Учрал.Н 2017.05.24 | Сайт: Vip76.mn

Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл олов

УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар СХД-ийн 23 дугаар хороонд “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг шинэчлэх” төсөл хэрэгжиж, гурван айлд ухаалаг, эко ариун цэврийн өрөөг туршилтаар байрлуулсан юм. Өчигдөр Хотын дарга С.Батболд, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн тэргүүтэй албаны хүмүүс төслийн хэрэгжилттэй танилцлаа.

Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудал болох хөрсний бохирдлын эсрэг арга хэмжээ авах үүднээс энэхүү технологийг туршиж байгаа гэдгийг Н.Учрал онцоллоо. Тэрээр “Жил болгон хөрс, усны бохирдол  ярьж үр дүн үзэлгүй суухын оронд энэ мэт инновацийн шинэ шийдэл гаргаж, эрдэмтдээ дайчилж үзэх хэрэгтэй” хэмээсэн юм.

Уг технологи нь 100 метр радиус доторхи 30 айлд холбон бохирыг цуглуулах хүчин чадалтай. Цугласан өтгөнийг шингэлээд, гааз гарган ахуйн хэрэглээндээ хэрэглэж, үлдсэнийг нь органик бордоо болгон ашиглах боломжтой юм. Орчин үеийн шийдэл бүхий энэхүү жорлон нь 1 удаа ус татахад 0,6 литр ус шаарддаг.

Төхөөрөмжүүдийг гэр хорооллын айл өрхөөс гадна уул уурхайн компаниуд, аялал жуулчлалын бүс газруудад хэрэглэж болох санал ч гарж байсан юм.

Төслийн хэрэгжилттэй танилцсан хотын дарга С.Батболд “Энэ технологи амжилттай хэрэгжвэл Монголдоо үйлдвэр байгуулж, гаалийн зардлыг хэмнэх, цаашлаад ажлын байр гаргах боломжтой” гэж дүгнэлээ.