Ганбаатар.Ж 2017.06.30 | Сайт: Vip76.mn

2017 оны төсвийн гүйцэтгэл биелэх бүрэн боломжтой гэв

2017 оны төсвийн гүйцэтгэл биелэх бүрэн боломжтой гэв

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан. 

2016 оны гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 5.8 их наяд төгрөгт хүрч 107.5 хувийн биелэлттэй, зарлага 9.5 их наяд төгрөгт хүрч 95.0 хувийн биелэлттэй гарсан байна.

Нэгдсэн төсвийн тэнцэл 3 их наяд 660.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч дотоодын нийт бүтээгдэхүүний 15.3 хувьтай тэнцэж байгаа нь төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангасан гэж Б.Чойжилсүрэн танилцуулгадаа дурдлаа. 

Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 3.9 их наяд төгрөгт хүрч, 109.2 хувийн биелэлттэй, улсын төсвийн зарлага 7.4 их наяд төгрөгт хүрч, 95.4 хувийн биелэлттэй гарсан байна. Улсын төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөгөөнөөс давж биелсэн нь Засгийн газрын хойшлуулшгүй авсан арга хэмжээтэй холбоотой гэж эрх баригчид тайлбарлалаа. 

Сангийн сайдын танилцуулгын дараа УИХ-ын гишүүд сонирхсон асуултад хариулт авсан бөгөөд тайланд төсвийн ерөнхийлөн захирагчдыг хангалтгүй, муу гэх зэргээр үнэлсэн нь тэдний анхаарлыг татав бололтой. Төсвийн орлогыг үргүй зарцуулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй гэж гишүүдийн дийлэнх байр сууриа илэрхийлсэн. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын тухайд хэрэв хувийн хэвшил энэ хэмжээний алдагдалтай ажилласан бол аль хэдий нь үйл ажиллагаагаа зогсоох, хууль хяналтын байгууллагаар учир шалтгааныг тодруулах, ажилчдаа цомхотгох байсан. Гэтэл төрийн байгууллага алдагдалтай ажиллаж болоод байдаг. Үүнд л төр, хувийн хэвшлийн ялгаа байгаад шүүмжлэлтэй хандаж, хариуцлагагүй байдал хөгжлийг боомжилж байна гэлээ. 

хариуцлагагүй байдал хөгжлийг боомжилж байна. Ж.Ганбаатар

Тэрээр 2017 оны эхний зургаан сарын байдлаар төсвийн гүйцэтгэлийн биелэлт хэр байгааг тодруулаад энэ оны төсвийн гүйцэтгэл биелэгдэх боломжтой бий эсэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс тодруулсан юм. 

Түүний асуултад, 2016 оны төсвийн тодотголоор баталсан төсвийн орлогын хэмжээ биелж байгаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 600 гаруй тэрбум төгрөгөөр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого даваад байна. Энэ оны батлагдсан хэмжээтэй харьцуулахад 3,6 хувиар давуулан биелүүлээд байгаа. Засгийн газарт төсвийн тодотголоор батлуулсан төсвийн орлогыг биелүүлэх бүрэн боломж бий гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариуллаа. 

2017 оны төсвийн гүйцэтгэл биелэх бүрэн боломжтой. Б.Чойжилсүрэн

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn