2017.04.17

Ё.Баатарбилэг: Ипотекийн зээлд найдсан иргэд хүнд байдалд ороод байна

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийнхэрэгжилт, гэр хорооллын дахинтөлөвлөлтийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийталаар Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярт тавьсан асуулгын хариуг сонсов. Үүний дагуу хэд хэдэн гишүүд санал бодлоо илэрхийллээ.

Уг мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэд хэдэн зүйл тодруулахыг хүслээ.

Тэрээр ипотекийн зээлд найдан орон сууцандаа орчихсон иргэд, барилга барьсан аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орсоныг онцолж, энэ асуудлаас гарахад шаардагдах хөрөнгөний хэмжээг асуусан юм.

Мөн хот суурин газрын хэсэгчилсэн төлөвлөлт сая УИХ-аар зөвлөлдөх санал асуулгын тухай хууль баталсан. Энэ хуулинд орон нутгийн сангаас хэрэгжүүлэх төсөл,  хот суурин газрын хэсэгчилсэн төлөвлөгөөг зөвлөлдөх санал асуулгын журмаар хэрэгжүүлнэ гэж хууль баталсан. Энэ асуудал дээр ямар байр суурьтай байгааг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяраас асуулаа.

Үүний хариуд салбарын сайд Г.Мөнхбаяр хангалттай хөрөнгө төсөв байхгүй байгааг мэдэгдлээ. Түүний мэдээлснээр ипотекийн хөтөлбөр асуудалгүй явагдахад жилд нэг их наяд хэрэгтэй байгаа юм. 

"Өнөөдрийг хүртэл Монголбанк өөрийн эргэн төлөлтийн эх үүсвэрээр 30-35 тэрбум төгрөг гаргаад явж байна. 2017 онд Улсын төсвөөс 300 тэрбумыг ипотекийн зориулалтаар гаргана. Би УИХ-ын гишүүд, Төсвийн байнгын хороон дээр ядаж 600 тэрбум болгох хүсэлтийг олон гаргасан. Гэвч эх үүсвэр хязгаартай байгаа учир энэ жил 300 тэрбумыг л бид гаргана. Ядаж 600 байвал УБ хотод 400 тэрбум, орон нутагт 200 тэрбумыг 5 хувийн хүүтэйгээр явуулахаар санал гаргаж өгсөн боловч төсөв хүрсэнгүй" гэж салбарын сайд онцоллоо.