Элэгний өвчнөөр шаналж буй 1000 хүнийг бодож, "Элэгний эмгэггүй Архангай" төслийг зогсоож болохгүй
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 2010-2012 онд Архангай аймгийн Засаг даргаар, 2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан учраас орон нутагтаа тулгамдсан асуудлыг сайн мэднэ.
Энэ ч агуулгаараа аймагтаа тустай зүйл хийнэ гэж бодож явдагаа нэгэнтээ илэрхийлж байсан юм. Архангай аймаг элэгний С вирус, элэгний өвчлөлөөр улсын дунджаас дээгүүрт ордог. Энэ нь элэгний өвчлөл маш өндөр биш ч цаашид ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол асуудал хүндрэхийн илэрхийлэл.
"Элэгний эмгэггүй Архангай" төслийг санаачлав
Элэгний өвчнөөр 40-65 насныхан өвчлөх өндөр магадлалтай буюу эрсдэлтэй бүлэгт тооцогддог. Ингээд тооцохоор Архангай аймагт элэгний С вирустай 2500-3000 хүн бий гэсэн урьдчилгаа судалгаа бий. Тиймээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 2016 оны долдугаар сараас эхлэн “Элэгний эмгэггүй Архангай” төслийг санаачлан хэрэгжүүлэхээр болжээ.
Төслийн эхлэл болгож, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Харвони эм үйлдвэрлэгч АНУ-ын “Gilead Science” компанид хувь гишүүний хувиар төслөө дэмжихийг хүссэн албан бичиг явуулсан байдаг.
Тус компаниас Архангай аймгийн иргэдийн эрүүл мэнд, нөхцөл байдлыг тандан судалж, гишүүний хүсэлтийг харгалзан үзээд 1000 хүнд 3000 хайрцаг Харвони эм хандивлах боломжтой талаар хариу ирүүлжээ.
Аймгийн иргэдийг шинжилгээнд хамруулав
Тэрээр “Элэгний эмгэггүй Архангай” төслөө 2016 оны 12 дугаар сарын 6-нд албан ёсоор нээлээ. Монгол Улсын Засгийн газар, Архангай аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ, Омбол ХХК-тай хамтран ажиллах болсон байна. Төслийн хүрээнд өнгөрсөн оны 12 дугаар сараас Архангай аймгийн сумдын Эрүүл мэндийн төвүүд дээр анхан шатны илрүүлэг шинжилгээ хийжээ.
Илрүүлэг шинжилгээнд аймгийн хэмжээнд 40-65 насны 21700 иргэнийг хамруулсан байна. Шинжилгээгээр Архангай аймгийн нийт ахмадын 19 хувь нь /4123 хүн/ элэгний С вирустэй гэдэг нь тогтоогдсон бөгөөд энэ нь улсын дунджаас өндөр үзүүлэлт гэж холбогдох албаны хүмүүс мэдээллээ.
Шинжилгээгээр элэгний С вирустай гэж гарсан хүмүүсийн идэвхжлийг тоолж, өндөр идэвхжилтэй хүмүүсийг эмчилгээнд оруулахаар төлөвлөжээ. Энэ ажилд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар идэвх, санаачилгатай ажилласныг дурдах хэрэгтэй. Хэрэв уг төсөл амжилттай хэрэгжвэл улсын хэмжээнд төслийн цар хүрээг өргөжүүлэх боломжтой юм.
Төсөл гацаанд ороход хүрэв
2017 оны хоёрдугаар сарын 1-нд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Засгийн газрын хуралдааны дараа “3000 хайрцаг Харвони эмийг үнэ төлбөргүй олгоно” гэсэн мэдээлэл хийлээ. Энэ нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилсан төсөл Засгийн газрын түвшинд хүрснийг илтгэнэ.
АНУ-ын “Gilead Science” компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд элэгний өвчлөл өндөр, бага орлоготой иргэдийн дунд зориулсан хөтөлбөрөө Ё.Баатарбилэгийн хүсэлтийн дагуу Архангай аймагт хэрэгжүүлэх болсон нь нийт ард иргэд биш хэсэг бүлгийн ундууцлыг хүргэв бололтой.
Тодруулбал, Оном сангийн үүсгэн байгуулагч, тус сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар “Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Учир нь хандиваар олгож байгаа Харвони эмийг жалга довны үзлээр биш улсын хэмжээнд нэн тэргүүний эмчилгээнд хамрагдах шаардлагатай эмнэлгийн ажилчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, амьжиргааны баталгаажих түвшин доогуур иргэдэд хуваарилах нь зүйтэй” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдав.
