Н.Амарзаяа 2017.06.30

Н.Амарзаяа: Эрдэнэт үйлдвэрийн татварын орлого яагаад буурав?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.29/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа өмнөх Засгийн газрын гишүүдийн хариуцлагагүй алдааг өнөөгийн Засгийн газрын гишүүд хийсэн мэтээр буруу ойлголт төрүүлэхээр  байгааг Аудитын газарт анхааруулж, зөв ойлголт өгөхийг сануулсан юм. Мөн тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн татварын асуудлыг хөндсөн бөгөөд түүний асуултад Сангийн яамны ТНБ дарга Б.Нямаа хариулсан юм. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж яамны ТНБ даргыг УИХ-ын гишүүдэд буруу мэдээлэл өглөө хэмээн "хатуухан" зэмлэл хүртээлээ. 

Н.Амарзаяа: Эрдэнэт үйлдвэрийн татварын орлого яагаад буурав?

Өмнөх болон одоогийн Засгийн газрын төсвийн ерөнхийлөн захирагчийн ялгааг сайтар гаргаж ойлголт өгөхгүй бол буруу ойлголт явагдаад байна.

Өмнөх засгийн газрын, тэр яамны сайд, тэдний өдөр хийсэн гүйлгээ гэж тодорхой хэлчихвэл Бидэнд ойлгомжтой болно. УИХ-ын олон гишүүд энэ асуудлыг дахин дахин асуулаа шүү дээ. Энд байгаа сайд нар бүгд төсвийн буруу зарцуулалт хийчихсэн юм шиг ойлголт ард иргэдэд өгч байна. Би үүн дээр маш шүүмжлэлтэй хандаж байна.

Аудитын дүгнэлт дээр ч энэ тодорхой бичигдээгүй байна. Тиймээс үүн дээр анхаараад одоо хэлж болохгүй байгаа бол тодорхой бодит мэдээллийг Аудитын газар гишүүдэд өгөх нь зөв байх гэсэн саналтай байна. 

2013 он гэхэд Эрдэнэт үйлдвэрээс нэгдсэн төсөвт 440 тэрбум төгрөг, гэтэл 2016 онд 87.8 тэрбум орж ирсэн гэсэн мэдээлэл энд байна. Төсвийн орлого бараг 207 тэрбумаар буурсан. Энэ орлого яагаад буурсан юм бэ?

Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оноос ОУВСангийн хөтөлбөрт хамрагдсантай холбогдуулан ажил олгогч 1 хувь, ажилтан 1 хувь нэмэгдүүлэхээр шийдвэр гарсан. Гэтэл 2016 оны төсвийн аудитын дүгнэлт дээр  2.2 тэрбум төгрөгийг тухайн НДСанг удирдан зохицуулж байгаа Төсвийн ерөнхийлөн захирагч нь барилга, байгууламж барьсан гэсэн бодит мэдээллүүд нь байна. Үүнд ямар хариуцлага тооцож байгаа юм бэ?

Сангийн яамны ТНБ дарга Д.Нямаа: Зэсийн үнэ доогуур байсан учраас татвар багассан

2015 оны жилийн эцэст Эрдэнэт үйлдвэрийн татварын үлдэгдэл гэж  70 тэрбум төгрөгийг урьдчилж авсан байгаа. Үүнийг бид 2016 оны эхний 6 сар дотроо  буцаан суутган тооцсон.

2016 онд зэсийн үнэ Тогтворжилтын хуульд заасан үнээс доогуур байсан учраас нэмэгдсэн хувь хэмжээгээр буюу нөөцийн төлбөрийг бага хэмжээгээр тооцож авсан. Ийм учраас татварын орлого өмнөх жилүүдтэй харьцуулбал маш бага хэмжээнд орж ирсэн. 

Ц.Нямдорж: УИХ-ын гишүүдэд худлаа мэдээлэл өгдөг ТНБД-тайгаа Засгийн газар хариуцлага тооц

Засгийн газар, Сангийн яам ТНБД-ынхаа учрыг олоорой. Яахаараа зэсийн үнэ ижил тоонд байхад нэг жилд нь 87 тэрбум, нэг жилийн эхний хагаст 400 тэрбумын төлдөг юм Эрдэнэт. Яагаад ийм их зөрүү гардаг юм. Улаан цайм худлаа хэлж, УИХ-ын гишүүдийг басамжилж  байна.