Цогзолмаа.Ц 2017.05.12 | Сайт: Vip76.mn

Ц.Цогзолмаа: Тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгт багшлах боловсон хүчин, санхүүжилт хүрэлцээгүй байна

Өнөөдөр /2017 оны 05 сарын 12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг танилцууллаа.

Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хийж, УИХ-ын гишүүдэд танхилцууллаа.

НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалангийн тогтоолоор ажлын хэсэг гарган ЕБ-ын тусгай хэрэгцээтэй 25, 29, 55, 63, 70, , 116-р сургууль, 10, 186-р цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай ажлын хэсгийн гишүүд газар дээр нь очиж танилцжээ.

Ажлын хэсгийн УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа ахлан УИХ-ын гишүүн М.Билэгт, О.Баасанхүү, Б.Саранчимэг, Н.Учрал нарын гишүүд оролцон ажилласан юм.

2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн баталсан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцахад зарим талаараа хангалтгүй байгаа байдал ажиглагдсан.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 101730 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 10 гаруй хувийг хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд ЕБ-ын дээрх тусгай сургуулиудад 1658 хүүхэд, сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгт 402 хүүхэд тус тус суралцаж хүмүүжиж байна.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа тэргүүтэй ажлын хэсэг болон холбогдох байгууллагын төлөөлөгчид ЕБ-ын тусгай хэрэгцээтэй 25, 29, 55, 63, 70, 116-р сургууль, 10, 186-р цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай ажлын хэсгийн гишүүд газар дээр нь очиж танилцсан юм.

Ц.ЦОГЗОЛМАА: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛ МАШ ХҮНД БАЙНА.

Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, үнэлэх асуудлыг хуульчилсан ч гэсэн бодит байдал дээр хэрэгжилт маань хангалтгүй, эдгээр хүүхдүүдийн сургалт, эмчилгээний тоног төхөөрөмж, эмийн зардал, тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгт багшлах боловсон хүчин, санхүүжилт хүрэлцээгүй байгаагаас тусгай сургуулиуд өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан ажилладаг бөгөөд энэ нь нилээд учир дутагдалтай, хүндрэлтэй байгаад бид анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхэд амьдарч байгаа гэр бүлийн амьдрал өнөөдөр маш хүнд байгааг эцэг эхчүүд хэлж, учирлаж, тайлбарлаж байсан.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй.

Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж байгаа эцэг эхийн аль нэг нь хүүхдээ асарч хараад, ажил хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй байдаг бөгөөд тухайн хүүхдийн эм эмчилгээ, сувилгаанд нилээд их хэмжээний мөнгө санхүүгийн эх үүсвэр шаардлагатай болдог нь тэр айлын санхүүгийн хүндрэлтэй байдалд оруулдаг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгүүдийн багш нарыг бэлтгэх, цалин урамшууллыг нэмэгдүүлэх, хүүхдээ асарч байгаа эцэг эхчүүдийн асаргааны зардал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжийг, үе шаттайгаар тодорхой түвшинд нэмэгдүүлэх, хүний нөөцийн бодлого бэлтгэх, сургалтын орчин, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, санхүүгийн хүрээнд шийдвэрлэх зохих олон тулгамдсан асуудлууд байгаа юм. Иймд дээд дурдсан асуудлуудыг шийдвэрлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсрууллаа.

Уг тогтоолын төсөл батлагдсанаар нийгэмд ямар нэгэн сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт хангагдхад маш бодитой дэмжлэг болно.