Төрд ажилласан туршлагатай сайд
БСШУС-ын сайд Ж.Батсуурь
2016.12.22

Төрд ажилласан туршлагатай сайд

“Монголын мэдээ” сонин “Хэн нь хэн бэ” булангаараа Засгийн газрын сайдуудыг онцолж байгаа билээ. Энэ удаад БСШУС-ын сайд Ж.Батсуурийг онцолж байна. 

Засаг даргаас гишүүн, сайд болсон эрхэм
МАН 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсны дараа “Мэргэжлийн” Засгийн газрыг байгуулсан. Тэгвэл энэ Засгийн газарт орж ажилласан тулхтай, туршлагатай, олон жил төрд ажилласан нэг сайд багтсан нь Ж.Батсуурь. БСШУС-ын сайдаар томилогдож ажиллаж байгаа юм. Мөн цөөнгүй хэдэн дан дээлтэй сайд байгаагийн нэг нь тэр. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар мэргэжлийн хүн томилно гэж ярихад бас өрөөсгөл. Олон жил багш хийсэн, шинжлэх ухааны доктор цолтой, соёл, спортод нэвтэрхий хүн ч юу байх билээ. Тийм болохоор төрд ажилласан туршлагатай, тэр дундаа удирдах албан тушаал хашиж байсан, сайн баг бүрдүүлж чадах хүнийг л томилох хэрэгтэй байх.
Магадгүй тэр шалгуурт нийцэх хүмүүсийн нэг нь Ж.Батсуурь сайд. Тэрбээр 1983 оноос эхлээд багш мэргэжлээр ажиллаж байсан нэгэн. 1994-1998 онд Чех улсын Прага хотын Техникийн их сургуулийн докторант багшаар ажиллаж байсан. Улмаар 1998 оноос эхлээд төрийн албанд зүтгэж, Дорноговь аймгийн Засаг даргаар 2000-2008 он хүртэл суусан. Түүний дараа УИХ-ын гишүүнээр 2008, 2012 онд сонгогдон, найман жил суусан. Ийм л төрийн албаны туршлагатай хүн. Тэр дундаа олон жил багшаар ажиллаж байсан болохоор Монгол Улсын боловсролын салбарын асуудлыг яс махаараа мэдрэх нь ойлгомжтой. Дээрээс нь өмнөх бодлогуудаа тас үгүйсгэж, өөрийнхөө өнцгийг чихэх гэж дайрахгүй болов уу гэж санагдаад байгаа. 
Тэрбээр боловсролын салбарт туршлагатай хүн гэдгээ баталж, энэ чиглэлээр цөөнгүй ажил хийж, хэрэгжүүлж эхлээд байгаа. Ялангуяа Орост айлчлах үедээ зарим нэг ажлыг шийдсэн. Хөгжим бүжгийн дунд сургуулийг Хөгжмийн их сургууль болгохоор ажиллаж байгаа. Оросууд энэ тал дээр дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдсэн. Мөн тэрбээр ажлаа авснаас хойш оюутнууд сургалтын төлбөрөө зээлээр авах боломжийг бүрдүүлж, шийдэж өгсөн. Бүр банкуудын төлөөлөлтэй уулзаж, хамтран ажиллахаар болчихоод байгаа. Хэдийгээр энэ асуудлыг өмнөх Засгийн газрын үед ярьж, шийдэх эхлэлийг тавьсан. Харин яг гардаж шийдсэн нь Ж.Батсуурь сайд. Байшингийн суурийг хэн тавих нь хамаагүй.
Барьж, босгож, ашиглалтад хэн оруулсан бэ гэдэг нь л чухал шүү дээ. Тийм болохоор Боловсролын сайдын боловсролын салбарт оруулж байгаа энэ том хувь нэмрийг дурьдахгүй өнгөрч болохгүй. Ингэснээр өнөөдөр олон оюутан сургалтын төлбөрөө зээлээр авах боломж бүрдэж байгаа юм. Цаашлаад зээл авахын тулд сурлагадаа анхаарна, онц сурахын төлөө зүтгэнэ. Намрын намарт эцэг, эхчүүд цалингийн зээлээс авахуулаад бөөн асуудал болдог байдал ч нааштайгаар шийдэгдэж байгаа юм. Мөн тэрбээр тушаал гаргаж, багш, сурагчдын гар утасны хэрэглээг хязгаарлахаар болсон.

...Мэдээж ямар ч лаг сайд байсан энэ бүх салбарт хүрч ажиллахад хэцүү л дээ. Ж.Батсуурь сайдын хувьд шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн сонирхож, эрдэмтдэдээ мэндчилгээ дэвшүүлж, мэдлэгт суурилсан эдийн засаг бий болгох ёстой гэж байр сууриа илэрхийлээд, боломжийнхоо хэрээр энэ салбарт анхаарч байна...

Тэгэхдээ иргэдээс ирсэн хүсэлтийг үндэслэсэн юм билээ. Юуг үндэслэх нь гол биш, хязгаарлаж байгаа нь чухал. Тэр дундаа ухаалаг утасны хэрэглээг ч хязгаарлах нь зөв. Өнөө цагт багш, сурагчгүй ухаалаг утас “маажиж” суугаад, чанартай боловсрол алдагдах нөхцөл байдалд ч хүрэхдээ тулчихаад байгаа юм. Тийм болохоор энэ мэт хэрэглээг хянаж, хязгаарлах журам гаргах нь зөв. Зарим нэг зүйлийг иргэдийн ухамсрын асуудал гээд хаяж болох ч журам, дүрэмтэй бол бүр сайн биз дээ. Гэх мэтээр Ж.Батсуурь сайд тодорхой хэмжээнд ажлаа сайн хийж л явна.  Нөгөө талдаа бусад салбарынхаа ажлыг бага сага орхигдуулаад байна уу даа гэмээр харагдах юм.
Тухайлбал, шинжлэх ухаан гэдэг өөрөө маш том салбар. Дээрээс нь соёлын салбар байна. Мөн спорт. Мэдээж ямар ч лаг сайд байсан энэ бүх салбарт хүрч ажиллахад хэцүү л дээ. Ж.Батсуурь сайдын хувьд шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн сонирхож, эрдэмтдэдээ мэндчилгээ дэвшүүлж, мэдлэгт суурилсан эдийн засаг бий болгох ёстой гэж байр сууриа илэрхийлээд, боломжийнхоо хэрээр энэ салбарт анхаарч байна. Мөн амжилт гаргасан тамирчдаа хүлээж авах, тэдний зовлон, жаргалыг сонсох гээд спортын салбарыг ч огт хаячихаагүй л дээ. Яах вэ, ажлаа дөнгөж аваад гурав, дөрөвхөн л сар болж байна. Цаашид бүтэн гурван жил хагасын хугацаа байгаа. Тийм болохоор спортын, урлагийн, шинжлэх ухааны салбарын асуудалдаа анхаарчих биз ээ. 
Сайн баг бүрдүүлсэн 
Ж.Батсуурь сайдыг харьцангуй сайн баг бүрдүүлсэн гэж дүгнэж болохоор. БСШУСЯ-ны дэд сайдаар өмнө нь энэ салбарыг удирдаж явсан Ё.Отгонбаяр ажиллаж байгаа. Нэг салбарыг овоо хэдэн жил удирдаж, УИХ-д хүртэл сууж байсан гэдэг утгаараа маш их туршлагатай. Сайддаа хамгийн их түшиг болж ажиллах нэгэн. Мөн харьяа байгууллага, газрын дарга нараар ч гайгүй хүмүүсийг томилсон.
Тухайлбал, Биеийн тамир спортын газрын даргаар МУГТ Ц.Шаравжамц томилогдсон. Өөрөө сагсан бөмбөгийн спортоор хичээллэж, тамирчдын хөлс хүчийг мэдэрч явсан хүний хувьд энэ салбарыг амжилттай удирдаж, сайддаа хамгийн их түшиг болох ёстой хүн. Ерөөсөө энэ газрын даргаар тамирчин хүнийг л томилох хэрэгтэй байсан. Тэр ч ёсоор багаа бүрдүүлсэн. Ц.Шаравжамц дарга болсноор Спортын төв ордонг шинэчлэх асуудлыг шийдэх гээд, гадаадын хөрөнгө оруулалт татах гээд л явж байна. 
