УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.06.08

О.Баасанхүү: Гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.08/ Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэллээ.

Монгол Улсад хэмжээгүй эрхтэй хоёр хүн байгаагийн нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, нөгөө нь Монголбанкны Ерөнхийлөгч. Төвбанкны тухай хуулийг харахаар яахын аргагүй Монголбанкны Ерөнхийлөгч бие даан шийдвэр гаргах эрхтэй байдаг. Банкны зах зээлийг УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн шалгалтын үр дүнгээр шууд дүгнэж байгаа нь буруу байх.

Би хуульч хүн. Эдийн засгийг сайн ойлгохгүй. Зээл олгох, хөрөнгө оруулах процесс бол зах зээлийн жамаар явж байгаа. Гэтэл УИХ-ын гишүүд бүгд л эдийн засагч болчихсон, төсөв санхүүтэй холбоотой тоо баримтыг цэг таслал алдалгүй ярьж байгаа нь ойлгомжгүй бөгөөд болгоомжтой хандах хэрэгтэй.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшил худалдан авсантай холбогдуулан 400 сая ам.долларыг яаж олсон талаар УИХ-аас ажлын хэсэг гарч олж тогтоосон. Гэтэл энэ удаад зарим зүйлийг нууцаж байна. Юуг нууцлах, юуг нууцлахгүйгээ ялгаж салгах хэрэгтэй.

Миний хувьд Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг огт дэмжиж байгаагүй. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г.Уянга бид хамтран огцрох ёстой гэж мэдэгдэж байсан. Тиймээс энэ хүн хариуцлага хүлээх ёстой гэдэг дээр маш хатуу зарчмын байр суурьтай байна.

Хамгийн гол нь маш бага хүүтэй зээл олгох ААН-үүдийг ямар шалгуураар сонгосон гэдгийг ажлын хэсэг гаргаж ирээгүй. Цаашид бизнес эрхлэгчдийг дэмжих олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх байх. Эдгээр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ААН-д тавих хяналт, шалгуураа тодорхой болгохгүйгээр бизнес эрхлэгчдээ үзэн ядаж болохгүй.

Бид хууль батлах гэж байна. Хууль тогтоомж гаргах, түүнийг хүчингүй болгох эрх зөвхөн УИХ-д хадгалагддаг. Энэ удаагийн тогтоолын гол агуулгыг Н.Золжаргалд хариуцлага тооцох гэж тайлбарлаад байгаа юм. Миний хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэж үзэж байна.

Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн тулд хохирогч байгууллага гомдол гаргаж, хууль хяналтын байгууллагад хандах хэрэгтэй. Энэ явцад хөндлөнгөөс УИХ нөлөөлж болохгүй. Харин УИХ бол төсөв санхүү, тоо баримтыг нягталж, үүнийгээ хууль хяналтын байгууллагад гаргаж өгөх хэрэгтэй.