УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
2017.05.31

Ж.Бат-Эрдэнэ: Яамны бүтэц, зохион байгуулалт, уялдаа холбоог сайжруулах ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.31/ БСШУС-ын сайдыг огцруулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж байна. Асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ санал хэллээ.

Хариуцлага тооцох ёстой. МАН-ын УИХ-д 65 суудалтай, үнэмлэхүй олонх. МАН-ыг хариуцлагатай нам гэж үздэг. Тэр утгаараа хариуцлага тооцох нь зөв. БСШУС-ын сайд Ж.Батсуурийн хувьд олон жил аймгийн намын хороо, Засаг даргаар ажиллаж байсан. УИХ-ын гишүүн ажиллаж байсан туршлагатай. Тиймээс туршлага дутсанаас болж салбараа унагааж, алдаа дутагдал гаргасан гэж бодохгүй байна. Угтаа бол яамны үйл ажиллагаа доголдоод байна.

Сайд, дэд сайд, ТНБД, газрын дарга бол ямар ч уялдаа холбоогүй ажиллаж байгаа учраас алдаа дутагдал гарах нь ойлгомжтой. Мэдээж салбар хариуцсан сайдын хувьд үүрэг хариуцлага оногддог. Тиймээс цаашид яамны бүтэц, удирдлагуудын уялдаа холбоо, хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах хэрэгтэй.

Чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж буй хууль, тогтоолын төслийг сайд, дэд сайд нар анхаарч хардаггүй төлөв ажиглагддаг. Яамны дотоод үйл ажиллагаа сул байна. Зөвхөн яам гэлтгүй агентлаг, газруудын үйл ажиллагаанд анхаарал хандуулах ёстой.