Тэрээр “Эрүүл элэг” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, 2020 он гэхэд Монгол Улсад элэгний С вирусыг бүрэн арилгах зорилготой тавин ажиллаж байгааг сайшаах нь зүйтэй. Д.Наранбаатарын хийж буй ажлыг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ тэрээр ижил зорилготой буюу элэгний өвчлөлийг бууруулах бусдын санаачилсан ажлыг дэмждэггүй юмаа гэхэд ингэж мушгин гуйвуулж байгаа нь зохисгүй юм.
Энд түүний явцуу эрх ашиг хөндөгдөж байж болох. Гэхдээ Архангайн иргэн байна уу, нийслэлийнх байна уу гэдгээс үл хамаарч, элэгний өвчнөөр шаналж буй 1000 хүнд Харвони эмийг үнэ төлбөргүй олгоно гэдгийг бодолцож үзэн төслийг гацааж боломгүй юм.
Төсөл хэрэгжүүлэгч тал, нийлүүлэгч талын хамтын ажиллагаа хэвийн явагдаж байх явцад төслийн зорилгыг гуйвуулж, иргэдэд буруу мэдээлэл өгснөөс болж, АНУ-ын тал Харвони эм хандивлахаа түр азнахад хүрээд байна.
Манай улсын хувьд харьцангуй өндөр өртөгтэйд тооцогдож буй Харвони эмийг одоогийн байдлаар АНУ, Энэтхэг улсуудын нэр бүхий компаниудаас Монгол эм импекс ХХК, Омбол ХХК, Ази Фарм ХХК, Монос ХХК тус тус нийлүүлдэг.
АНУ-ын “Gilead Science” компаниас “Хэрэв Монгол Улсын Засгийн газар манай компанийн хэрэгжүүлж буй төслийг ямар нэг байдлаар өөрчлөх гэвэл бид төслөө зогсоох нөхцөл үүсч болзошгүй” гэж Монгол дахь дистрибьютер компани болох "Омбол" ХХК-ийн удирдлагуудад мэдэгджээ.
928 мянган ам.долларын өртөг бүхий 3000 хайрцаг эмийг үнэгүй авах боломжтой шүү дээ
Элэгний С вирусын эсрэг Харвони эм манай улсад нэг курс нь анх 1200 ам.доллараар худалдаалагдаж байснаа Засгийн газрын хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 900 ам.доллар буюу өнөөдрийн ханшаар тооцвол 2 сая 232 мянган төгрөг болж хямдарсан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор уг эмийг хайрцаг тутамд 210 000 төгрөгөөр хөнгөлөхөөр шийдвэрлэсэн.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр даатгалаа шилжүүлэн тооцох боломжтой. Энэ мэт хөнгөлөлттэй нөхцөл байгаа хэдий ч элэгний эмийг иргэд тэр бүр худалдан авч чадахгүй л байна.
3000 хайрцаг эмийг хандиваар авна гэдэг нь Монголбанкны 2017 оны хоёрдугаар сарын 9-ны албан ханшаар тооцож үзвэл 2 тэрбум 302,6 сая төгрөгийн эмийг үнэгүй авна гэсэн үг.
Төсөл санаачлагч юу гэв?
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг УИХ-ын даргын захирамжаар гадаадад томилолттой яваа. Тиймээс энэ талаар өөрийн биеэр албан ёсны тайлбар өгөх боломжгүй байгаа юм. Гэхдээ тэрээр өөрийн албан ёсны фэйсвүүк хуудсаараа дамжуулан энэ асуудлаар тухай бүрт мэдээлэл өгч буй. Тун саяхан гэхэд,
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: “Засгийн газар байна уу, төрийн бус байгууллага байна уу, ер нь хэн ч бай зорилтот төсөл санаачилж, олон улсын байгууллага, нийгмийн хариуцлагатай компаниудаас дэмжлэг хүсэх нь нээлттэй байдаг.
Өнөөдөр чинь 21 дүгээр зуун. Бид чөлөөт зах зээл бүхий хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоохыг зорьж байна шүү дээ. Төслийн зорилгыг гуйвуулж, иргэдэд буруу мэдээлэл тарааснаас болж төсөл зогсвол энэ нөхдүүд хариуцлага хүлээх үү?”
гэсэн асуумж, анхааруулга бүхий пост оруулжээ.