" Эрүүл элэг" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг хуралдлаа
"Эрүүл элэг" хөтөлбөр
2015.03.27

" Эрүүл элэг" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг хуралдлаа

Эрүүл мэнд, спортын яамнаас С хепатитыг эмчлэхээр шат дараатай ажлуудыг хийж эхлээд байгаа билээ. С хепатитаар өвчилсөн 400 мянган гаруй иргэнээ эмчлэх, эрт үед нь оношлох, өвчлөлөөс урьдчилсан сэргийлэх зорилготой "Эрүүл элэг" хөтөлбөрийг цогцоор нь хэрэгжүүлэхээр Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шуурхай хурал боллоо.

С хепатитыг эмчлэхээр ЭМСЯ, “Мэргэжлийн эмч нарын холбоо” ТББ, Эм эмийн бүтээгдэхүүний компани зэрэг төрийн болон хувийн хэвшлийнхэний оролцоог тэгш ханган хамтран ажиллаж байгаа билээ. Ажлын хэсгийн нэгдсэн хуралдаанд Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, ЭМСЯ-наас байгуулагдсан ажлын хэсгийн төлөөөлөл, Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн төлөөлөл, Оном сан, Омбол компанийн төлөөллүүд оролцлоо.

Энэ ажлын хүрээнд хамгийн түрүүнд Архаг С хепатитыг эмчлэх вирүсийн эсрэг үйлчилгээтэй “Harvoni” эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд ирэх дөрөвдүгээр сард бүртгэхээр бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгааг сайдад танилцууллаа. Гилеад Сайнсес компанийн үйлдвэрлэсэн энэхүү эмийг Монгол Улсад оруулж ирэх эрх бүхий компани “Омбол” юм. Тус компанийнхан эмийг бүртгэхэд шаардлагатай бүх бичиг баримтуудыг бэлэн болгосон байна. “Harvoni” эм бүртгэгдээд орж ирэхийн өмнө эмчилгээний удирдамж гарсан байх ёстой тул ажлын хэсгийхэн удирдамжаа боловсруулж байна.

Удирдамжинд эмийг хэрхэн оруулж ирэх, хадгалах, шинжилгээгээ яаж хийх, эмчилгээг сум өрх баг аймаг нийслэл гээд хүн бүрт хүрч хийхийн тулд эмч нарыг бэлтгэх, эмчилгээний орчныг бүрдүүлэх гээд маш нарийн дэс дараатайгаар жагсаан багтаааж байгаа аж.

Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбын тушаалаар байгуулагдсан “Эрүүл элэг" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг дараагийн хурлаа ирэх дөрөвдүгээр сарын 3-нд хийхээр товлолоо. Энэ хугацаанд ажлын удирдамжаа эцсийн байдлаар батлах юм байна.

Олон нийтэд хүлээлт үүсгээд байгаа энэ үед нэгдмэл нэг бодлогоор хөтөлбөрөө хэрэгжүүлэх чиглэлийг салбарын сайд ажлын хэсгийнхэд дахин өглөө. Энэ ажил бол хамтын хариуцлага, хамтын үр дүн байх ёстой. Үр дүнг нь хүртэх эзэд нь зөвхөн монголын иргэд гэдгийг мөн онцоллоо.