Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Баасанбаярынд өргөө цагаан гэр бэлэглэлээ
НИТХ-ын дарга Ц.Сандуй
2016.12.26

Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Баасанбаярынд өргөө цагаан гэр бэлэглэлээ

Он солигдох мөч айл гэр бүрт ямар нэгэн баяр баясал бэлэглэдэг. Тэгвэл нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Баасанбаярын гэр бүлд өнөөдөр амьдралынх нь шинэ хуудас эргэж байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр хувиасаа Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Б.Баасанбаярын гэр бүлд иж бүрэн таван ханатай гэр хүлээлгэн өглөө. Б.Баасанбаярынд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 5-6-нд шилжих шөнө гал гарч, гэр нь шатсан юм. Гал гарах үед тэрбээр эхнэр, бяцхан охины хамт унтаж байжээ.

Харамсалтай явдлын улмаас Б.Баасанбаяр арван хувь, эхнэр Ундармаа нь 80 хувь, охин Бадмаараг нь 20 хувийн түлэгдэлттэй Гэмтэл согог судлалын үндэсний төвд 40 гаруй хоног хэвтэн эмчлүүлсэн. Өмссөн хувцаснаасаа өөр юу ч үгүй галаас мултарсан тэдэнд өнгөрсөн хугацаанд сайн санаат хүмүүс эмчилгээний мөнгө, хоол хүнс, эм тариа, хувцас хэрэглэлээр тусалж, алтан гартай эмч нарын буянаар үхлийн аюулаас хэлтэрсэн тухайгаа Б.Баасанбаяр шинэ гэртээ нүдэндээ нулимстай ярьж байна.

Эхнэр Ундармаа нь эмнэлгээс гарсан боловч бие нь төдий л сайжраагүй учир гэрээр эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Түүнд арьс нөхөх мэс засал дөрвөн удаа хийгээд байгаа бөгөөд хоолой доторх нь галд түлэгдсэн учир ярьж чадахгүй байгаа ажээ. НИТХ-ын дарга Ц.Сандуй Б.Баасанбаяр болон түүний эхнэр, хүүхдэд иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээг гардуулж, “Танай гэр бүлд тохиолдсон харамсалтай явдлыг Сонгинохайрхан дүүрэг дэх манай ажлын албаныхан надад дуулгасан.

Шинэ оноос өмнө амжиж гэр оронтой, тавилга эд хогшилтой боллоо. Сайхан сэтгэлт олон хүн, аж ахуйн нэгжийн тус юм шүү. Өвчин бол цаг зуурынх учраас эрүүл байхад амьдралаа сайхан босгож чадна гэдэгт итгэлтэй байна. Охин нь сайхан эдгэрч байна. Ээжид нь бидний мэндийг дамжуулаарай. Танай гэр бүлийнхэнд аз жаргал, эрүүл энхийг хүсье” гэлээ.

Гэрийн эзэн Б.Баасанбаяр “Бидэнд бие сэтгэл, эд хөрөнгийн маш хүнд гай тохиолоо. Эмнэлгийн орон дээр байх хугацаанд маш их зүйл бодогдож байлаа. Өдөрт л нэг сая гаруй төгрөгийн эмчилгээ хийлгэж байсан.

Маш олон хүн сэтгэлийн дэм өгч, зарим нь хоол, зарим нь эм тариа, тосон түрхлэг барьж ирсэн. Олон хүн эмчилгээний зардал хандивлаж, сайхан сэтгэлт түмний минь тусаар эхнэр, охин хоёр минь тэнхэрч байна. Чин сэтгэлээсээ тусалсан монголынхоо ард түмэнд, манай тойргоос сонгогдсон Ц.Сандуй даргад талархаж байна. Охины минь заяа түшлээ. Буянтай эмч нартаа баярлалаа” гэв.

НИТХ-ын дарга Ц.Сандуй энэ үеэр иргэн Амгаланбаатар нэг портер нүүрс, Арвайн үндэс компани 18 шуудай нүүрс, Kitchen All компани гал тогооны шүүгээ, Монгол буйдан компани сандал, ор болдог буйдан, хүүхдийн сандал, СХД-ийн Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооныхон ор хандивлаж байгааг гардуулж өглөө