Aрхаг С хепатитыг бүрэн эмчлэж чадах "Harvoni" эм Монгол Улсад удахгүй бүртгэгдэнэ
“Эрүүл Элэг” хѳтѳлбѳрийн хүрээнд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын АНУ-ын Сан Франциско, Вашингтон ДС хотуудад хийж байгаа ажлын албан айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ айлчлалыг Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Оном сан хамтран зохион байгуулж байгаа юм. Уг айлчлалын хүрээнд өчигдөр /2015.03.05/ АНУ-ын Гилеад Сайнсес компанийн Судалгаа хөгжүүлэлт хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч, Шинжлэх ухаан хариуцсан ерѳнхий захирал доктор Норберт Бишофбергер, Клиникийн судалгаа хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч доктор Жон МакХачисон болон бусад төлөөлөлтэй уулзлаа. Монгол Улсын 400 мянга гаруй хүн өвчлөн шаналж байгаа хепатитын вирүсийн халдвар тэр дундаа архаг С хепатитыг эмчлэхээр Эрүүл мэнд, спортын яам санаачлагч байгууллагуудтай хамтран “Эрүүл Элэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Хепатитын С вирүсийн эсрэг үйлчилгээтэй эмийг энэ вирүсээр шаналж байгаа иргэддээ түргэн шуурхай хүргэхийн тулд Монгол Улсын хүний эмийн бүртгэлийн журманд өөрчлөлт оруулж эмийн хатуу зохицуулалттай АНУ, Европын Холбооны Улс зэрэг ѳндѳр хѳгжилтэй улсуудад батлагдсан эмийг түргэвчилсэн замаар бүртгэхээр болсон. Энэ шинэчлэгдсэн журмын дагуу өнгөрсөн 2-р сард Хүний эмийн зөвлөлийн хуралдаж анхны эмээ бүртгэсэн нь хепатитын С вирүсийг эсрэг үйлчилгээтэй софосбувир /Гилеад Сайнсес компанийн/ байсныг Монголчууд санаж байгаа байх аа. Өчигдрийн уулзалтын хамгийн гол үр дүн нь софосбувирийн дараагийн шатны "Harvoni" эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэж, эмчилгээнд нэвтрүүлэхээр болсон явдал байлаа. "Harvoni" нь хепатитын С вирүсийн эсрэг шууд үйлчилгээтэй бөгөөд дангаар нь эмчилгээнд хэрэглэдэг, сѳрѳг нѳлѳѳ багатай, маш ѳндѳр үр дүнтэй зэрэг давуу талтай юм. Иймээс хугацаа алдалгүй өндөр үр дүнтэй энэ эмийг Монгол улсад бүртгэх нь тун чухал юм.
Ийнхүү Монгол Улсын хууль тогтоомж эмийн журмын дагуу Гилеад Сайнсес /Gilead Sciences/ компани нь албан ёсны гэрээт компаниар дамжуулан "Harvoni" эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх бүх баримт материал бүхий албан хүсэлтээ илгээсэн тохиолдолд Эрүүл мэнд, спортын яам хугацаа алдалгүй бүртгэх боломжтой гэдгээ Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба уг уулзалтан дээр мэдэгдлээ. Түүнчлэн /Gilead Sciences/ компани энэ оны дөрөв сарын эхээр холбогдох материалаа явуулан бүртгүүлэхээр тѳлѳвлѳж байгаагаа мэдэгдлээ.
Үүнээс гадна Эрүүл мэнд, спортын сайдын зөвшилцөж чадсан хамгийн гол асуудал бол "Harvoni" эмийг өмнө нь бүртгэсэн "Sovaldi" эмийн адил хөнгөлттэй үнээр авч ард иргэддээ хүргэх боломжийг бүрдүүлсэн явдал байлаа. Гилеад Сайнсес компани "Harvoni" эмийг "Sovaldi" эмэнд үзүүлсэн хөнгөлттэй үнээр “Эрүүл Элэг” хѳтѳлбѳрийн хүрээнд Монголын ард түмэнд С хепатитын эмчилгээнд нэвтрүүлэх боломжтой гэдгээ уламжиллаа.
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын АНУ-ын Сан Франциско, Вашингтон хотуудад хийж байгаа ажлын айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ганчимэг, Монголын Элэгний эмч нарын нийгэмлэгийн дэд ерѳнхийлѳгч Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Зулхүү, Монголын Элэгний эмч нарын нийгэмлэг болон Оном сангийн гүйцэтгэх захирал Анагаах ухааны доктор Д.Наранжаргал, Оном сангийн ТУЗ-ын дарга Шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар болон албаны бусад хүмүүс оролцож байна.