Багшийн хөгжлийг дэмжих эсэх асуудлаар маргав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14 хоног завсарласны эцэст өнөөдөр 57,9 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. Хэлэлцэх асуудлын дараалалтай энд дарж танилцана уу.
Хэлэлцэх асуудлын дараалалд Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл багтсан бөгөөд энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авахыг хүссэн. Ингээд гишүүд ямар байр суурь илэрхийлснийг одоо хүргэе.
Д.Эрдэнэбат: Энэ асуудлыг хойшлуулах саналтай байна
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат
Багшийн хөгжлийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг энэ чуулганы хугацаанд хэлэлцэж амжихгүй учраас намрын чуулган хүртэл хойшлуулж, төсөв санхүүтэй холбоотой тогтоолын төслөө хэлэлцэж батлаад чуулганаа хаах горимын санал гарлаа.
Н.Учрал: Хэлэлцэх эсэхийг нь өнөөдөр шийдэж өгөөч
УИХ-ын гишүүн Н.Учрал
Өөрийнх нь санаачилсан хуулийн төсөл хэлэлцэх асуудлын дараалалд багтсантай холбогдуулж тайлбар хийсэн юм. Уг хуулийн төслийг боловсруулах ажил 2012 оноос эхэлж, багшийн хөгжлийн форум, чуулган, хэлэлцүүлэг явуулсны үр дүнд өргөн мэдүүлсэн болохоо хэллээ. Тиймээс энэ хаврын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдээд анхны хэлэлцүүлэгт бэлтгэх нөхцөлөөр хангахыг хүссэн. Багшийн хөгжлийн асуудлыг зайлшгүй хуульчилж, тэдний нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэй гэлээ.
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд багш нарын удаан жилийн нэмэгдэл, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тусгаж өгсөн. Хэрэв Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг энэ оны 9 дүгээр сард багтаан баталчихвал 10 дугаар сард Боловсролын тухай багц хуулийн төслийг авч хэлэлцээд үндсэндээ энэ салбарын шинэчлэлийн асуудал шийдэгдэнэ гэж УИХ-ын гишүүн Н.Учрал үзэж байна. Тиймээс уг хуулийн төслийг хэлэлцэж өгөхийг хичээнгүйлэн хүслээ.
Ж.Энхбаяр: Өнөөдрийг хүртэл явуулж ирсэн алдаатай бодлогыг засах гэж байна
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
Багш нарын цалин бага байгаа нь Монгол Улсын боловсролын өрсөлдөх чадвар олон улсад маш доогуур ороход нөлөөлж байна гэлээ. Тэрээр уул уурхайгаа ухаж биш Монгол хүний оюун ухаанд түшиглэн хөгжих болно.
Тиймээс өнөөдрийг хүртэл явж ирсэн алдаатай бодлогыг засах үүднээс Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг санаачилсан гэсэн тайлбар хийлээ. Өнөөдөр, яг одоо л уг хуулийн төслийг хэлэлцэж, ажлын хэсэг гарган ажиллахыг уриалсан юм.
Б.Пүрэвдорж: Бидэнд ч гэсэн нэмэрлэх санал байна
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж байгаа боловч хуулийн төслийн танилцуулга, холбогдох материалуудтай урьдчилан танилцах боломжоор хангаагүй гэлээ. Мөн АН-ын бүлгээс уг хуулийн төсөлд тусгах хэд хэдэн санал байгаа учраас хэлэлцэх хугацааг хойшлуулахыг хүссэн.
Л.Энх-Амгалан: Завсарлага авах санал нь үндэслэлгүй байсан гэв
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
УИХ дахь АН-ын бүлэг Багшийн хөгжлийн тухай хуулийн төслөөр 5 хоногийн завсарлага авахыг хүссэн нь хүссэн. Гэхдээ завсарлага авах шалтгаан нь үндэслэлгүй байсан гэв.
Гишүүд хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулж үг хэлж дууссаны дараа УИХ-ын дарга М.Энхболд хариу тайлбар хийлээ. 14 хоногийн хугацаатай түр завсарласан чуулган өнөөдөр эхэлж байгаа учраас урьдчилж даргын зөвлөл хуралдах боломжгүй бөгөөд хэлэлцэх асуудлын дарааллыг хэлэлцээгүй шууд оруулж ирсэн гэв.
Тиймээс Багшийн хөгжлийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хаврын чуулган өндөрлөхөөс өмнө шийдээд ирэх намрын чуулганаар эцэслэн батлах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэллээ.