Болд.Л 2017.01.12 | Сонин: Өдрийн сонин

Л.Болд: Шинэ Монголыг буй болгох бүх жор, санаа, хандлага Үндсэн хуульд бий

Л.Болд: Шинэ Монголыг буй болгох бүх жор, санаа, хандлага Үндсэн хуульд бий

УИХ-ын гишүүн Л.Болдтой Үндсэн хуулийн 25 жилийн ойн босгон дээр ярилцлаа. Тэрбээр Үндсэн хуулийг батлалцсан энэ УИХ дахь хоёрхон гишүүний нэг юм.

-Монголчууд нийгмээ өөрчилж, Үндсэн хууль баталснаас хойш хоёр арван өнгөрчээ. Үндсэн хуулиа баталсны 25 жилийн ой одоо тохиож байна. Анхны ардчилсан Үндсэн хуулийг батлалцаж байсан хүний хувьд та өнөөдрийн цаг хугацаанаас өнгөрснөө нэг эргэн дурсахгүй юу?

- Нухацтай бодох шаардлага, шийдвэрлэх цаг мөч, эгзэгтэй нөхцөл байдалд монгол хүн, монголчууд оюун ухаанаа дайчлан газар нутаг, тусгаар тогтнолын тугийн дор нэгдэж чаддагийг тэр үед болсон олон үйл явдал, түүний дотор Ардчилсан Үндсэн хуулийг бүтээн туурвиж, батлан мөрдөж эхэлсэн түүх харуулсан юм. Тэр үед би 31-тэй залуухан явжээ.

Агуу үйл хэргийн тогоон дотор буцалж өмнөх болон одоо цагийнхаа улс төрийн эрхмүүдтэй мөр зэрэгцэн цэц булаалдаж төрийн эрдэм ухааны зах зухаас эмтэлж байснаа их хувь тавилан гэж бодож явдаг. Тэр цаг үеийн уур амьсгал, хамтын ажиллагааны түүхийг монголчууд цаг үргэлж санаж явах учиртай.

Бид нэг хүсэл, нэг эх орон, нэг ижил үнэт зүйлстэйг санаж энэ бүхнээ цаашид хамтран хамгаалж хөгжүүлэхэд 25 жилийн өмнө Үндсэн хуулиа шинэчлэн баталсан түүх туйлаас үнэтэй бөгөөд дуурайлтай сургамж, өв уламжлал байх болно. Улс орноо жинхэнэ утгаар нь тусгаар, бие даасан хөгжлийн замд оруулах нэг үзүүрт сэтгэл, итгэл, үнэмшлийн дор монголчууд нэгдэж нэг хүчээр нэг зүг зүтгэж энэ эцэг хуулиа өлгийдөж чадсан юм.

Зорилго, сэтгэл, зүтгэлээ нэгтгэж чадваас улс орон, үндэстэн юуг ч бүтээж чаддагийг харуулсан чухал сургамж л даа. Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр монголчуудын оюуны болон сэтгэлийн тэнхээ, итгэлийн гэрлийн их цугларал, төвлөрөл бий болсон байлаа. Нэг сая орчим иргэнээс санал ирж байсан. Нийгмийн бүх давхаргынхан, улстөрчид, нийгэм, эдийн засаг, хуулийнхан төдийгүй спорт, урлаг, соёлынхон гээд бүгд оролцсон. Малчин, тариачин, цэргийнхэн ч байсан.

Тэр бүү хэл хүний амь насаар дэнчин тавьж боссон хууль байлаа. 

 Миний урд сууж байсан Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, генерал Мөнхдорж гэнэт ухаан алдаад, тусламж авч чадалгүй Үндсэн хуулийнхаа мөнхийн манаанд гарахаар одсон доо. Алдарт хоёр Мөнх аварга босон суун ажиллах дуртайгаа илэрхийлж, гадуур гүйх ажлыг хийхээс татгалзахгүйгээ илэрхийлээд л, бидний монголчууд шуурхай ухаан ур нийлүүлж ажилласан цаг мөчүүд байв.

