Д.Оюунхорол: Хог хаягдлыг баялаг гэж үзэх сэтгэлгээг төлөвшүүлнэ
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол
2017.01.16

Д.Оюунхорол: Хог хаягдлыг баялаг гэж үзэх сэтгэлгээг төлөвшүүлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.12/ Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 

Хэлэлцүүлгийн эхэнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан онцлог зохицуулалтыг танилцуулсан юм. 

Монгол Улсын тогтвортой байдлын үзэл баримтлал 2030, Ногоон хөгжлийн баримт бичгүүдэд 2030 он гэхэд хог хаягдлын дахин боловсруулах хэмжээг 40 хувьд хүргэж, байгальд булж, устгах хаягдлын хэмжээг 40 хувиар бууруулах зорилтыг тавьсан.

Сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл өсөж, үйлдвэрлэл үйлчилгээний шинэ салбарууд байгуулагдаж байгаа болон иргэдийн хэрэглээ ихэсч байгаатай холбоотойгоор хог хаягдлын хэмжээ, нэр төрөл жилээс жилд нэмэгдэж байна.

Улсын хэмжээнд 2015 оны байдлаар хог хаягдлын төвлөрсөн 371 цэгт 2,3 сая тонн хог хаягдал цугларсан бол зориулалтын бус газарт 104 мянган тонн хог хаягдал хаясан, 34 мянган га талбайг бохирдуулсан байсныг цэвэрлэжээ.

Нийслэлийн гэр хороололд хүйтний улиралд ойролцоогоор 81 мянган тонн буюу нэг өрх ойролцоогоор 450 кг хог хаягдлыг шатааж агаарын бохирдолд нөлөөлж байна. Орон нутагт нийт 357 зөвшөөрөгдсөн хогийн цэг байгаагийн зөвхөн 68 нь хог хаягдлыг хөрсөөр дарж устгадаг бөгөөд бусад ил задгай хаягдаж байна.

Аюултай хог хаягдлын үүсэлтийг улсын хэмжээнд тооцож үзвэл жилд 29-58 мянган тонн байхаар тооцоо гарсан. Устгах шаардлагатай химийн бодисын тооллогоор Улаанбаатар хот, 21 аймгийн 137 суманд 237 аж ахуйн нэгж, байгууллагад хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон 369 тонн хуурай хаягдал, 69 мянган литр шингэн бодис хадгалагдаж байгаа нь тогтоогдсон.

Аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчин хангалтгүй, байгаль орчинд ээлтэй аргаар устгах барилга байгууламж байхгүйгээс ихэнх нь энгийн хог хаягдалтай хамт хогийн цэгт, зарим нь ус, хөрсөнд шууд хаягдаж, үлдсэн нь зориулалтын бус газар хадгалагдаж байна.

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой байгаа боловч цуглуулж, дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ 1 хувьд ч хүрэхгүй байгаа юм.

2012 онд батлагдсан Хог хаягдлын тухай хуульд хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих, эдийн засгийн хөшүүрэг, урамшуулах олгох харилцааг тодорхой зохицуулаагүй орхисон байна.

Хог хаягдалтай холбоотой үйл ажиллагаанд тавигдах шаардлага тодорхой бус, аюултай хог хаягдалтай холбоотой зохицуулалт хангалтгүй байгаа бөгөөд иргэдэд хог хаягдал боловсруулах талаар мэдлэг, дадлага олгох талын заалт тусгагдаагүй. Хууль тогтоомж зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжид хүлээлэх хариуцлага сул, хууль зөрчигчийг илрүүлсэн урамшууллын тогтолцоо байхгүй зэрэг дутагдалтай талууд байна.

Иймд Тогтвортой хөгжилтэй уялдуулан олон улсанд тавигдах шаардлагад нийцүүлэн хүчин төгөлдөр мөрдөж буй Хог хаягдлын тухай хуульд шинэчилсэн найруулга хийх хуулийн төслийг боловсрууллаа.

Хуулийн төсөлд төрийн захиргааны болон орон нутгийн захиргааны байгууллага, иргэн аж ахуйн нэгжийн эрх үүргийг тодорхой болгож, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагыг нарийвчлан тусгалаа.

Олон нийтэд хог хаягдлыг баялаг гэж үзэх сэтгэлгээг төлөвшүүлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин боловсруулах үйл ажиллагааг урамшууллаар дэмжих зохицуулалтыг бий болгосноор хог хаягдлыг ангилж, ялгах үйл ажиллагаа сайжирч, дахин боловсруулах үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой хүмүүс олширч, энэ чиглэлээр ЖДҮ байгуулснаар ажлын байр нэмэгдэхээс гадна хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх нөлөөлөл буурна.

Мөн аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах бүлгийг шинээр нэмж оруулсан бөгөөд аюултай хог хаядлын зохистой менежмент, тогтолцоог бий болгох боломжтой гэж үзэж байна.

Олон улсад баримталж буй үүсгэгч нь хариуцах, бохирдуулагч нь төлөх зарчмуудыг хангах зорилгоор үйлдвэрлэсэн болон импортолсон зарим бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хог хаягдлыг эргүүлэн татаж, цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах асуудлыг үйлдвэрлэгч, импортлогч хариуцах, үүсгэсэн хэмжээнээсээ хамаарч хог хаягдлын төлбөр хураамж төлөх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгалаа.