Л.Мөнхбаатар 2017.03.24 | Сайт: Vip76.mn

Хөвсгөл нууранд зорчих усан замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулна

Хөвсгөл нууранд зорчих усан замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулна
Хөвсгөл аймгийн Хатгал сум

Урин дулааны улирал эхэлмэгц манай улсын аялал жуулчлалын салбар идэвхждэг гэж болно. Тэр дундаа Байгалийн онгон төрхөөрөө үлдсэн цэнгэгээрээ дэлхийд 3-т, талбайн хэмжээгээрээ Азид 3-т, Монголд 2-т, гүнээрээ Азид-4-т, цэнгэг усны нөөцөөрөө Монголд 1-д ордог Хөвсгөл нуурыг зорих жуулчдын цуваа ихэсдэг. 

Өвлийн аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгоор "Хөх сувд" олон улсын мөсний баярыг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын Захиргааны санаачилгаар жил бүр зохион байгуулж байна. Мөн нуур орчимд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийнхэн ч хүйтний улиралд жуулчдыг татах оролдлого хийсээр байна. Гэхдээ нуурын ус хайлж, нууранд завь, онгоц хөвөх боломжтой болохын цагт байгалийн үзэсгэлэн бишрэх гэсэн жуулчид, тэдний сонирхолд тулгуурласан бизнес цэцэглэдэг билээ. 

2014 оны статистикаар бол Хөвсгөл нуур, Хатгал орчимд 32 жуулчны бааз, гэр буудал үйл ажиллагаа эрхэлдэг ба түүнээс гадна малчдын 3, гар урчуудын 5 бүлэг, иргэдийн нөхөрлөл 5, ШТС 3, зоогийн газар 8, талхны цех 3, автомашин болон дугуй засварын 2 ажиллаж байна.

Усан замаар зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн усан онгоц, чирэгч онгоц, чиргүүл онгоц, шумбагч онгоц, завь, бярвааз, хөвөгч төхөөрөмж, хөвөгч байгууламж гээд 100 орчим усан замын тээврийн хэрэгсэл Хөвсгөл нуураар зорчдог. 

Ийнхүү усан болон агаарын тээврийн үйлчилгээ харьцангуй сайн хөгжсөн, жуулчдын аялах таатай нөхцлөөр боломжийн хангагдсан гэж хэлж болох Хөвсгөл нуур Хатгал суманд энэ жил өмнөх оноос олон жуулчин аялна гэсэн тооцоог холбогдох байгууллага гаргажээ. 

Өсөн нэмэгдэх жуулчдын ачааллыг тооцоолон Хөвсгөл нуурт зорчих завь, онгоцнуудын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шаардлагатай байгааг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар анхаарууллаа.

Одоогоор манай улсад усан замын тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зохицуулалт сул байгаа учраас энэ олон замбараагүй завины асуудлыг боомт байгуулах замаар шийдэж болно гэж Л.Мөнхбаатар үзэж байна. Улмаар уг боомтоос усан замын тээврийн хэрэгсэл зорчих тусгай зөвшөөрөл олгож, маршрутыг тогтоодог байх боломж бий эсэхийг судалж үзэхийг салбар яаманд санал болгосон юм.

УИХ-ын 2016 оны намрын чуулганы хуралдаанаар Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлээд байгаа.

Уг хуулийн төсөлд усан замын тээврийн хэрэгслийн жолоочийг даатгалд хамруулах, жолооч, зорчигчийн сахилга бат, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, тэдэнд тавих хяналтыг сайжруулах, сургах, дадлагажуулах зэрэг зохицуулалтыг тусгасан бөгөөд гишүүний хэлсэн дээрх санааг төсөлд тусгаж болохыг судална гэдгээ Зам, тээврийн хөгжлийн сайд илэрхийлсэн юм.  

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn