Учрал.Н 2017.05.12 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжлээ

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2017.05.12) хуралдан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёолол гараагүй, харин УИХ-ын гишүүн Н.Учрал Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргав. Уг саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ. Иймд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулсан юм.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хууль болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжив хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.