Ундраа.А 2017.03.31 | Сайт: Vip76.mn

Сурагчид бүтээлч сэтгэлгээ, ур чадвараараа өрсөлдөж байна

Сурагчид бүтээлч сэтгэлгээ, ур чадвараараа өрсөлдөж байна
Баянгол дүүргийн Лаборатори Ганзам 20 дугаар сургууль

Нийслэлийн техник технологийн олимпиадыг 23 дахь жилдээ зохион байгуулж байна. Олимпиад энэ сарын 30, 31-ний өдрүүдэд Баянгол дүүргийн Лаборатори Ганзам 20 дугаар сургуульд болж байна.

Дизайн технологи-зураг зүй, техник спорт, дүрслэх урлаг гэсэн үндсэн гурван төрлөөр нийслэлийн ЕБС-ийн багш нар, 10-12 дугаар ангийн сурагчид өрсөлдөж байна. Төрөл тус бүрт оролцогчид онолын шалгалт тест-бодлого, ур чадварын дадлага ажил хийж гүйцэтгэнэ. Тодруулбал,

Дизайн технологи-зураг зүйн төрөлд эмэгтэй үндэсний загвартай гоёлын даашинзны загвар зохион бүтээх бол эрэгтэй сурагчид шоо цуглуулагч автомат зохион бүтээнэ. Тэгвэл техник спортын төрөлд сурагчид нисэх онгоц, усан онгоц, автомашины загвар хийнэ.

Дүрслэх урлагийн төрөлд багш нар “Үл мартагдах өв” сэдвээр уран зураг, монгол зураг, зураасан зураг, баримал, сийлбэр, арьсан урлалын аль нэгийг хийж ирсэн байх бөгөөд ур чадварыг нь шалгах үүднээс натюрморт тавьж зуруулах юм. Сурагчдын тухайд “Эко ирээдүй” сэдвээр бүтээл хийж ирсэн байх бөгөөд ур чадварын шалгалт болгож, натюртморт хийж гүйцэтгэнэ.

Нийслэлийн техник технологийн олимпиадад амжилттай оролцсон эхний зургаан байрны сурагчид улсын олимпиадад оролцох эрхтэй болно. 7, 8 дугаар байранд шалгарсан сурагчдыг ивээн тэтгэгчдийн шагналаар урамшуулна.

Уг олимпиадыг Нийслэлийн боловсролын газар, Монголын зураг технологийн багш нарын холбоо, Баянгол дүүргийн Лаборатори Ган зам 20 дугаар сургууль, Монголын Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын холбоо хамтран зохион байгуулж байна.

Өчигдөр болсон олимпиадын нээлтэд УИХ-ын гишүүн А.Ундраа оролцсон юм. Тэрээр “Бүтээлч сэтгэлгээ-хөгжлийн үндэс. Залуусаа дэмжицгээе” гээд олимпиадад оролцож буй 600 орчим сурагчдад амжилт хүслээ. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn