийн хүрээлэнгээс эхлэн Улсын номын сан, Улсын нийтийн номын сан, Улсын төв номын сан, Үндэсний номын сан нэрээр үйл ажиллагаагаа явуулж иржээ. 

1921 онд Монгол Улсад бүх нийтэд үйлчлэх анхны орчин үеийн номын сан үүдээ нээж, 95 жилийн түүхэн хугацаанд нийтийн болон төрөлжсөн номын сангууд олноороо байгуулагдан соёлын үйлчилгээний хүрээ хүртээмжийг нэмэгдүүлэх, ард иргэдэд мэдлэг мэдээллийг түгээх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан билээ.

Нээлтийн үйл ажиллагаанд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ТНБД Б.Баярсайхан, Соёлын бодлогын газрын дарга Н.Болд, Соёлын бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Баяраа, Соёлын өвийн хэлтсийн  мэргэжилтэн Д.Бямбасүрэн, СГЗ Г.Аким, нийтийн болон их, дээд сургуулийн номын сангийн удирдлагууд, Соёлын сургуулийн багш нар, номын санчид нийт 200 орчим зочид төлөөлөгч оролцов. Монголын үндэсний номын сан өнөөг хүртэл нэрийн шагналгүй явж ирсэн учир түүхэн ойн арга хэмжээг тохиолдуулан нэрэмжит шагналтай болж байгаа Үндэсний номын сангийн даргын үүрэг гүйцэтгэгч н.Ичинхорлоо танилцуулж 3 хүнийг тухайн шагналаар шагнав.