Болд.Л 2017.05.12 | Сайт: Vip76.mn

Л.Болд 29-р сургуулийн асуудалд тайлбар өгөхийг шаардлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.05.12/ эхэллээ. Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд тогтоолын төслийг тунхаглалийн шинжтэй болох вий хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Л.БОЛД: ЭНЭ БАЙДЛААР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ХОХИРСОН ЧИГЭЭР ҮЛДЭНЭ

Засгийн газрын өгч байгаа хариултад сэтгэл дундуур байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийг засгийн газар өөрөө санаачлах хэрэгтэй байсан юм. Засгийн газар санаачлахгүй болохоор гишүүд энэ асуудлаар өргөн судалгаа хийгээд, хэлэлцээд явж байна. Гэтэл Засгийн газар УИХ-ын гишүүдийг шүүмжлэх шинжтэй байна. Бас санхүүгийн хувьд бололцоогүй гэж байна. Үндсэндээ энэ тогтоол хоосон, тунхаглал болж хувирах гэж байна. Энэ асуудалд их хэмжээний мөнгө огт хэрэггүй.

Нийгэмд тулгамдсан асуудлаар Засгийн газрыг хүлээлгүй өөрсдөө ярьж хэлэлцэн, бодитой шийдвэр гаргаж, түүнийг нь Засгийн газар хүлээж авч, арга хэмжээ авах хэрэгтэй.

Тулгамдсан асуудал их олон байна. Сүүлийн үед 29-р сургуулийг тойрсон үйл явдлыг л харахад илт байна. Сурагчид нь өөрсдөө аргаа бараад эсэргүүцлээ илэрхийлж байна. Үнэхээр тэр хүүхдүүдийг ямар байдлаар үл тоомсорлож, доромжилж, нүднээс гадна үзэж байгаа талаар тайлбар өгмөөр байна.

Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хүн шиг аваад явж чадахгүй бол энэ нийгэм, улс цаашид ямар замаар явах нь эргэлзээтэй зүйл болж байна. Энэ тогтоолд тавьж байгаа заалтуудыг бололцоогүй, мөнгөгүй, хууль эрхзүйн хувьд үндэслэл алга гэж хойшлуулсан хэвээр байх уу эсвэл асуудал болгож дэвшүүлээд, арга хэмжээ аваад, УИХ-аар оруулж хэлэлцүүлээд, төсөв мөнгийг ярилцаж шийдэх үү?  Энэ байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд хохирсон чигээр үлдэнэ. Энэ тогтоол ч тунхаглалын шинж чанартай болж хувирна.

Н.НОМТОЙБАЯР: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨ МАШ ОЛОН АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙГАА

0-16 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа асрагчид нь өгөх тэтгэмжийг нэмэгдүүлж, амьжиргааны дундаж түвшинд авч ирэх асуудал яригдаж байгаа. Шаардлагатай санхүү, төсвийн тооцоо судалгааг гаргасан.

Хөгжийн бэрхшээлтэй иргэдийн талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд та шүүмжлэлтэй хандаж байна. Үндэсний зөвлөлийн даргаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөрөө ахалж байгаа. Хуралдааныг зохион байгуулж, зохих шийдвэрүүдийг гаргаад, байнгын хороогоор хэлэлцэж тогтмол ажиллаж байгаа. Энэ Засгийн газар хөгжлийн бэршээлтэй иргэдийн талаар ямар шат дараалалтай арга хэмжээ авч байгааг тэд дүгнэвэл илүү бодит дүгнэлт гарна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зовлон, жаргалыг энд улстөржүүлэх шаардлага байхгүй. Тэдний төлөө маш олон арга хэмжээ  авч байгаа. Танд тусгайлан төлөвлөлт болон түүний хэрэгжилтийг хангаж байгаа байдлын тайланг хүргүүлье.

Л.БОЛД: БИД БОДИТ БАЙДЛЫГ ХАРСНЫ ҮНДСЭН ДЭЭР ЯРЬЖ БАЙНА

УИХ-ын гишүүдийг дээрэлхэж, доромжлох хэрэггүй. Та нар боломжгүй, арга хэмжээ авахгүй л гэсэн хариулт өгсөн байна. Та ямар нэгэн тэтгэмж, зөвлөгөөн, хэлэлцүүлэг ярьж байна. Гэтэл бид яг сургууль дээр нь очиж үзчихээд, байдлыг өөрсдийн нүдээр харичхаад аргаа бараад тогтоол оруулж ирж байна. Энэ тогтоолыг Н.Номтойбаяр өөрөө оруулж байх ёстой байсан. Таны өмнөөс ажил хийсний төлөө гишүүдийг доош нь хийж, улстөржлөө гэж шүүмжилж болохгүй.

Зөрчлийн хуулиар ямар өөрчлөлт орсныг хараарай. Энэ байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрхээ ч эдлэх бололцоогүй байна.