Бат-эрдэнэ.Ж 2017.03.28 | Сайт: Vip76.mn

Иргэдтэй хийх уулзалт үргэлжилсээр

Иргэдтэй хийх уулзалт үргэлжилсээр
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тойргийн иргэдтэй уулзалт хийх үеэр

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн иргэдтэйгээ уулзах уулзалт үргэлжилсээр. Тэрээр одоогоор Булган аймгийн Хангал, Хишиг-Өндөр, Могод, Гурванбулаг сумын иргэдтэй уулзаад байна.

Тодруулбал, Хангал сумын 2-р багийн малчид малыг эрүүлжүүлэх, малын ашиг шим, гарцыг сайжруулах талаар анхааралдаа авч, энэ тал дээр дэмжихийг гишүүнээс хүсч байсан. Тэгвэл тус сумын 4-р баг буюу Хялганат тосгоны иргэд ойн аж ахуйг дэмжих улмаар модон эдлэлийн үйлдвэрлэлийг дэмжих, жимс жимсгэнэ, зөгийн аж ахуй, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэллээ.

Хялганат тосгон нь нутаг дэвсгэрийн хэмжээ жижиг ч хүн ам их суурьшсан онцлогтой. Тиймээс ч тосгоны иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай болж байна. Хангал суманд цас их орж, өвөлжилт хүндэрсэн боловч малчдын арга ухааны хүчээр хүндрэлийг даван туулж, түрүүчээсээ төлөө хүлээн авч эхэлжээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дараагийн уулзалт Булган аймгийн Хишиг-Өндөр суманд боллоо. Тус сумын Тээг багийн малчид гишүүнийг зорин урьж уулзаж байгааг сайшааж, малчин хүний хөдөлмөрийг үнэлж, дэмжсэнээр хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмрээ оруулсаар байх болно гэж өөрсдийн байр суурийг илэрхийлж байлаа.

Могод сумын малчин бүсгүйчүүдийн хөдөлмөр, аж байдалтай танилцсан нь түүний дараагийн уулзалт байсан юм. Малчин бүсгүйчүүдийн хувьд мал сүргээ таван төрөлд өсгөн үржүүлэхээс гадна үр хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлэх давхар үүрэг ногддог. Тиймээс тэдний хөдөлмөрийг бодитой үнэлэх бодлого хэрэгтэй байгааг эрхэм гишүүнд уламжилж байсан юм.

Өнөөдөр тэрээр Гурванбулаг сумын Тогоо, Агт багийн малчидтай уулзжээ. Тус суманд малын цэцэг өвчин дэгдэж, энэ өвөл багагүй хүндрэлтэй нөхцөл байдалтай нүүр тулсан байна. Тиймээс малын эрүүл мэндэд онцгой анхаарах хэрэгтэй байгааг малчид учирлаад малын эрүүл мэнд гэдэг зөвхөн малчдын асуудал биш хүн амын хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндтэй шууд холбоотой болохыг хэлж байлаа.

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn