Аюурсайхан.Т 2017.06.08 | Сайт: Vip76.mn

3,1 их наяд төгрөгийг юунд зарцуулсан бэ?

3,1 их наяд төгрөгийг юунд зарцуулсан бэ?

Өнөөдөр /2017.06.08/ УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Эдийн засгийн байнгын хороо 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрийн зориулалт, зарцуулалт хэрэгжилт, санхүүгийн хэлцлүүдийн үр дүнд шалгалт хийх  ажлын хэсгийг байгуулан ажилласан билээ. Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хийсэн юм.

Хяналт шалгалтын явцад хамарсан хугацаанд Монголбанкны алдагдал жилд 2-3 дахин нэмэгдсэнээр 2012-2016 онд 3 их наяд 19 тэрбум  300 сая төгрөгийн хуримтлагдсан алдагдал үүссэн байна.

Төв банк, Монголбанкны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1-т Монголбанкны пассив нь актив хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд Засгийн газрын үнэт цаас гаргах замаар уг зөрүүг нөхөх асуудлыг УИХ шийдвэрлэнэ гэж заасны дагуу Монголбанкны алдагдлыг Засгийн газар хариуцан нөхөж байх зохицуулалттай тул Монголбанкны алдагдлыг улсын төсвөөс хаах нөхцөл байдал үүссэн байна. Монгол Улсын нэгдсэн төсөвийн ачааллаас үүдэж уг алдагдлыг улсын төсвөөс хаах боломжгүй учир Монголбанкны хуримтлагдсан алдагдлыг хэрхэн барагдуулах талаар болон уг алдагдлыг үүсгэсэн, улмаар төрд хохирол учруулсан этгээдэд хуулийн хариуцлага тооцоход тогтоолын төсөл чиглэжээ.

2012-2016 онд Монголбанкнаас төв банк монголбанкны тухай хуулийн 5-р зүйлийг тогтоосон үйл ажиллагааны чиглэлд заагдаагүй үйл ажиллагааг явуулсан, мөн хуулийн 23 дугаар зүйлээр хориглосон үйл ажиллагааг явуулсан, монгол улсын хүчин төгөлдөр хууль, эрхзүйн актыг хэрэгжүүлэхдээ албан тушаалын байдлаа урвуулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн, албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас төрд онц их хэмжээний хохирол учирч Монголбанкны 3 их наяд 19 тэрбум 300 сая төгрөгийн хуримтлагдсан алдагдал үүссэн байна.

Уг үндэслэлээр холбогдох этгээдийг буюу тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд хуулийн хариуцлага тооцуулах, хохирлыг барагдуулах арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм.

Монголбанкны зүгээс шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлдэггүй, Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар хууль давуулж батлагдсан, Монголбанкан дахь төрийн болон байгууллагын нууц, аюулгүй байдлыг хамгаалах журам, Монголбанкны үйл ажиллагаанд хамаарах төрийн болон байгууллагын нууцыг хамгаалах журмын дагуу нууцлах шаардлагагүй мэдээллийг нуун дарагдуулж, хуульд нийцээгүй үйл ажиллагааг далдалж байсан.

Монголбанкны эрдэнэсийн сангийн эд зүйлсийг холбогдох журмыг зөрчиж, бусдад тараах, хуваарилах, тус санд зах зээлийн үнэлгээнээс олон дахин өндөр үнээр эд зүйлс авсан үйлдлүүд тогтоогдсон.

Монголбанкны нийгмийн хөгжлийн санд 2012-2015 онд нийт 10 тэрбум төгрөг төсөвлөж, ажилтнуудад үзүүлсэн орон сууцны зээлийн дэмжлэгт 4,1 тэрбум төгрөг, тусламж тэтгэмжид 3,4 тэрбум төгрөг шагналд 0,5 тэрбум төгрөг баяр ёслолын арга хэмжээнд 0,5 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Монголбанкнаас өмнө орон сууц авсан хүнд дахин орон сууцны дэмжлэг үзүүлэх, үндэслэл шалтгаангүй шагнал тэтгэмж, тусламж олгох, цөөн хүнд олон удаа тусламж, дэмжлэг үзүүлж байсан. Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн санхүүжилтэд нийт дүн 3,6 их наяд төгрөгийг зарцуулсан.

МУ-ын Засгийн газар Монголбанкнаас хамтран хэрэгжүүлсэн гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд 13 аж ахуйн нэгжийг хууль бусаар сонгон шалгаруулж, 127,2 тэрбум төгрөгний хөнгөлөлттэй зээлийг олгосон. 

Дээр дурдсан зөрчлийг арилгах, төрд учирсан хохирлыг барагдуулах, холбогдох этгээдтэй хуулийн хариуцлага тооцуулах арга хэмжээ авахад чиглэгдсэн УИХ-ын тогтоолын төслийг ажлын хэсгээс боловсруулж танилцуулж байна.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn