Учрал.Н 2017.07.06 | Сайт: Vip76.mn

Н.Учрал: Чанартай боловсролын үндэс нь багшийн хөгжил юм

УИХ-ын гишүүн Н.Учрал

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.07.06/ Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Н.Учрал хуулийн төслийг танилцуулллаа. 

УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нарын гишүүд Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Өнөөдөр Монгол Улсад 2016 оны байдлаар 48 577 орчим багш ажиллаж байгаагаас ерөнхий боловсролын сургуульд 28 490, СӨБ-д 12 966 багш, их, дээд сургууль, коллежид 7 121 багш тус тус ажиллаж байгаа бөгөөд нийт боловсролын салбарын байгууллагад 100 000 гаруй иргэн ажиллаж байна.

Хувь хүний хөгжлөөс өрх гэрийн болон улс орны хөгжил хамаардаг болсон өнөө үед хөгжлийн хөдөлгөгч хүч болсон багшийн хөгжлийн тухай асуудал манай улсын төдийгүй дэлхий дахины нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод байна.

2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т “3.3.11.Багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгоно” гэж заасан байна.

Эрх зүйн тогтолцооны шинэчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй холбоотойгоор 2002 онд Боловсролын тухай багц хуулийг баталсан бөгөөд 2016 онд Боловсролын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

Багшийн хамгийн эрхэм үүрэг болох хүүхэд нэг бүрийн авьяас, сонирхлыг дэмжин хөгжүүлэх ажиллагаа зохих ёсоор үнэлэгдэхгүй, багшийн нэр хүнд, мэргэжил, ур чадварын үнэлэмж доошилсон, боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллагчдын идэвх, оролцоо хангалттай бус байгаа нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байна.

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, тэдний онцлог, бусдаас ялгаатай байдлыг нээн илрүүлж, хөгжлийг нь дэмжиж буй багшийн тэргүүн туршлагыг олон нийтийн хүртээл болгох нь багшийн нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэхэд түлхэц болох учиртай.

Нөгөө талаар бүх шатны боловсролын байгууллагын мэргэжил дээшлүүлэх хэрэгцээний үндэсний цогц судалгаа өнөөг хүртэл хийгдээгүй байгаа нь багш хөгжих эрэлт хэрэгцээ, хөгжлийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээ нь үндэслэл муутай байсаар байна.

УРТ ХУГАЦААНД ЧАДВАРЛАГ, ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦСЭН МЭДЛЭГ, БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУ ҮЕИЙГ БЭЛДЭХ ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛЫН ҮНДЭС СУУРЬ НЬ БАГШИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭЭС ХАМААРНА. 

Багш нь хууль зүйн болон хөгжих баталгаагаар бүрэн хангагдаж чадахгүй байгаагаас үүдэн багшийн ёс зүйн стандартыг сайжруулах, өндөр шаардлага тавьж чадахгүй хэмжээнд хүрч байгаа нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байгааг үндэслэн багш нарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, багш нар ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор найман бүлэг, 22 зүйлтэй Багшийн хөгжлийн тухай хуулийг санаачилж, хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, тандалт судалгаа, үр нөлөөний тайлан зэргийг хүргүүлж байна.

Хуулийн төсөлд дараах тодорхой зохицуулалт тусгасан.

- Багш ажлын байран дээрээ хөгжих боломжийг бүрдүүлэх

- Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын чанарыг сайжруулах

- Ажлын ажлын гүйцэтгэлд суурилсан цалингийн урамшуултай бий болох.

- 5 жил ажиллаж байж мэргэжлийн зэрэг ахиж буй системийг илүү уян хатан болгож ажлын ажлын гүйцэтгэлээс хамааруулах

- Багш мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн төгсөгчид шууд багшлах эрхтэй байх

- Докторын зэрэгтэй багшийг зөвлөх багшийн орон тоон дээр ажиллуулах

- Бүтээлийн чөлөө олгох

- Багш мэргэжлээр суралцагчдын дадлагыг бага ангийн туслах багшаар ажиллуулан хийлгэж, тус хугацааг ирцийн цагт тооцдог байх

- Багшийн нэр хүндийг хуулиар хамгаалах.

Багшийн эрүүл мэндэд анхаарал хандуулах

зэрэг Засгийн газрын болон холбогдох байгууллагын саналуудыг тусган тараасан болно. Багшийн хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэснээр багш мэргэжлийн үнэ цэнэ нэмэгдэж, багш ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.