УИХ-ын гишүүн Ч.Улаан
2017.05.31

Ч.Улаан: Ялзарсан систем-аппаратын золиос нь Ж.Батсуурь боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан санал хэллээ.

Ч.Улаан: Засгийн газар сайд нартаа өндөр шаардлага тавьж ажилладгийн хувьд өнөөдрийн асуудлыг оруулж ирсэн гэж ойлгож байна. Хариуцлагатай байя гэж асуудалд хандаж, бодлогоо тодорхойлж байгааг дэмжиж байна. Танхимын зарчмаараа энэ бол бүх яам, Засгийн газрын гишүүд, төрийн албан хаагчидтай хамаатай дохио гэж бодож байна.

Ажлаа мэддэггүй, ажлаа хийдэггүй, УИХ-даа хүндэтгэлгүй ханддаг төрийн албан хаагчид олон байна.

УИХ-ын чуулган, байнгын хороогоор оруулж ирж байгаа асуудал, Засгийн газрын шийдвэртээ дүгнэлт хийх хэрэгтэй. Энэ систем өөрөө ялзарчээ. Энэ системийг эрүүлжүүлэхийн тулд дорвитой арга хэмжээ авах ёстой гэдэг утгаараа нь дэмжиж байна. Ингэж бусад яаманд шаардлага тавьж ажиллах нь зүйтэй.

Ж.Батсуурийн хувьд арай өөр бодолтой байна. Энэ хүн системийн золиос боллоо. Ялзарсан аппарат энд байгаа. Төрийн алба ийм боллоо. Шинээр томилогдсон сайд, дарга нараа дор нь өөрсдийн системийн эрэг шураг болгож, жижиг сажиг асуудлаар хөөцөлдөгч нэгэн болгодог. Цаад систем нь өөрөө хөдөлдөггүй. Системтэйгээ эвлэрэхгүй байгаа хүнийг зайлуулдаг. Баг нь Ж.Батсуурийг хүлээн авсангүй юу, Ж.Батсуурь багтаа орж ажиллаж чадсангүй юу?

Энэ бол яам, Засгийн газрын хэмжээнд бодох асуудал. Одоогийн арга барил зөв үү, үгүй юу гэдгийг бодолцох цаг болсон. Би зүгээр нэг оршил хэлээгүй. Алдаа, дутагдлыг гаргасан хүнээр нь засуулж, дараа нь бид хариуцлага тооцож болох л байсан. Өнөөдөр нэг сайдыг огцруулаад энэ асуудал зогсох учиргүй. Ялзарсан аппарат хэвээрээ үлдэх ёсгүй.

Төрийн албан хаагч ажлаа хийе гэж бодохын оронд таньдаг сайд, дарга нартаа тал засдаг, танил талаа хардаг байдлыг засах ёстой. Цаашид яг энэ жишгээр бусад яам, яамны удирдлагуудын ажлын үр дүнг хэмжиж, хянах ёстой. Тэгэхгүйгээр өмнөх гашуун сургамж давтагдана. Өмнө нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд огцорч байсан ч байдал өөрчлөгдөөгүй. Батлан хамгаалахын дэд сайдыг огцруулсан ч юу ч өөрчлөгдөөгүй. Байнгын хороод хариуцсан яамдынхаа үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх цаг нь болсон гэж үзэж байна.