Шийдлийг эрж хайх үйл явц дардан байгаагүй. Гал гарсан маргаан, мэтгэлцээн бишгүй л нэг өрнөж байв. Сүлдний загварын талаарх хэлэлцүүлэгт яруу найрагч Сүрэнжав гуай, зураач Тэнгис болд хоёр барьцалдаж авах шахсаныг санаж байна. Инээдэмтэй ч гэх юм уу, хоржоонтой гэмээр асуудлууд ч орж ирдэг байлаа. Хоёр эхнэртэй байж болох асуудал яригдаж, хэлэлцэгдэж байсан. Хөндөж яриагүй асуудал, сэдэв бараг байхгүй дээ. Үнэхээр амин асуудлаа гайхалтай сайн хэлэлцэж шийдвэрлэсэн түүх юм шүү.

-Одоогийн парламентад 1992 оны Үндсэн хуулийг батлалцаж явсан гишүүн хэд байна вэ?

-Энэ УИХ-д тэр үеийнхнээс Лүндээжанцан бид хоёр байгаа юм байна.

-1992 оны Үндсэн хуулиас хойших 25 жилд монголчуудад хамгийн их хожоотой, ашиг тустай зүйл нь юу байж таарав? Таны хувьд хүний эрхийн асуудлыг онцолмоор байна уу, улсын тусгаар тогтносон бүрэн эрхт байдлаа хадгалж чадсан гэж хэлэх үү? Эсхүл бүр өөр зүйлийг онцлох уу?

-Хувь хүний эрх, эрх чөлөөг хуульчилж, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулсан нь энэ суурь хуулийн маань үндсэн үүрэг, үр дүн нь мөн.

Монгол Улс ардчилсан улс болсныг ертөнц даяар тунхагласан, Монгол Улс гадаад улс орнуудтай эрх тэгш оршин тогтнохоо зарласан цомхон боловч гайхамшигтай агуулгатай баримт бичиг юм. Хүн бүр агуулга, үг үсгийг нь сэргээн санаж чандлан -мөрдөж явах учиртай оршихуйн цагаан толгой шүү дээ.

-Үндсэн хуулийг Америкийн, Британийн эсхүл Оросын гэдэг ч юм уу аль улсын Үндсэн хуулиас хуулбарлаж Монголын хөрсөнд шингээн тохируулсан юм бол?

-Бусад улс орныхтой харьцуулж үзэж болно оо. Аль ч цаг үеийн бүтээл туурвил бол өмнөх цаг үеийнхээ үргэлжлэл байдаг шиг манай Үндсэн хууль ч гэсэн дэлхийн ардчиллын туршлага, алдаа, оноог тодорхой хэмжээгээр тусгасан байж л таарна.

Шинэ бүхэн сайтар мартагдсан хуучин зүйл байдаг гэдэг шиг. Гэхдээ хамгийн гол нь монголчууд өөрсдөө монгол хөрсөн дээрээ хамтран хэлэлцэж баталсан унаган монгол эх баримт бичиг мөнөөсөө мөн.

-Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийг өөрчлөх, нэмэлт оруулах багагүй оролдлого хийгдсэн. Хэр зэрэг эрээн цоохор болж засагдсан Үндсэн хууль 25 жилийн ойтойгоо золгож байна?

-Манай Үндсэн хууль ерөнхий зарчим, үзэл баримтлалын хувьд алдаагүй, тун чиг оновчтой хийгдсэн бүтээл дээ. Харин эрх мэдэл, засаглал хуваарилалтын асуудлууд дээр анхаарал татахуйц, тодорхой нөхцөл байдалд мухардал, давхар  утга үүсгэхээр томьёоллууд бий.

Үүнийг бид бултаараа хэлэлцэж илүү тод, зөрчилгүй байхаар сайжруулах нь зүй ёсны асуудал.

Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хооронд үүсдэг зөрчлүүд энэ 25 жилийн хугацаанд Үндсэн хуульд оруулах гэсэн, оруулсан өөрчлөлтүүдийн шалтаг, шалтгаан нь болж байсныг бид мэднэ.

Улс төрийн намын тэргүүн нь Засгийн газраа толгойлохоор УИХ-ын дээр гараад суучихдаг зүй бус алдаа бишгүй гарсан. Гүйцэтгэх засаглал хүч муутай байвал парламент нь татаад унагачихдагийг ч бид харсан. Хууль тогтоох ба гүйцэтгэх засаглалууд харилцан уялдаатай, эхнийх нь чиглүүлдэг, удаахь нь гүйцэтгэдэг, нэг нь хянадаг, нөгөө нь хэрэгжүүлдэг гэсэн санааг тодорхой хүмүүс, бүлэглэлүүд Засгийн эрх авахаараа бүдгэрүүлж бүр утгыг нь алдагдуулж чаддагийг бид цөөнгүй харсан даа.

Зарим тохиолдолд Засгийн газар нь УИХ-аа атгачихдаг, эсрэг тохиолдолд УИХ нь Засгийн газраа залгичихдаг алдаа оноо гарсаар байгааг Үндсэн хуулиас илүү хязгаарлах, зохицуулах боломж байхгүй л дээ. Тэгээд л энэ ганц суурь хууль руугаа үе үе гар сарвайдаг нь харамсалтай. Азаар би нэг ч удаа ийм хариуцлагагүй, түүхий шийдэлтэй зууралдаж оролцож байсангүй дээ.

Одоо шүүх засаглалын гажуудлаар дамжиж Ардчилсан Үндсэн хуулийн маань үндсэн ололт болох хүний эрх онц ноцтойгоор ил зөрчигдөх боллоо. Ерөнхийлөгчийн эрх мэдэл, Цэцийн бие даасан байдал, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эрх чөлөө гэсэн сэдвүүдийг өнөөдрийн өндөрлөгөөс аваад үз л дээ.

Анхаарч нягтлан үзэж Монголын бодит амьдрал дээр гарч буй сөрөг чиг хандлага, үйл явц Үндсэн хуулиас улбаалж буй эсэхийг бид байнга анхаарч судалж нэгтгэж нийтэд ил тод зарлаж байх учиртай юм даа. Ийм ил тод мэдээлэл, хэлэлцүүлгийн дараа бид эцэг хуулиа улам сайжруулж ололтоос нь ухраалгүй шинэчилж байх учиртай юм.

Харин хэсэг бүлэг хүнд тохируулсан өөрчлөлтүүдийг огт хийж болохгүй. Тийм санаархлыг зогсоодог механизмтай болох ёстой. Засаглалын нэг бүрэлдэхүүн нь нөгөөгөө боомилох боломжийг олгодог байдлыг ч эцэслэх учиртай.

-МАН парламентад дийлэнх олонхи болсноор Үндсэн хуулийг гарцаагүй өөрчлөх нөхцөл бололцоо, хүчин чадал нь ч тэдний гарт байна. Яг яаж өөрчлөх гээд байх шиг байна?

-Үндсэн хууль бол нэг нам дангаараа өөрчилж болдог баримт бичиг биш. Тэр тусмаа цөөн хэдэн хүний атганд, дарамтад байдаг улс төрийн хүчний хийдэг, боддог, чаддаг зүйл огт биш.

Хэрэв тийм санаачилга, оролдлого хийгдвээс тэд өөрсдийгөө булшлах алхмаа л хийж байгаа хэрэг. Монголд Үндсэн хуулиа амиараа хамгаалаад тэмцэх эрхтэй, зоригтой иргэд дийлэнх нь шүү дээ.

-Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон, тухайн үеийн нийгэм өнөөгийнхөөс тэс өөр байсан гэдэг дуу хоолой хүчтэй явдаг л даа. Та тийм байр суурьтай хүмүүстэй санал нийлэх болов уу?

-Засаглалын хоёрдмол байдал үүсээд байгааг бид анзаарч байгаа. Монголын нийгмийг улс төрийн сонгуулиар гарч ирсэн улс төрийн хүчнээс илүү нам, хүчний байгууллага дамнасан, олон улсад өргөн гарцтай, эдийн засгийн нэгдмэл ашиг сонирхолтой бүлэглэл удирдаж, шийдэх болсныг бүгд мэдрээд эхэлсэн.

Энэ чинь засаглалын хуваарилалтад гарсан том цоорхойг л өгүүлж байгаа хэрэг юм. Энэ агуулгаар Үндсэн хуульд засаглалын хуваарилалтын асуудлаар тодорхой заалтууд оруулах шаардлага буйг үгүйсгэхгүй. Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн бүтцэд гар хүрч хэрхэвч болохгүй.

-Нэг тоосго сугалахад л нэлээд нь өөрчлөгдөж доргилт авахаар хууль бол Үндсэн хууль. Яагаад гэвэл бүхий л нийгмийн харилцааг зохицуулах хуулийн эцэг хууль нь учраас. Олон улсын жишээн дээрээс харахад ямар байдаг вэ?

-Монголын улс төрийн амьдралын энэ 25 жилийн туршлагаас харахад манайд гарч байгаа алдаанууд зөвхөн засаглалын хямралтай холбоотой байна.  Хэн  гэдэг хүн эрх  мэдэлд хүрснээс шалтгаалж ямар бүлэглэл, эдийн засгийн сонирхлыг хамгаалж гарч ирснээс үүдэн эдгээр хямралыг өдөөсөн байдаг.

Түүнээс биш Үндсэн хуулийн гүнзгий зөрчил, үзэл баримтлалын алдаатай холбоотой биш юм. Үндсэн хуульд засаглалын хуваарилалттай холбоотой тодруулгыг бол оруулах шаардлагатай. Тэндээс тоосго сугалах шаардлагагүй. Тодруулах, өнгө оруулах л тухай яриа бий. Хэн, хэзээ, яаж гэдэг нь энэ улс орны эв нэгдэл, харилцан ойлголцол, улс төрийн төв ухаанаар шийдэгдэх учиртай.

-Үүний өмнөх парламентаар Үндсэн хуулийг өөрчлөх гэж багагүй оролдсон доо. Парламентын гишүүдийн тоог 99 болгоно ч гэдэг юм уу. Тэр санаархлуудаас зөв зүйтэй, тухайн үед нь өөрчилчихсөн бол зөв байсан юм гэсэн бодол төрдөг үү?

-Парламентын хямрал байхгүй шүү дээ. Тоондоо ч биш. Засаглалын оновчтой хуваарилалт бий болгохын тулд цаг хугацаа, монголчууд бид өөрсдөө энэ бүхнийг туулж, амьдарч, давж гарах учиртай бойжилтын үе шат зайлшгүй шаардлагатай юм. Сонгуулийн тогтолцоо, улс төрийн намуудын төлөвшил энэ бүхэнд багтана.

Улс төрийн намууд маань бойжилтын нэгдүгээр шатаа ч гүйцэд даваагүй, туршлага, төрийн ухааны хангалттай капитал ч хуримтлуулж чадаагүй, үнэт зүйлс, үзэл номлол, хөтөлбөр, бодлого дээр бус хувь хүмүүс, лидерүүд, бүлэглэлийн амыг харсан байдлаар амьдарч байна. Үндсэн хуулиар амьсгалж, түүнийг амилуулах учиртай үндсэн субьектүүд нь төлөвшиж амжаагүй байхад эцэг хуулиа өөрчилнө гэж үр хүүхэд нь болох намууд, улстөрчид ааглах нь хэр ёс зүйтэй вэ гэдэг талаас нь бодох учиртай.

Хуулиа, цаг байдлаар оногдож байгаа боломжоо зөв, хариуцлагатай ашиглах, хэрэглэх тухайд л алдсан боломжууд байж дээ гэх бодол надад хааяа төрдөг. Би улстөрч хүний хувьд бодитой, боломжтой шийдлүүдэд хүрэхийг хүсдэг. Улстөрч гэдэг чинь сайн хөзрөөр хождог хүнтэй биш, муу хөзрөөр сайн тоглодог хүнтэй төстэй шуу дээ.

-Парламентын хоёр танхимтай болох ёстой гэсэн санал ч явдаг?

-Голдуу холбооны улсуудад хэрэглэгддэг тогтолцоо л доо. Нэг хэсэг нь холбоонд багтаж байгаа улсаа төлөөлж, нөгөө нь иргэдээ төлөөлж танхим бүрдүүлдэг. Манай Монгол бол тийм биш.

Утга агуулга нь тодорхойгүй, нутгархдаг, жалгын үзлийг дэврээсэн, хил заагийн маргаан, манай нүүдлийн аж ахуй, уламжлалд харшлах бүтэлгүй санаачилга ч байж мэднэ. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, шүүх засаглалынхаа харилцааг зохицуулж чадаагүй байж дахин нэгэн монстр нэмэх нь улам хямрал руу, тогтолцооны сүйрэлд хүргэж мэдэх юм

-Монголчууд түүхэндээ 1924,1940,1960,1992 онд гээд дөрвөн удаа Үндсэн хуулиа сэргээн шинээр баталсан байдаг. Тав дахь удаагийн Үндсэн хууль мэндлэх болов уу?

-Үгүй л болов уу. Үндсэн  хуульд хийх тодотгол бол харин бүх нийтийн эв нэгдэл, харилцан ойлголцол дээр тулгуурлан хийгдэх байх.

-Ерөнхийлөгчийн сонгуу лийн хуулийг Ардын намын 65 гишүүн өөрсдийнхөө таалалд нийцүүлж өөрчлөх гэж байна гэж таны зэрэг олон улстөрч үзэж байх шиг байна. Харин үүн шиг олонхийн гишүүд Үндсэн хуулийг өөрсдийнхөө таалалд нийцүүлээд өөрчлөхөөр оролдвол танай намын бүлгээс, танай намаас юу хийж Үндсэн хуулиа хамгаалж чадах вэ?

-Хэт давуу олонхийг бүрдүүлсэн улс төрийн хүчний хамгийн сул тал нь бүхнийг хүчээр шийдэх гэдэг, эрх мэдлийн сүр хүчинд мансуурч сохорсон байдал юм. Энэ бол Монголын онцлог ч биш, бүх түүхийн гашуун үнэн нь.

Чи нэг удаа бүх хүнийг хуурч чадна, бас нэг хүнийг ямагт хуурч чадах ч цаг үргэлж бүхнийг хуурч яасан ч чадахгүй учир түүхийн өмнө бурангуй шийдвэр бүрт хариу, хариуцлага тооцуулах нь гарцаагүй. Ардчилсан нам хэт олонхиор түрэмгийлэн гаргасан аливаа буруу шийдлийг таслан зогсоох олон арга зам, нөөц бололцоотой улс төрийн хүчин.

Ардчилсан намын бүлэг бүхнийг гярхай хянаж, луйвар булхай, хуудуу муу бүхнийг илчлэн зарлаж хэлэх үгээ ил тод хэлсээр байх болно.

-Таныхаар Үндсэн хуулийг энэ нь дутуу тэр нь дулимагхан юм даа, ингээд засчихвал цаашид оролдоод байх зүйлгүй цэмбэгэр хууль болно гэсэн бодол байдаг л байх. Түүнийгээ уншигчидтай хуваалцаач?

-Үндсэн хууль маань өөнтөглөөд байх зүйлгүй сайн хууль. Монголчууд бид энэ хуулийнхаа хүрээнд 25 жил амьдарлаа. Тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэр, амтыг сайн мэдэрцгээлээ. Хаана нь тодорхойгүй зүйл гарсан, тэрийг нь хэн яаж урвуулан ашигла буйг гадарлах болсон туг түүнийг тодотгоод, тодруулаад аваад явчихбал 100 жилдээ биднийг хөтлөн аваад явчих хууль шүү дээ.

Үндсэн хуульд байгаа тулгуур үзэл санааг төгс үнэн илэрхийлсэн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө нэгэн үзүүрт нийтийн зүтгэл Монголыг богинохон хугацаанд шинэчилж чадна. Шинэ Монголыг буй болгох бүх жор, санаа, хандлага бүгд тэнд хадаастай юм.

Бид үзэл номлол оновчтой, зорилго тодорхой хөтөлбөр, санаачилгыг томьёолж илэрхийлвээс иргэдийнхээ төдийгүй гадаад улсуудын итгэл сонирхлыг шинэ Монголын төлөө их хөдөлгөөнд нэгтгэж чадна шүү. Би үүнд итгэлтэй байдаг, үүний төлөө ч зүтгэх болно.

-Сонгуулийн өмнө болон дараа “МоАН Санаачилга” гэх байгууллага нэлээн идэвхжиж энэ нь таны нэртэй шууд холбогдож байна. Зорилго нь юу вэ? Та юу хийх гээд байна. Н.Алтанхуягт “Алтан гадас”, З.Энхболдод “Шонхор” байгаа шиг танд бас бус асуудлаа шийдчихээр ийм шидэт таяг хэрэгтэй болоо юу?

-Ардчилсан нам оройлон тэмцсэн 27 жилийн түүхийн үр дүн нь юу байсан гэдгийг тодруулж, сануулж, хамгаалж, хайрлах учиртай гэсэн үүднээс бидний нөхдүүд ардчиллын 10 үнэт зүйлсийг онцлон тэмдэглэж, энэ үнэт зүйлсийг дээдэлсэн хүмүүсийн чөлөөт нэгдлийг буй болгосон.

