Болд.Л 2017.07.21 | Сайт: Ikon.mn

Саран дээр хүн хөл тавьсны 48 жилийн ойн баярт УИХ-ын гишүүн Л.Болд урилгаар оролцжээ

Саран дээр хүн хөл тавьсны 48 жилийн ойн баярт УИХ-ын гишүүн Л.Болд урилгаар оролцжээ

-Саран дээр хүн хөл тавьсны 48 жилийн ойн Гала ёслолын үйл ажиллагаанд Л.Болд гишүүн урилгаар оролцжээ-

Монголд саяхан зочлоод буцсан домогт сансрын нисгэгч Базз Алдрины урилгаар АНУ-ын Флорида дахь Кеннедигийн сансрын төвд зохиогдсон Аполло-11 хөлгөөр хүн саран дээр анх буусны 48 жилийн ойд зориулсан Гала ёслолын арга хэмжээнд оролцжээ.

Базз Алдрины Бүх нийтийн сансар сан /Buzz Aldrin's ShareSpace Foundation/-гаас сансар судлалын ирээдүй хойч үеийг бэлтгэх, тэдэнд сансрын боловсрол олгох, хүн төрөлхтнийг Марс гарагт суурьших эхлэлийг тавих зэрэг томоохон зорилгын хүрээнд мөнгө босгох, хандив цуглуулах үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг арга хэмжээнд олон нэрт сансрын нисгэгч, сансрын бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон корпорацуудын төлөөлөл хүрэлцэн иржээ. 

Ёслолын арга хэмжээний үеэр Amazon.com интернэт худалдааны гигант, Blue Origin сансрын нислэгийн компаныг үүсгэн байгуулагч Jeff Bezos-той уулзаж ярилцсан байна. Түүний үүсгэн байгуулсан Blue Origin компани олон дахин ашиглах пуужингийн сайжруулалт хийхийн сацуу сансрын аялал жуулчлалын бизнесээ удахгүй эхлүүлэх гэж байгаа бөгөөд тэрээр ёслолын ажиллагааны үеэр "Buzz Aldrin Space Innovation Award" шагналын анхны эзнээр өргөмжлөгдсөн юм. 

Мөн үеэр Л.Болд гишүүн Флоридагийн технологийн хүрээлэн /Florida Institute of Technology/-гийн удирдлагуудтай уулзаж Шинэ Монголын Төлөө Санаачилга /New Mongolia Initiative/-ын хүрээнд Монголоос сансрын геологи, уул уурхай, ургамал судлалын чиглэлээр оюутан сургах, судалгаа хийлгэх, туршлага судлуулах чиглэлээр цаашид хамтран ажиллахаар ярилцжээ.

Дашрамд дурдахад саран дээр хөл тавьсан анхдагчуудын нэг домогт сансрын нисгэгч Базз Олдрины Монголд дахь айлчлалыг Л.Болд гишүүний тэргүүлдэг “Шинэ Монголын санаачилга” ТББ санаачлан зохион байгуулсан бөгөөд айлчлалын үр дүн эхнээсээ гарч,сансар судлалын салбарт шинэ салхи сэвэлзэж эхэллээ.