Бүр цогцолбор бүтээн байгуулалт хийж, өөрийнх нь орлогоор хөрөнгө оруулалтаа нөхөх юм гэсэн. Яадаг юм, нэг ч гэсэн сайхан юм хийж л байвал боллоо шүү дээ. Сайхан санаачилга. Энэ бол багаа зөв бүрдүүлсний л ач. Гэх мэтээр гайгүй томилгоонуудыг хийж, багаа зөв бүрдүүлсэн. Энэ хэрээр зөв шийдвэрүүд гарч, ажил урагшилж буй. Намар гэхэд л Ж.Батсуурь сайд их, дээд сургуулиудын захирлуудтай уулзаад, төлбөр нэмэхгүй байх асуудлыг шийдвэрлэсэн. Ерөөсөө сайн сайн, оновчтой шийвэрүүдийг гаргаад л явж байгаа.
Яах вэ, ганц нэг шинэ хөтөлбөр энэ тэрийг хэрэгжүүлэх гээд сургуулиуд мунгинаж байгааг алийг тэр гэх вэ. Өмнө нь гарчихсан л байсан шийдвэр. Хамгийн гол нь энэ хүн цоо шинээр баахан юм туршиж, салбараараа тоглоод байхгүй, өмнөх хүмүүсийн хийж байсан зөвийг нь дэмжээд явахаар харагдаад байгаа юм. Гол нь төр залгамж халаатай  байх ёстой. Дээрээс нь зөв сэтгэлтэй, чадвартай, туршлагатай хүмүүсээр багаа бүрдүүлчихвэл ажил ч урагшилна л даа. 
Хамгийн сайн ажилласан сайд
“Мэргэжлийн” Засгийн газар байгуулагдсанаас хойш 100 хоногийн хугацаа өнгөрөхөд яам бүр ажлаа тайлагнасан. Тэгэхэд хоёр, гуравхан яам гайгүй сайн ажиллаж, цөөнгүй асуудлыг шийдсэн байсны нэг нь БСШУС-ын яам. Хийсэн ажлуудыг нь дурьдвал цөөнгүй. Зөвхөн 10 хоногт гэлтгүй сайн ажиллаж байгаа нь Боловсролын сайд гэж хэлж болно. Хамгийн чухал нь гэвэл Ж.Батсуурь сайд Дээд боловсролын хуульд өөрчлөлт оруулж, батлуулсан явдал байсан юм.
Энэ бол маш чухал ажил. Хуулийг баталснаар шаардлагатай олон өөрчлөлтийг хийж болохоор болчихоод байна. Мөн энд нэг том ажлыг дахиад, бүр тод томруунаар сануулмаар байгаа юм. Тэр бол их, дээд сургуулийн төлбөр нэмэгдээгүй асуудал. Ганцхан энэ ажлынх нь төлөө Ж.Батсуурь сайдын хэдэн алдааг ч хэлтрүүлж болохоор. Өмнөх жилүүдэд их, дээд сургуулийн төлбөр 20-30 хувиар байнга нэмэгддэг байсан. Бүр жил бүр. Шалтгааныг нь асуухар инфляци, үнийн өсөлт энэ тэр гэж ял шалихгүй шалтгаан хэлээд л гүйцээ. Энэ бүхэн ард түмэнд ямар их дарамт үүсгэдэг байсныг хэн ч үгүйсгэж чадахгүй.
Гэтэл энэ жил сургуулийн төлбөр бараг нэмэгдээгүй. Анх удаа оюутнууд намар хичээлдээ ирэхдээ төлбөр хэд болсон бол гэж бодохгүй, санаа амар сургуульдаа орсон байх. Ердөө л энэ ажлыг амжуулж, сургуулийн удирдлагуудтай тохиролцоонд хүрч чадсаных төлөө түүнийг хамгийн сайн ажилласан сайд гэж зоригтой хэлж чадахаар байна.