“ЗААГ” номын нээлт боллоо
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын бичсэн “ЗААГ” ном СТӨ-нд нээлтээ хийлээ. “ЗААГ” номын зохиолч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва уг номоо дөрвөн жилийн хугацаанд бичиж, уншигчдын гарт хүргэж байна.
УИХ-ын гишүүн, “ЗААГ” номын зохиолч Д.Тэрбишдагваас баярын сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр хэлэхдээ “Би өнөөдөр дөрвөн жилийнхээ хөдөлмөрийг уншигчдаараа үнэлүүлэх гэж байна. Буурал дээдсийн хэлдгээр магнайгаа хагартал баярлаж байна. “ЗААГ” номоо бичих гэж олон хоног нойргүй хонож, түүх шаштир судалж бичлээ. Ном бичнэ гэдэг бэлэн жор байдаггүй юм байна. Жорыг өөрөө зохиох ёстой учраас, өөрийнхөө амьдралтайгаа холбож бичсэн.
Миний 60 жилийн амьдрал бол монголын 60 жилийн түүх гэсэн үг. Монголын сүүлийн 60 гаруй жилийн түүхийг өөрийнхөө амьдралтай холбож бичсэн. Социалист монголын ид бүтээн байгуулалтын үед сурч ажиллаж амьдарч байсан. Капиталист монгол орны үед ид бүтээн байгуулалтад оролцож байсан. Мөн Германд Улсад мөн сурч, элчин сайдаар хүртэл ажиллаж байлаа. Тэгэхээр энэ улс орны зааг ялгаа юу байна, дэлхий ертөнцийг зааглаж байсан, хоёр Германыг, Берлин хотыг ч мөн зааглаж байсан хүйтэн дайны сүүдэр тэр ханыг би нураалцаж байсан.
Алх барилцаж, нураалцаж байсан түүхээ эргээд харахад 28 жилийн өмнө хана нураад хоёр Герман улс маш хөгжилтэй орон болсон . Гэтэл манай 3 сая хүн амтай, энэ их баялагтай, оюунлаг, малтай ард түмнийг юу зааглаад байгаа юм бэ, бидний дунд ямар хана босчихсон юм бэ. Энэ хэрэгтэй хэрэггүй хана, дотоод сэтгэлгээнийхээ ханыг нураачих юм бол манай улс хөгжчих юм биш үү. Монголын эрин цаг эргэж ирнэ. Ирэхдээ манлайлж ирнэ гэдэг утга агуулагатай ном бичсэн” хэмээн хэллээ.