УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.26/ Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан юм. Эцсийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү тодорхой асуудал хөндлөө. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Харилцан тохиролцсон бол Арбитраар эсвэл шүүхээр... гэж дагалдах хуулийн төслүүдэд тусгасан байна. Харилцан тохиролцох гэдгийг харилцан тохиролцож буй талын аль нэг нь өөр улсад амьдарч байгаа бол үүнийг олон улсын Арбитрын ажиллагаа гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, Арбитрын үйл ажиллагааг дотоодын болон гадаадын гэж ангилсан байх юм. Талууд гэдэгт төр орж болно. Заавал иргэн байх албагүй. Хэрэв талуудын нэг нь төр байсан тохиолдолд нөгөө тал нь гадаадын этгээд байдаг. Ингэж өөр хоорондоо хэлцэл хийж, Арбитраар шийдүүлнэ гэсэн учраас шүүхээр шийдүүлэх нь хаалттай болно гэсэн үг. Энэ тохиолдолд нэгдүгээрт Арбитр болчихож байгаа юм. Арбитраар шийдүүлнэ гэдгийг олон улсын маргаан гэж ойлгож болно. Жишээлбэл, векселиэр ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, маш олон компани шүүхэд хандаж, шийдвэр гаргуулж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд ихэнх векселиэ төлж байсан юм. Харин Арбитраар шийдүүлсэн бол бүх хөрөнгийг хаах байсан. 5 сая ам.долларын асуудлаар Лондонгийн Арбитр дээр юу болов? Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг барьцаанд тавьж, 10 сая ам.доллар буюу 20 тэрбум төгрөгийг Стандарт компанийн өмгөөллийн хөлсөнд төлсөн. Хан Ресурстай тохиролцсон гэдэг боловч үнэндээ 300 сая ам.долларын өрөнд орсон шүү дээ. Төмөр зам, V цахилгаан станц, Төрийн банк гээд олон маргаантай асуудлын нэг талд Монгол Улсын Засгийн газар, нөгөө талд гадаадын этгээд бий. Энэ мэтчилэн бид өөрсдөө гадаадынхны аманд орчихоод байна. Тиймээс “урьдчилан тохирсон бол...” гэдэг үгээр халхавч хийх хэрэггүй. Үндсэн хуульд “Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж тодорхой заасан байдаг. Ингэж заасан байхад гадаадын хөрөнгө оруулалт татах нэрээр олон улсын Арбитрын маргааныг хавтгайруулах юм бол байдал хүндэрнэ. Төрд тангараг өргөсөн гишүүд минь энэ үед л эх оронч хандаач. Энд 23 гишүүн байна. Хүний өмнөөс кноп битгий дараач.
Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт төсөл боловсруулах болсон шалтгааныг тодорхой хэлсэн юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Дагалдах хуулиудад өөрчлөлт орж байгаа талаар манай яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан тайлбар хийсэн. Тухайлбал, Газрын тосны тухай хуулийн 43,1 дэх хэсгийн “тохиолдолд гомдлоо” гэснийг “гомдлоо Арбитрийн хэлэлцээртэй бол Арбитрын журмаар бусад тохиолдолд” гэж өөрчлөхөөр заасан. 2014, 2015 онд 40 мянган иргэний хэргийг шүүхээр шийдсэн байдаг. Тэгвэл Монголын Арбитраар энэ хугацаанд 40 маргаан шийдүүлсэн байна. Тийм учраас Иргэний тухай хуульд “хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр” гэж, “шүүхэд” гэснийг “шүүх Арбитрын хэлэлцээртэй бол Арбитрын журмаар” гэж, “шүүх” гэснийг “шүүх Арбитрын” гэж өөрчлөхөөр төсөлд тусгасан. Өөрөөр хэлбэл заавал шүүхэд хандахгүйгээр эхлээд Арбитраар асуудлаа шийдэх бололцоог нээж өгье гэж байгаа юм. Өнөөдөр яагаад Арбитрын хэрэг маргаан Монголд шийдэгдэхгүй, гадаадын Арбитрыг сонгоод байна вэ гэхээр Монгол Улсын Арбитрын хууль эрх зүйн орчин сул, манай улсын хууль олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй учраас Лондон, Сингапур, Хонгконгт асуудлаа шийдүүлж байна. Хэрэв өнөөдөр дэлхийн жишигт нийцсэн, олон улсын шаардлага хангасан хуультай болсон тохиолдолд Монгол Улсдаа Арбитрын журмаар асуудлаа шийдэх боломж бүрдэнэ. Монголын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад ашигтай хууль гаргахаар зорьж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.12/ Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болоод холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн О.Баасанхүүгийн гишүүнийг байнга буруутгаад байдгаа болих хэрэгтэй, уг асуудлыг нухацтай ярилцаж байж шийдэх ёстой гэсэн байр суурьтай байлаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: УИХ-ын гишүүн О.Баасанхүүг дэмжиж байна. О.Баасанхүүг хуульч хүний хувьд хүндэтгэж байна. Уншдаггүй биш уншдаг. Тийм учраас О.Баасанхүү гэхээр л арзасхийгээд байж болохгүй. Үнэхээр Монголдоо шийдчихэж болох зүйлийг гадагшаа явж, чирэгдэл зардал гаргах хэрэг байна уу? Аль болох эндээ шийддэг байх нь зүйтэй. НҮБ-ын стандарт руу оруулж байна гэдэг чинь тийм ч сайн зүйл биш шүү. Дэлхий өөрчлөгдөж байна. НҮБ-ийг АНУ өөрөө хүлээн зөвшөөрөхөө больж байна. Тийм учраас уг асуудалд нилээд ул суурьтай хандахгүй юм бол О.Баасанхүү хэлсэн болохоор л буруу зүйл гэж байж болохгүй. Хэрэв Монголдоо шийдэх боломжтой, Монголоос мөнгө гаргахгүйгээр шийдэх боломжтой бол сайн ярьж байгаад шийдэх хэрэгтэй. Бизнесийн төлөөллүүдээс Арбитрт хандаж байсан гишүүн байвал үгээ хэл л дээ. Би Арбитрын талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ О.Баасанхүү буруу ярьж байна гэж хандмааргүй байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.12/ Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болоод холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хуулийн төсөлд хэд хэдэн уян хатан зохицуулалт орсон, НҮБ-ын загвар хуульд нийцсэн хуулийн төсөл батлагдсанаар ямар ахиц, үр дүн гарах талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүд тайлбар өглөө. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн төслийн агуулгыг мушгиж байна. Арбитраар шийдсэн асуудлыг шүүхээр давхар шийдүүлэх хэрэггүй гэж байсан мөртлөө одоо болохоор арбитраар шийдсэнээс шүүхээр шийдэх ёстой гэх юм. Хуулиа унш л даа. Бид олон улсын жишигт нийцсэн Арбитрын хуультай болохыг зорьж байна. Хэрэв НҮБ-ын загвар хуульд нийцүүлсэн энэхүү хуулийн төслийг батлачих юм бол гадаад улсын Арбитрт хандахгүй шаардлагагүй, Монгол Улсынхаа арбитрт хандах боломжтой болно. Ингэхийн тулд л уг хуулийн төслийг санаачлан боловсруулж, батлуулахаар ажиллаж байна. Өмнө нь асуудлыг ихэвчлэн шүүхээр шийдвэрлүүлдэг байсан бол арбитраар шийдүүлэх боломжийг нээж өгч байна. Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхэд хандах эрх нь нээлттэй. Ийм төрлийн уян хатан зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.12/ Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болоод холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал 2003 онд батлагдсан Арбитрын тухай хуулиас ялгаатай нь НҮБ-ын загвар хуульд нийцүүлэн хуулийн төслийг боловсруулсан болохыг тайлбарлалаа. Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Юнистралын загвар хуульд нийцүүлэн боловсруулсан. НҮБ-ын загвар хуульд нийцүүлснээр загвар хуулийг нутагшуулсан орны жагсаалтад багтах юм. Хуулийн төслийн 3,2,4 дэх хэсэгт “Нэгээс олон улсад хамаарна гэдгийг талууд тодорхой тохиролцсон тохиолдолд хийгдэх арбитрын ажиллагаа” гэж авч үзэж байгаа болохоос биш энэ нь эрхийг нь хаагаад байгаа юм биш. 2003 онд батлагдсан Арбитрын тухай хуульд Арбитрын ажиллагааны харьяаллыг зөвхөн арбитрын хуралдаан болох газар гэсэн утгаар тодорхойлдог байсан бол энэхүү шинэчилсэн найруулгын төсөлд Арбитрын ажиллагааны харьяалал гэдэг нь хаанаас ч шинжээч, гэрч томилох үйл явц өрнөсөн байлаа гээд эцэст Монгол Улсын хууль тогтоомжийг дагана гэсэн агуулгатай. Арбитрын тухай олон улсын загвар хуулийг нутагшуулсан орны жагсаалтад багтсанаар аль улсын арбитрын сонгох вэ гэдэг нь талуудын сонголт. Хуулийн төсөлд төрийн бус байгууллагын дэргэд арбитр ажиллуулж болно гэсэн санаа туссан.