Н.Амарзаяа 2017.03.07 | Сайт: Vip76.mn

Н.Амарзаяа иргэдийн эрүүл мэнд, амь насны эсрэг гэмт үйлдлийг таслан зогсоохыг хүслээ

Н.Амарзаяа иргэдийн эрүүл мэнд, амь насны эсрэг гэмт үйлдлийг таслан зогсоохыг хүслээ
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанид ажилладаг хятад жолооч нар мими гэдэг бодисыг өөрийн улсаас оруулж ирж, монгол жолооч нарт худалдан борлуулсаар нилээдгүй хугацаа өнгөрчээ.

Нүүрс тээвэрлэдэг жолооч нар олон хоног тээвэрт явахын тулд хүч тамир, нойроо сэргээх зорилгоор энэ бодисыг худалдан авч, хэрэглэдэг гэсэн мэдээлэл бий. Хууль, хяналтын байгууллага энэ үйлдлийг удаа дараа зогсоохыг оролдсон ч манай улсад энэ талын эрх зүйн зохицуулалт дутмагаас болж, тус бодисыг БНХАУ-аас оруулж ирж буй, худалдан борлуулж буй, хэрэглэж буй этгээдүүдэд хариуцлага тооцож чаддаггүй байна.

Мими бодисыг худалдан авч, хэрэглэдэг, борлуулдаг хэсэг бүлэг хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх явцад шинжээчийн дүгнэлтээр бол уг бодис нь сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис биш бөгөөд эмийн түүхий эд гэжээ.

Харин нутгийн иргэд болоод зарим эх сурвалж уг бодис нь иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах эрсдэлтэй гэж үзэж байна. 

Тиймээс УИХ-ын гишүүн Н.Амарзаяа уг бодисыг нарийн шинжилгээнд оруулж, шаардлагатай гэж үзвэл "Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт"-д оруулж, хил гаалиар оруулахыг хориглох тухай дорвитой, шуурхай арга хэмжээ авч өгөхийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас хүсчээ.

Н.Амарзаяа хүсэлтдээ, "шинжээчийн дүгнэлтээр бол Эрүүгийн хуулийн 198-т заасан "Хууль бусаар эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээхийг хориглоно" гэсэн зүйл ангиар мими зардаг хүмүүст ял шийтгэх боломжгүй болоод байгаа учир "Хориглосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн" гэсэн үндэслэлээр эрүүгийн гэмт хэрэг үүсгэж болохыг дурдаад иргэдийн эрүүл мэнд, амь насны эсрэг гэмт үйлдлийг таслан зогсоож өгөөч" гэжээ.

Уг хүсэлтээ мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдад хандан уламжлаад байна. Үүний өмнө Гаалийн Ерөнхий газрын дарга, Өмнөговь аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс энэ бодисыг хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил илэрч байсан эсэх, хэрэв илэрч байсан бол ямар арга хэмжээ авч байсан талаар мэдээлэл ирүүлэхийг хүсч байжээ. 

Сэтгүүлч

"Vip expert" сэтгүүлийн редактор Г.Мөнхтуяа