Болд.Л 2017.04.20 | Сайт: Vip76.mn

Ганц хүсэлт, тоймгүй хязгаарлалт

Ганц хүсэлт, тоймгүй хязгаарлалт
УИХ-ын гишүүн Л.Болд

Өнөөдөр "Ардчиллын алтан хараацай"-нуудын нэг Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн өдөр.

Энэ өдөр УИХ-ын гишүүн Л.Болд "Зориг агсан бол Монголын ард түмний баатар. Өнөөдрийн ардчилал, эрх чөлөө, иргэний нийгмийн байгуулахад түүчээ болсон их үйлсийн баатар" хэмээн парламентын танхимд түүнийг нэхэн санууллаа. 

Тэрээр хүний эрхийн төлөө дуу хоолой болдогийн хувьд, өнгөрсөн парламентад Хүний эрхийн дэд хорооны даргаар ажиллаж байсны хувьд, ардчилсан хувьсгалын үйл хэрэгт хувь нэмрээ оруулсны хувьд Зориг агсны хэрэгт анхаарлаа хандуулсаар ирсэн. Тэр дундаа энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой гэсэн зарчмын хатуу байр суурьтай байдаг. Энэ тухайгаа ч удаа дараа мэдэгдэж байсан. 

Өмнө нь Зоригийн хэргийг УИХ-аар хэлэлцүүлье гэхээр прокурорын шатандаа явж байгаа учраас хэлэлцэх боломжгүй гэсэн тайлбар өгдөг байсан бол одоо анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан тул УИХ-аар хэлэлцэх боломжтой болсон гэж УИХ-ын гишүүн Л.Болд үзэж байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулж шууд хэлэлцэх эсвэл Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх, үгүй бол УИХ-аас ажлын хэсэг гарах гэсэн гурван боломжит хувилбар байгааг санал болгов. 

УИХ-ын гишүүн Л.Болд Олон улсын парламентын холбооны Ази-Номхон далайн бүсийг нэгэнтээ хариуцаж байсан, саяхан УИХ-ын дарга уг холбооны чуулганд өөрийн биеэр оролцсон байдаг. Тус холбооноос Зоригийн үнэн мөнийг олж тогтооход Монголын парламент анхаарал хандуулах нь зүйтэй гэсэн агуулгатай 40-өөд тогтоол гаргажээ.

Тиймээс Олон улсын парламентын холбооны тогтоолд хариу өгөх, эргэлзээтэй олон асуултад хариулт олох тэр дундаа хэргийн захиалагчийг тодорхой болгох шаардлагатай байгаа учраас Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлыг УИХ-аар хэлэлцэхийг УИХ-ын гишүүн Л.Болд УИХ-ын даргаас хүслээ. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn