Ж.Батсуурийг 64,3 хувийн саналаар БСШУС-ын сайдыг үүрэгт ажлаас нь огцрууллаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, Н.Учрал, Тэрбишдагва нарын 10 гаруй гишүүд үг хэлж, асуулт асуусан.
Ж.Батсуурийг огцруулав
Гишүүдийн хувьд боловсролын салбар олон жил алдаа дутагдал ихтэй явж ирсэн, хариуцлага ихээр алдагдсан бөгөөд яамны удирдлагууд, харьяа агентлаг, газрууд өөр хоорондоо харилцан уялдаагүй ажилладагаас болж олон мянган сурагч, багш, эх эхчүүдийг хохироож байгаа талаар дурдлаа. Тиймээс зөвхөн сайд гэлтгүй шат шатны удирдлагуудад хариуцлага тооцож, салбарын хөгжил, үр дүнг сайжруулах шаардлагатай гэж байлаа.
Гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа Засгийн газрын гишүүнийг огцруулах зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад 42 гишүүн оролцож, 27 гишүүн зөвшөөрч, 64,3 хувийн саналаар БСШУС-ын сайд Я.Батсуурийг үүрэгт ажлаас нь огцрууллаа.
Тэрээр 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш 10 сарын дараа огцорч буй анхны сайд болж байна.
УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газарт хандан бүх шатанд хариуцлагыг чангатгахад анхаарах нь зүйтэй, хариуцлагын тухай ярьдаг, хариуцлагыг зөөлрүүлдэг, хариуцлага байдлаас болж ямар их хохирол гарч байгааг мэдэж байгаа учраас зөвхөн Засгийн газар биш Засгийн газар өөрийн харьяа яам, агентлаг, газар, орон нутгийн хэмжээнд ажлын биелэлтийг шалгадаг, биелэлт хангаагүй бол хариуцлага тооцдог механизмыг хэвшил болгох хэрэгтэй гэлээ.
С.Чинзориг, У.Хүрэлсүх нар сайдыг огцруулах үндэслэл тодорхойгүй байна гэж үзжээ
БСШУС-ын сайдыг огцруулах талаар Ерөнхий сайдын гаргасан саналыг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат уншиж танилцуулав.
Сайдыг огцруулах Ерөнхий сайдын үндэслэл
Өнгөрсөн 10 сарын хугацаанд боловсролын салбарт удаа дараа зохисгүй үйлдэл гарч, олон нийтийг бухимдуулж, сөрөг хандлагыг бий болгосон. Энэ нь боловсролын салбарыг нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй сайдын үйл ажиллагаатай шууд холбоотой. Тухайлбал,
- Нийслэлийн 29, 116 дугаар сургуулиудын сурагчид эсэргүүцлийн жагсаал, хичээл хаялт зарласан.
- 12 дугаар ангийн математикийн шалгалтын сэдэв, даалгавар шалгалт эхлэхээс өмнө задарсан.
- Хууль тогтоомжийг биелүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, эдгээр сургуулиудад үүссэн нөхцөл байдлыг арилгаагүй, төгсөлтийн шалгалттай холбоотой оновчгүй шийдэл гаргасны улмаас шалгалтыг дахин явуулж, олон мянган сурагч, багш, эцэг, эхчүүдэд хүндрэл чирэгдэл учруулсан.
- Үүссэн асуудлыг шалгаж үзэхэд яамны удирдлагууд хоорондоо таарч ажиллаагүй, яамны аппарат хуваагдаж хоорондоо зөрөлдсөнөөс болж бодлогын хэрэгжилтийг хангах ажил алдагдсан.
- Эдгээр зөрчил дутагдлаа арилгах, яамны үйл ажиллагааг сайжруулах талаар үүрэг даалгавар өгсөн боловч хэрэгжүүлээгүй учраас Засгийн газрын итгэлийг хүлээж ажиллаж чадахгүй гэж үзжээ.
Үндсэн хуулийн 39,2 дахь хэсэг, Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 38,1 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Я.Батсуурийг огцруулах саналаа 2017 оны 5 дугаар 30-нд өргөн мэдүүлсэн байна.
Уг саналыг өнөөдөр өглөө НББСШУ-ны байнгын хороо хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг, Шадар сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нар огцруулж байгаа талаар танилцуулгад ёс зүйн болон хууль тогтоомж зөрчсөн үндэслэл тодорхойгүй байгаа тухай асуулт асууж, хариулт авчээ.
Чуулганаар БСШУС-ын сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.05.31/ эхэллээ. Хуралдааны эхэнд БСШУС-ын сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Түүнийг хэд хэдэн үндэслэлээр огцруулах болсон шалтгаанаа УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат танилцуулж байна.
Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хууль, тогтоолын төсөл тэргүүтэй 15 асуудлыг хэлэлцэнэ.
Хэлэлцэх асуудлын дараалалд Засгийн газар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр болон Энэтхэг улсын Экспорт-Импортын банктай байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батална.
Прокурорын тухай болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд танилцууллаа.