Чинзориг.С 2017.02.02 | Сайт: Vip76.mn

Хэрэв та 60 нас хүртэлх малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч бол 1995 оноос хойших тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. 

Эцсийн хэлэлцүүлгийн үеэр асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй учраас хуулийн төслийг батлахаар санал хураасан юм. Ингээд санал хураалтад 46 гишүүн оролцож, 36 нь зөвшөөрч, 78,3 хувийн саналаар хуулийн төсөл батлагдлаа.

Уг хуулийг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Энэ хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан 15-60 насны иргэн хамаарна.

Ерөнхий боловсролын сургууль, их сургууль, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа малчнаар ажилласан жилд хамаарахгүй.

Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн өөр ажил эрхэлсэн хугацааа малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацаанд хамаарахгүй.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний сард нөхөн төлбөл зохих тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь тухайн үед Засгийн газар болон эрх бүхий этгээдээс батлан мөрдүүлсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцүү байна.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх ажлыг нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллага хариуцан зохион байгуулна.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний нөхөн төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлнэ.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журмыг Засгийн газар батална.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөхдөө дараах бичиг баримт бүрдүүлнэ.

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн туахй түүний оршин сууж байсан болон оршин сууж байгаа сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт

-Иргэн малчин бол энэ хуулийн үйлчлэлд хамаарах хугацааны мал тооллогын, хувиараа хөдөлмөр эрхлэгч бол Хувь хүний орлогын албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн баримт

-Иргэн, аж ахуйн нэгжийн малыг хөлсөөр маллаж байсан бол тухайн үед байгуулсан хөдөлмөрийн болон бусад гэрээний хувь

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлтээ өөрийн харьяалах сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад гаргана. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn