УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.29/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа өмнөх Засгийн газрын гишүүдийн хариуцлагагүй алдааг өнөөгийн Засгийн газрын гишүүд хийсэн мэтээр буруу ойлголт төрүүлэхээр байгааг Аудитын газарт анхааруулж, зөв ойлголт өгөхийг сануулсан юм. Мөн тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн татварын асуудлыг хөндсөн бөгөөд түүний асуултад Сангийн яамны ТНБ дарга Б.Нямаа хариулсан юм. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж яамны ТНБ даргыг УИХ-ын гишүүдэд буруу мэдээлэл өглөө хэмээн "хатуухан" зэмлэл хүртээлээ. Н.Амарзаяа: Эрдэнэт үйлдвэрийн татварын орлого яагаад буурав? Өмнөх болон одоогийн Засгийн газрын төсвийн ерөнхийлөн захирагчийн ялгааг сайтар гаргаж ойлголт өгөхгүй бол буруу ойлголт явагдаад байна. Өмнөх засгийн газрын, тэр яамны сайд, тэдний өдөр хийсэн гүйлгээ гэж тодорхой хэлчихвэл Бидэнд ойлгомжтой болно. УИХ-ын олон гишүүд энэ асуудлыг дахин дахин асуулаа шүү дээ. Энд байгаа сайд нар бүгд төсвийн буруу зарцуулалт хийчихсэн юм шиг ойлголт ард иргэдэд өгч байна. Би үүн дээр маш шүүмжлэлтэй хандаж байна. Аудитын дүгнэлт дээр ч энэ тодорхой бичигдээгүй байна. Тиймээс үүн дээр анхаараад одоо хэлж болохгүй байгаа бол тодорхой бодит мэдээллийг Аудитын газар гишүүдэд өгөх нь зөв байх гэсэн саналтай байна. 2013 он гэхэд Эрдэнэт үйлдвэрээс нэгдсэн төсөвт 440 тэрбум төгрөг, гэтэл 2016 онд 87.8 тэрбум орж ирсэн гэсэн мэдээлэл энд байна. Төсвийн орлого бараг 207 тэрбумаар буурсан. Энэ орлого яагаад буурсан юм бэ? Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оноос ОУВСангийн хөтөлбөрт хамрагдсантай холбогдуулан ажил олгогч 1 хувь, ажилтан 1 хувь нэмэгдүүлэхээр шийдвэр гарсан. Гэтэл 2016 оны төсвийн аудитын дүгнэлт дээр 2.2 тэрбум төгрөгийг тухайн НДСанг удирдан зохицуулж байгаа Төсвийн ерөнхийлөн захирагч нь барилга, байгууламж барьсан гэсэн бодит мэдээллүүд нь байна. Үүнд ямар хариуцлага тооцож байгаа юм бэ? Сангийн яамны ТНБ дарга Д.Нямаа: Зэсийн үнэ доогуур байсан учраас татвар багассан 2015 оны жилийн эцэст Эрдэнэт үйлдвэрийн татварын үлдэгдэл гэж 70 тэрбум төгрөгийг урьдчилж авсан байгаа. Үүнийг бид 2016 оны эхний 6 сар дотроо буцаан суутган тооцсон. 2016 онд зэсийн үнэ Тогтворжилтын хуульд заасан үнээс доогуур байсан учраас нэмэгдсэн хувь хэмжээгээр буюу нөөцийн төлбөрийг бага хэмжээгээр тооцож авсан. Ийм учраас татварын орлого өмнөх жилүүдтэй харьцуулбал маш бага хэмжээнд орж ирсэн. Ц.Нямдорж: УИХ-ын гишүүдэд худлаа мэдээлэл өгдөг ТНБД-тайгаа Засгийн газар хариуцлага тооц Засгийн газар, Сангийн яам ТНБД-ынхаа учрыг олоорой. Яахаараа зэсийн үнэ ижил тоонд байхад нэг жилд нь 87 тэрбум, нэг жилийн эхний хагаст 400 тэрбумын төлдөг юм Эрдэнэт. Яагаад ийм их зөрүү гардаг юм. Улаан цайм худлаа хэлж, УИХ-ын гишүүдийг басамжилж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.29/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Төсвийн ерөнхийлөн захирагч нарт хариуцлага тооцох асуудлыг хөндсөн юм. Ж.Бат-Эрдэнэ: Өөрсдөө амлачхаад амалсанаасаа буцаж өөрсдийн рейтингээ унагадаг нам гэж байхгүй "МАН, 65 УИХ-ын гишүүн ард түмэнд ачаа үүрүүллээ, орлого татвар нэмлээ, сонгуулийн мөрийн хөтөлбөртөө амласанаасаа ухарлаа" гэж их ярьж байна. Үүн дээр Сангийн сайд Б.Чойжилсүрэн тодорхой хэлж өгөөч. Бид асуудлыг тойрч ярьж байгаад хаячхаад байна. Ард талын үр дүнг ерөөсөө харахгүй байна. Өнөөдөр 1.6 их наяд төгрөгийн алдаа гэж сая УИХ дээр яригдлаа. Аудитын газар дээр хангалтгүй ажилласан 10 гаруй Төсвийн ерөнхийлөгч захирагч дээр сануулга өгсөн гэлээ. Цаашид бид ямар ямар Төсвийн Ерөнхийлөн захирагч дээр арга хэмжээ авах ёстой юм бэ? 2016 оны улсын төсөв дээр гарсан ямар алдаа дутагдалд, хэн гэдэг хүн дээр, хэрхэн арга хэмжээ авах ёстой юм бэ?. Үүнийг тодорхой яриад цаашаа явчихмаар байна шүү дээ. Ингэж өмнөх алдаагаа гаргаж ирж байж цааш явбал Засгийн газрын үйл ажиллагаа жигдэрнэ, цаашид алдаа дутагдал давтахгүйгээр ажиллах боломжтой болно. Ер нь гүйж байгаад өөрөө өөрийгөө дэгээдэж унагадаг хүн байдаггүй. Үүнтэй адилхан өөрсдөө амлачхаад амалсанаасаа буцаж өөрсдийн рейтингээ унагадаг нам гэж байхгүй ш дээ. Бид үнэхээр аргагүй эрхэнд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж, аргагүй эрхэнд энэ татваруудыг нэмсэн биз дээ. Өнгөрсөн 10 сард бид тэтгэвэр хүртэл тавьж чадахгүй хэмжээнд хүрсэн байсан. Энэ нөхцөл байдлыг хэн бий болгосон, үүн дээр ямар ямар арга хэмжээ, хариуцлага тооцох юм гэдгээ яриад явчихмаар байна. Үүнийг тойрч яриад байх юм. Яг нэр устай нь сонсмоор байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Энэ алдаанууд өмнөх Засгийн газрын үед гарсан 2016 оны төсөвт хийсэн аудитын дүгнэлттэй бид танилцсан. 10 орчин Төсвийн ерөнхийлөн захирагч дээр тодорхой хэмжээний хариуцлага тавигдсан. 2016 онд хоёр засгийн газар дамжсан. Хэн хэн хариуцлага алдсаныг нуух зүйл алга. Энэ алдаанууд өмнөх Засгийн газрын үед гарсан алдаанууд байна лээ. Тэгэхээр эдгээр хүмүүс нь 2016 оны УИХ-ын сонгуулиар хариуцлага хүлээгээд солигдсон. Ийм учраас одоо байгаа төсвийн Ерөнхийлөн захирагч нарт хариуцлага тооцох нь учир дутагдалтай юм. Харин 2017 оны тухайд асуудал өөр юм. Яагаад гэвэл манай Засгийн газар, Төсвийн ерөнхийлөн захирагч нар алдаа дутагдал гаргах юм бол хариуцлага тооцуулахад бэлэн байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.29/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр төрийг удирдлагын үр ашиг, хариуцлагын асуудлыг хөндлөө. "Тэрбээр нгэж улс орны авч явж болохгүй. Чадахгүй бол чаддаг хүмүүс нь энэ ажлыг хийх ёстой. Ийм ажлыг хүн болгон чадхгүй. Чаддаг хүмүүс гэж бий" гэдгийг онцлосон юм. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Уул уурхайн орлогын 1%-ийг ч татварт авч чадахгүй байна. Төрийн өмч, хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, улсын нэгдсэн төсөвт суугаагүй зардлуудыг санхүүжүүлсэн гэх мэт маш олон асуудлууд орж ирж. харин орж ирснээр нь харахаар хэн хариуцлага тооцох нь тодорхойгүй, бүрхэг асуудал УИХ-д оруулж ирсэн байна. 5.4 их наяд төгрөгийн орлого олно гэж төлөвлөөд үүнийгээ 5.8 их наяд болгож 500 аад тэрбум төгрөгөөр давсан юм байна. 9.9 их наяд төгрөгийн зарлага гаргана гэж тооцсоноос 9.5 их наяд төгрөгийн зардал гарч, 400 орчим тэрбум төгрөгийн зарлага дутуу санхүүжсэн юм байна. Ийм л асуудлыг бид ярьж байна шүү дээ. Гэтэл Монгол улсад асар их потенциал бий. Тэгэхээр өнөөдөр төрийн удирдаж буй хүмүүс энэ потенциалыг хэр их бүрэн ашиглаж чадаж байна вэ гэдгээр нь л дүгнэх ёстой. Ялангуяа улсын төсөвт үйлдвэр, аж ахуйн газрууд, төрийн өмчит байгууллагуудын удирдлагуудаас өдөр болгон үр ашиг асууж байх ёстой. Өнөөдөр ийм зүйл алга. Улс орныг ингэж авч явж болохгүй. Нэг талаар маш их хариуцлагагүйн тухай асуудал, нөгөө талаасаа гэмт хэргийн шинж чанартай олон асуудлууд Монголд бий болчихсон байна. Ингэж улс орны авч явж болохгүй. Чадахгүй бол чаддаг хүмүүс нь энэ ажлыг хийх ёстой. "Төрөөр тэжээгдэхийг хүсдэггүй тэр хүмүүсээр төр удирдуулах хэрэгтэй" гэж Платоны хэлсэн үг байдаг. Ийм л хүмүүс Монголын төрд ажиллах ёстой. Болж байгаа үйл явдал, тоо баримтыг харахаар үнэхээр хариуцлагагүй байна, болохгүй байна. 5.4 их наяд төгрөг олно гэж маш жижиг тоо ярьж байна. Монгол улсад уул уурхайгаас 800 тэрбум төгрөг олно гээд 760 тэрбум төгрөг олж байна гэнэ. Гэтэл Монголоос гарч буй уул уурхайн түүхий эд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнэлгээгээр үнэлбэл хэчнээн хэмжээний тоо гарч байна вэ? үүний 1% ийг ч бид татвартаа авч чадахгүй байна шүү дээ. ийм байж бид өнөөдөр ямар хөгжил ярих юм бэ? ийм зүйл байж болдог юм уу. Орлого нэмэгдүүлэх чиглэлээр Сангийн яам ямар ажил хийж байгаа юм бэ? Орлого нэмэгдүүлэх болож байна шүү дээ. Орлого нэмэгдүүлж чадахгүй бол зардлаа бууруулъя л даа. Төсвийн төслийг боловсруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг авч үздэг юмуу? үүнийг төсөвт тусдаггүй юм бол ингэж бид цаг зав гаргаж хэлэлцэх хэрэг байна уу? Ингэж Улсын нэгдсэн төсөвт олон тодотгол хийж байгааг Ч.Хүрэлбаатар дарга ямар байр суурьтай байна вэ? Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Энэ оны батлагдсан төлөвлөгөө 103 хувийн биелэлтэй яваа Орлого нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Эхний ээлжид менежментийг сайжруул гэсэн чиглэл өгч байгаа. Нэн ялангуяа манай Сангийн яамны харьяа ГЕГ, ТЕГ-т энэ чиглэлээр нилээд чамбай шийдвэрүүд гарч байгаа. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн өнгөрсөн оны энэ үеийнхтэй харьцуулахад орлого 600 орчим тэрбум төгрөгөөр давж яваа. Энэ оны батлагдсан төлөвлөгөө 103 хувийн биелэлтэй яваа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.29/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 2015 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг сонсох явцдаа Ерөнхий аудиторын толгойг илж илж гаргасан. Жил бүр төсвийн гүйцэтгэл гаргаж, гүйцэтгэлийг аудитын байгууллагаар хянуулж УИХ дээр хэлэлцдэг. Уламжлал ёсоор уг гүйцэтгэлд төсвийн хөрөнгө оруулалтын үр нөлөө муу байна, хэрэгжилтэд тавих хяналт сул, төсвийн ерөнхийлөн захирагчид эрх мэдлээ хэтрүүлсэн гэж дүгнэдэг. Гэтэл төсвийг үрэлгэн зарцуулсан ерөнхийлөн захирагчдад ямар хариуцлага хүлээлгэх эсэх нь тодорхойгүй. Өнөөдрийг хүртэл нэг ч ерөнхийлөн захирагчид хариуцлага тооцоогүй юм байна. Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ажлаа аваад удаагүй байгаа. Гэхдээ дараа жилийн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтээ та өөрөө хамгаалаарай. Асуудал руу ор, ажлаа хий. “Хулгайч хулгайчийг бариарай” гэдэгчлэн өнгөрсөн оны төсөв хэлэлцэж байх үеэр АН-ынхан хулгайч нарт хариуцлага тооцооч гэж хашгичиж байсан санагдана. Гэтэл одоо хулгайч нь яг хэн болохыг хайгаад олохоо байлаа. Дөрвөн жил төр засгийг самарлаа шүү дээ. Гадаад өр төсвийн бүрэлдэхүүн хэсэг болдог. Орон нутгийг хөгжүүлэх сан гэж байсан. Миний мэдэж байгаагаар нэг суманд жил бүр 300-500 сая төгрөгийн санхүүжилтийг тус сангаас олгодог байсан. Сум хөгжүүлэх сангийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна гээд хуц, ухна худалдаж авдаг, ЖДҮ-ийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлнэ гэдэг. Гэтэл эргэн төлөлт нь юу болж байна? Улсын хэмжээнд орон нутгийг хөгжүүлэх санд нийт хэдэн төгрөг зарцуулсан талаар аудитын байгууллагын дүгнэлт гаргасан уу? Чанаргүй зээл хэдий хэмжээнд хүрсэн бэ? Сумдад царцсан барилга олон байна шүү дээ. Өнөөдөр бид төсвийн урсгал зардлыг нэг бүрчлэн ярьдаг атлаа төсвийн хөрөнгө оруулалт, түүний үр нөлөө, хязгаарлалтад олигтой дүгнэлт хийж чаддаггүй. Бинзен, бичгийн цаас хэтрүүлсэн бол гэмт хэрэг болгодог гэх зэргээр жижиг асуудалд анхаарал хандуулаад байх юм. Ингээд ирэхээр төсөвт байгууллагууд хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй, доголдож байна. Тиймээс төсвийн зарцуулалт, үр ашгийг хянах гэж байгаа бол бодит хяналт тавь. Энэ удаад хэн гэдэг албан тушаалтан ямар хариуцлага тооцсон бэ? Хэрэв тооцоогүй бол тооцоогүй гэдгээ хэл.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.29/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2016 оны худалдан авах ажиллагааг нийт хэрэгжилтээр нь дүгнэхэд 54 хувь буюу хангалтгүй үнэлгээтэй гарсан байна. Үнэлгээг ямар шалгуур үзүүлэлтээр хийдэг вэ? Тухайлбал, хангалтгүй гэсэн үнэлгээтэй 14 төсвийн ерөнхийлөн захирагч, муу гэсэн үнэлгээтэй 10 захирагч байна. Танилцуулгад дурдсанаар бол, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад хууль журмыг биелүүлээгүй гэжээ. 2016 оны төсвийн гүйцэтгэл бол хоёр парламент, хоёр Засгийн газар дамнасан. Гүйцэтгэлийг нэг жилээр гаргасан учраас ямар Засгийн газрын үед хэн гэдэг төсвийн ерөнхийлөн захирагчид хариуцлагагүй хандсан нь харагдахгүй байна. Хариуцлагагүй байдлаас үүдэж ямар сөрөг үр дагавар гарч байна? Үүнийг арилгахын тулд ямар арга хэмжээ авах бодолтой байна?