Аливаа нам, байгууллага өөрийн гэсэн үнэт зүйлстэй, түүнийгээ тойрон нэгддэг байх учиртай, тэгж байж тогтвортой байдаг зүй тогтолтой юм. “МоАН Санаачилга" ийм л үзэл санаа, хүсэл зоригоор байгуулагдсан.

Тийм ч учраас энэ санаачилгад АН-ын олон гишүүд фракц, бүлэглэл үл хамааран нэгдэж эвссэн нь манай намд нэмэлт эрч хүч, үнэ цэнийг өгсөн. Үнэт зүйлс дээр тогтож, оршиж байгаа нэгдэлд хэзээ ч фракц. бүлэглэл болдоггүй юм. Намыг хагалах, ийш тийш чангааж мэдэх халдлага, захиалгаас сэргийлсэн зөв алхам байлаа.

-Одоо “МоАН Санаачилга” ямар ажил дээр төвлөрч байна. Намын даргын марафоноос ч гарчихлаа.

-“МоАН Санаачилга” даргын болон бусад суудал, эрх мэдлийн төлөө тэмцэх гэж байгуулагдаагүй. АН ямар үнэт зүйл дээр тогтдог, хэзээ ч эдгээрийгээ мартаж болохгүйг сануулсан алхам юм.

Энэ маань ч эрчээ авсан, аливаа зөв үйл өөрөө хөдлөөд хөтлөөд аваад явчихдаг шидтэй байдаг. Аливаа байгууллага, санаачилгыг богино зайны улс төрөөр ухархан харахыг хүсэгчид худлаа л гэх байх. Гэхдээ манай нам юун дээр оршин тогтнодгийг сануулж, үүх түүхээрээ дамжуулан урагшаа харахыг сануулснаараа би бахархдаг.

-АН-ын дарга Ерөнхий лөгчид нэр дэвшихгүй гээд намынх нь удирдлагуудаас мэдэгдчихлээ. Та энэ намын Ерөнхийлөгчид нэр дэвших тун ч боломжийн кандидатын нэг. Намын даргын төлөө нэг их хүчилж зүтгээгүй таны алсын хараа ийм л нөхцөл байдлыг хүлээж байв уу? Та нэр дэвших үү?

-Би Монголын төр, түмний төлөө эргэлт буцалтгүй, сонгуулийн үр дүнгээс үл хамааран зүтгэхээ амласан цөөхөн улстөрчдийн нэг. Улс төрд цөөнгүй жил зүтгэсний хувьд АН маань үүрэг даалгавар, итгэл хариуцлага оноовол оролцохгүй, чадахгүй гэх эрх надад байхгүй.

Надад энэ улс орныхоо төлөө хийж бүтээх, санаачлан зориглох олон санаа, хөтөлбөр бий.

Монголыгоо хөгжлийн шинэ түвшинд гаргах тухай бодож, санаа нийлдэг хамтрагчидтайгаа тооцоо судалгаа хийж, хөтөлбөр зорилт боловсруулж байна. Шинэ Монголын төлөө зүтгэх боломж бүрийг би ашиглах болно.

-Нэр дэвших боломжтой гэдгээ Үндсэн хуулийн ойтой давхцуулаад ард түмэндээ зарлачих юм уу?

-Боломж дандаа байдаг. Хуулиа, ёс зүйгээ дагана. Юуг ч мэдэгдээгүй, юу ч болоогүй байхад юуг нь юу гэж зарлах билээ дээ.

-О.Баасанхүү гишүүн “Ардчилсан намынхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гээд дуугарчихвал МАН-д төмсөгдүүлчих гээд байгаа” гэж хэлсэн. Таны хувьд байдал ямар байна? Арай яг ийм байдалтай байгаа юм биш биз?

-Хийрхээд ч юм уу, бүр их хүсээд ч юм уу, элдэв мэдэгдэл хийж хоосон сүржигнэх шаардлагагүй. Намын дүрмийн хүрээнд хуулийн дагуу бүгд шийдэгдэх учиртай. Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул, их гуйсан хүнд мөнгөний өнгө бүү үзүүл гэдэг ч бил үү.

Аливаа зүйл ноён нуруутай, утга учиртай, хүндлэлтэй байх ёстой. Улстөрч хүн өндөр хариуцлага, ёс суртахууны цогцлолгүй аваас улс, түмэнд нэн хортой, уршигтай этгээд болж хувирна. Улс орныг хөгжилд хүргэх санаа оноо сэдэж, бясалгаж, хийж хэрэгжүүлэх гэж зүтгэх нь энэ цаг үеийн зөв сэдэл.

-Монголчуудын амьдрал улс төрөөс маш их хамааралтай болчихлоо. Улс төр яаж хөдөлж байна, иргэдийн амьдрал дагаад л тэнгисийн түрлэг шиг давалгаалж байна. Яаж ийм байдлаас салах вэ?

-Орлого олох ажлын байр, бүтээлчээр зүтгэж баялаг бүтээх санаачилга манайд тун тааруу байна. Ажилгүй, орлогогүй иргэд олшрох нь улс төрийн шийдлээс хамааралтай хувийг шууд л өсгөчихөж байна. Ажилтай болгох, ажлын байр бий болгох бодлого л биднийг улс төрөөс бага хамааралтай болгоно.

-Үндсэн хууль өөрчлөгдөх цаг нь болсон гэдэг шиг, манай нийгмийг өөрчлөх дараагийн хувьсгал гарах нөхцөл бололцоо аажмаар бүрдэж байна гэсэн хандлага, байр суурь гадуур их байна. Энэ талаар хувьсгалын ажилд гар бие оролцож байсан таны үзэл бодол их сонирхолтой санагдаж байна?

-Хувьсгал гарч болно оо. Юуг яах ёстой хувьсгал гэдгийг сайн мэдэхгүй байна. Засгийн эрх булаан авах зорилготой бол хувьсгал биш, төрийн эргэлт, бослого байж таарах байх.

Өнөөдөр төр барьж байгаа хэдэн хүнээс салмаар байгаа бол сонгуулийн эрх чөлөөгөө ашиглах хэрэгтэй. Түүнээс биш засаг, эрх мэдэлд шунасан бүлэг хүмүүсийн дайрлагад өртөж энэ улс орныг сүйрлийн ангал руу түлхэхийг зөвшөөрөхгүй.

Хувьсгалын зорилго, тэмцлийн агуулга чухал. Үзэл баримтлал, хөгжлийн хөтөлбөр чухал. Гарц, шийдэл, хэлцэл, зөвшилцөл чухал.

-Энэ дөрвөн жилд МАН эргээд нам төвтэй тогтолцоо бүхий нийгмийн байгуулалдаа Монгол Улсыг оруулах нь л дээ. Их олон зүйлээс ажиглагдаж байна. Тэгвэл манай Үндсэн хууль ёстой л дүр эсгэсэн Үндсэн хууль болох биш үү?

-Ардын намд ухаантай, холын хараатай улстөрчид цөөнгүй бий. Тэд энэ улс орныг нам-улс болгохгүй гэдэгт ихэд найддаг.

Ардчилсан нам зүгээр суухгүй, эрийн цээнд хүрсэн улс төрийн хүчний хувьд бүхий л арга замаар Үндсэн хуулийн үзэл санааг хамгаална.

-Дараагийн сонгууль хүртэл гурван жилийн хугацаа байна. Энэ гурван жилд 65 гишүүнтэй парламентын олонхид бүх саналаа няц даруулсаар дараагийн сонгуультай золгоход танд итгэл найдвар, дахин үзээд алдах зориг, сонирхол үлдэх болов уу?

-Би улс төрд нэг удаа ороод гарах гэж энд суугаагүй. Намайг сонгохгүй байсан ч улстөрч хүний нүдээр улс орноо, ард иргэдээ харж тэмцэж явах болно.

-Ясны улстөрч, улс төрийн амьдралыг сонгосон хүн хэзээ, ямар үед шантардаг юм бэ?

-Улс төр хэзээ ч үнэмлэхүй, хийсвэр зүйл байдаггүй. Маш хувьсамтгай бодит байдал, цаг мөчөөр шалгалт сорилт авдаг далд хүчин зүйл юм. Улс төр бол мөнхийн хөдөлгөөн, цаг үргэлж өөрчлөгдөж байдаг аварга том сүлжээ юм.

Гадаад нөхцөл байдал, дотоод үйл явдлаас гүнээ хамаарч урсдаг их мөрөн. Энэ хөдөлгөөн, өөрчлөлт, урсгалд төөрөхгүй, живэхгүй гэж нэгэнт орж ирсэн тул үзсээр л байх болно. Шантарвал живчихнэ шүү дээ.