Энхболд.М Учрал.Н 2017.01.26 | Сайт: Vip76.mn

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  баталлаа
Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас өнгөрсөн оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулсан юм.

Хууль зүйн байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дэгийн хуульд заасны дагуу хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулж, редакцийн шинжтэй зарим засвар хийсний зэрэгцээ чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэгтгэн тусгаж, төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн асуултад Байнгын хорооны дарга болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нар хариулт өгсөн юм. Ингээд Байнгын хорооны саналаар Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь нь дэмжив. Мөн уг хуулийн төслийг дагалдаж өргөн мэдүүлсэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон Арбитрын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг гишүүдийн олонхи нь дэмжлээ. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд