Өнөөдөр /2017.05.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Лүндээжанцан нарын гишүүд зөрчлийн тухай хуультай зэрэгцэж батлагдаж байгаа хуулиудад зөрчилтэй холбоотойгоор дахин өөрчлөлт орох талаар асуусан юм. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль 5 сарын 12-нд батлагдсан бөгөөд төсөл нь зэрэг бэлтгэгдсэн хуулийн төслүүдийн зөрчлийн хэсэгт өөрчлөлт орох зайлшгүй болоод байгаа юм. Харин 7 сарын 1 буюу шинэ хуулийн төслүүд хэрэгжиж эхлэхээс өмнө эдгээр хуулийг зөрчлийн тухай хуультай нийцүүлэх арга хэмжээ авах чиг үүргийг Засгийн газарт өгсөн гэдгийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар тайвбарласан юм. зөрчлийн тухай хуультай зэрэгцэж батлагдаж байгаа уг хуулийг зөрчилтэй холбогдуулж дахин өөрчлөлт оруулах шаардлага гарах эсэхийг асууж байсан юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Усан замын тээврийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл нуурт үйлчилгээ үзүүлдэг 100 орчим завийг яаж зохицуулах талаар өөрийн саналыг дэвшүүлсэн юм. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Одоогийн байдлаар Хөвсгөл нуурт 100 орчим жижиг завь, Сүхбаатар хөлөг онгоц байна. Эдгээр завиудыг зохицуулах боломж байхгүйгээс өөрийн дур дураараа аашилдаг. Тодорхой маршрут байхгүй. Аялал жуулчлалын тодорхой хөтөлбөргүй, хэдэн жуулчин аялуулдаг. Тиймээс Усан замын тээврийн тухай хуулийг шинэчлэх нь зүйтэй. Харин Усан замын тээврийн хөдөлгөөнийг зохицуулах эрх зүйн зохицуулалт алга. Нуурт зорчиж байсан хоёр завь хоорондоо мөргөлдлөө гэхэд хэрхэн яаж шийдэх гэдгийг зохицуулах шаардлагатай. Хөвсгөлийн Хатгал орчимд хоёр завь мөргөлдөхөд хариуцлага тооцьё гэсэн ч мөрдөх хууль тогтоомж байхгүй бодит байдал үүссэн. Хуулийн төсөлд усан замын тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг салбарын сайд батлахаар оруулж ирсэн байна. Цаашид журам биш хууль болж өргөжих зайлшгүй шаардлага тулгарна. УИХ-ын нэр бүхий гишүүд энэ чиглэлийн хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан салбарын сайдаас мэргэжил, арга зүйн зөвлөгөө авах хүсэлтэй байгаагаа энэ дашрамд хэлье. Энэ олон замбараагүй завины асуудлыг боомтой болсноор шийдэж болно гэж үзэж байна. Авто вокзал гэдэгтэй адил усан замын тээврийн боомттой болгож, боомтоос маршрутыг тогтоож, зорчих зөвшөөрөл олгодог, GPS-тай, холбооны хэрэгсэлтэй байх ёстой. Энэ тал дээр бодож, төлөвлөж буй ажлууд бий юу? Хэрэв завины зохицуулалтыг сайжруулбал жуулчдын аюулгүй байдал хангагдана.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Усан замын тээврийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд аялал жуулчлал, усан тээврийн хөгжүүлэх явцад үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх ёстойг сануулсан юм. УИХ-ын гишүүн Л.Болд: Монголчууд бид онгон байгалиараа бахархдаг улс. Энэ утгаараа усан замын тээврийн үйлчилгээний талаар нарийвчилсан зохицуулалттай болсноороо энэ чиглэлийн аялал жуулчлал хөгжих боломж бүрдэх юм. Уг хуулийн төсөлд олон улсад түгээмэл тохиолддог эрсдлийг хаах ёстой. Юу гэвэл ус, усан далай гэдэг маш том эко систем. АНУ-ын Дахо нуур булингартсан шалтгаан нь өөр нуураас завь авчирч тэр нуурт тавьснаар бохирдсон байдаг. Тэр нуур бол яг л Хөвсгөл нуур шиг сайхан нуур. Гэвч анхаарал, болгоомжгүй хандсанаас болж, экологийн сүйрэл болсон. Ийм аюул тохиох магадлал бий. Нуур, уснаас дамжих халдвар усан завь, усан тээврийн хэрэгслээр дамждаг. Тиймээс экологийн энэ төрлийн аюулд өртөх эрсдлийг хаах зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгах ёстой. Тухайн нууранд тавьж буй завь, хөлөг онгоцонд шинжилгээ хийдэг лаборатори манай улсад бий юу гэвэл байхгүй шүү дээ. Тиймээс энэ мэт нуур, далайг бохирдуулахгүй байх бэлтгэл ажлыг базаах чиглэлийн зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах зайлшгүй шаардлага бий. Усан орчинд аливаа халдвар даамжирч, үрждэг. Аялал жуулчлал, усан тээврийн үйлчилгээг хөгжүүлж байна гэдгийг цаана байгаль орчноо сүйтгэхчих вий гэдгийг байнга анхаарах ёстой.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Усан замын тээврийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан товч санал хэлсэн юм. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 100 гаруй завины асуудлыг зохицуулах гэсэн жижиг хууль гэж харж болохгүй л дээ. Монгол Улс далайд гарцтай болох уу гэсэн бодлогын түвшинд асуудлыг авч үзсэн хууль байгаасай гэж хүсч байна. Завины аюулгүй байдлыг цаг алдалгүй шийдэх ёстой юу гэвэл шийдэх ёстой. Нэгд, Хөвсгөл аймгийн Ханх гээд маш том сум бий. Хөвсгөл нуураар хиллэсэн хамгийн том сум. 2000 мянга гаруй хүн амтай. Энэ сумын иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх эсэх асуудал бол усан замын хөгжилтэй шууд холбоотой гэж үзэж байна. Тиймээс Усан замын тээврийн тухай хууль гаргахдаа зайлшгүй Хатгал, Ханх хоёрын хооронд явдаг тээврийн үйлчилгээг шийдэж өгөх ёстой. Уг үйлчилгээг хувийн компаниар гүйцэтгүүлж болно. Өөрөөр хэлбэл, өөрөө хөрөнгө оруулалтаа хийж, үйл ажиллагаагаа явуулдаг хэлбэрээр шийдэх боломжтой. Хоёрт, Усан замын тээврийн үйлчилгээг эрхлэхэд олгох тусгай зөвшөөрлийг анхнаасаа нарийн чанга шалгуураар олгох ёстой. Ялангуяа том онгоц оруулж ирэх гэж байгаа компани болгонд тусгай зөвшөөрөл битгий олго. Хэрэв ингэвэл цахилгаан станцын жишээтэй адилхан болно. 60 гаруй цахилгаан станц барих тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Нэг нь ч баригддаггүй. Тиймээс төр өөрөө сонгон шалгаруулалт явуулж, шалгарсан компанитай 5-10 жилийн хугацаатай урт гэрээ хийвэл Хөвсгөл нуур, нуур орчмын нутаг дэвсгэрт томоохон хөрөнгө оруулалт орох нөхцөл, боломж бий.