О.Баасанхүү 2017.07.27 | Өдрийн сонин

О.Баасанхүү: Надад мөнгө байсан бол санал тоолох хар машин худалдаж авах байсан юм

О.Баасанхүү: Надад мөнгө байсан бол санал тоолох хар машин худалдаж авах байсан юм

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн сонгууль болох гээд Төрийн ордонд бараг л таниас өөр хүн алга. Та сонгуулийн сурталчилгаанд оролцохгүй байгаа юм уу?

-Сонгуулийн тухай хуульд тухайн сонгуульд оролцож буй штабын ажилтан, шадар туслах, сонгуульд оролцох үнэмлэх авсан хүмүүс л сонгуульд оролцоно. Бусад хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд оролцохыг хориглоно гэсэн байдаг юм. УИХ-ын чуулган завсарлахгүй байгаа тул амралтын өдрүүдээр тойрогтоо ажиллаад бусад үед нь ажлаа хийгээд сууж байна.

-Гэхдээ таниас бусад нь явчихсан байна шүү дээ. Эсвэл намаасаа нэр дэвшиж байгаа хүнээ дэмжихгүй байгаа юм уу?

-Төрөөс цалин авч байгаа хүн төрийн ажлыг цалгардуулах чинь байж болох зүйл юм уу. Би Хойд Солонгос Монголын парламентын бүлгийн даргын хувьд Зүүн хойд Азийн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” уулзалтад оролцох, мөн Хойд Солонгосын жижиг дунд бизнес эрхлэгч 20 гаруй компанийн төлөөлөлтэй уулзахаас эхлээд ажил их байна. Намаасаа ганцаараа сонгогдсон болохоор содон харагддаг юм шиг байна лээ. Өнгөрөгч амралтын өдөр тойрогтоо очиж Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор өөрийн байр сууриа илэрхийлсэн. Иргэдийн зүгээс “Та хэнийг дэмжиж байгаа вэ” гэж асууж байсан. Манайхан хошин шогийн мэдрэмжтэй ард түмэн. Уяачдаас М.Энхболд, бөхөөс Х.Баттулга нэр дэвшсэн одоо сурынхнаас хүн хэрэгтэй байна гэж байгаа юм. Би Их хурлын гишүүн болсноор сурын төлөөллийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжтой болгосон. Сонгуулийг бид наадам шиг харж байна. МАН бүх шатандаа ялалт байгуулсан болохоор М.Энхболд гэдэг хүн аварга гэсэн үг. Дуртай, дургүй ч Буянт Ухаа спорт ордныг дүүртэл хүн цуглуулж сонгуулийн сурталчилгаагаа хийсэн. Ардчилсан намаас Женко хочтой Х.Баттулга, манайхаас “Босоо” хочтой С.Ганбаатар нар аваргатай өрсөлдөж байна. Аваргыг давж аварга болдог юм чинь тэд сайн барилдаасай гэж тойргийнхондоо хэлтэл “Та Ганбаатарыг дэмжиж байгаа бол тэрийгээ хэлээч” гэж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч нь намаас татгалзсан, бүх намыг ижил хэмжээнд авч үздэг, эв нэгдлийн илэрхийлэгч хүн байх ёстой. Монголчууд намыг биш хувь хүнийг сонгож сонголтоо хийдэг байх хэрэгтэй. Тэр утгаараа би хувь хүнийг харж сонголтоо хийнэ гэдгээ хэлсэн. Р.Амаржаргал гуайг манай намаас нэр дэвшээч гэж гуйсан л даа. Даанч боломжгүй гэсэн юм. Энэ сонгуулиар бид өөрийгөө ярьдаг биш, улс орноо ярьдаг хүнийг сонгомоор байна. Тиймээс тэдний мэтгэлцээн, мөрийн хөтөлбөр, хар биш цагаан пи арыг нь хармаар байна л даа. Ард түмэн залхчихаад байна. “Хас”-ын Ч.Ганхуягийг Н.Энхбаяр дарга сайн таньдаг юм. Ямар хүн бэ, яаж мөнгөтэй болсон гэдгээс эхлээд мэддэг. Бид “Улаан тарианы хүүхдүүд” гэхээсээ өмнө “Улаан буудайны хүүхдүүд”-ийг эхэлж судлах ёстой байж. Оффшор дансанд байгаа мөнгийг М.Энхболд дарга бид хоёр сайн мэдэх ёстой.

Оффшорт байгаа мөнгө чинь тодорхой юм шүү дээ. Түүнээс Ч.Ганхуяг, С.Ганбаатар ч мэдээд байдаг юм биш. Манай Н.Энхбаяр, Х.Баттулга, М.Энхболд дарга нар л мэдэж байж магадгүй. Тиймээс оффшорт байгаа мөнгийг авч ирж болно. Гэрээ хэлэлцээр хийсэн, мөнгө шилжүүлсэн хуулгуудыг нь авч ирээд “Наад мөнгө чинь Монголын төрд орох ёстой” гээд олон улсын шүүхэд хандаад авчих юм уг нь. Түүнээс биш хамар хашааны Дорж гуайд газар өгөөд, Дулмаа гуайн хүүхдийг ялаас чөлөөлж 10 сая төгрөг аваад оффшорт хийчихдэг юм биш. Оффшорын мөнгө уул уурхайн мөнгө байдаг. Энэ асуудал цэгцлэгдэх боломжтой гэж би хувьдаа үздэг. Ингэхийн тулд иргэний эр зориг гаргахаас гадна, бүхэл бүтэн систем шийдэх ёстой юм. Тиймээс гурван нэр дэвшигч аргачлалаа ярих ёстойгоос биш “Би оффшоргүй. Тэр оффшортой. МАНАН-гийнхан л оффшортой” гэж яриад нэмэргүй. Энэ чинь дэндүү тодорхой. Мөнгө ургадаггүй, тиймээс нэг төгрөг ч гэсэн үнэ цэнтэй байхгүй юу.

-Тэгээд яах ёстой юм бэ?

-Ард түмэн гурван нэр дэвшигчээсээ асуух ёстой. Харин намаар битгий талцаач гэж гуйгаад байгаа юм. АН, МАН, МАХН хүнээ гаргалаа гэхэд тэр хүнээ барьж, захирч чаддаггүй л байхгүй юу. Чаддаггүй болохоор үе үеийн Ерөнхийлөгч нар намтайгаа зодоон хийдэг. Ерөнхийлөгч ажлаа хийх гэхээр нам нь тээг болдог. Гэтэл нам нь хөдөлмөрлөсөн хөлснийхөө хувийг хүртмээр байдаг л даа. Ингээд бөөн зодоон болдог байхгүй юу. Тэгэхээр иргэний эр зориг гаргаад аль ч намынхан төрийг тэргүүлэх хувь хүмүүсийн цензур дээр суурилан сонголтоо хийгээсэй. Дээр үед Сталин Хрушевт ажлаа өгөхдөө хоёр ширхэг захиа үлдээжээ. Тэгэхдээ ажил чинь хүнд хэцүү санагдаад бүтэлгүйтвэл эхний захиаг задлаарай гэж. Бреженев Хрушевийг огцруулна гээд нөхцөл байдал хүнд болсон тул эхний захиаг онгойлготол “Бүх буруугаа над руу чих” гэсэн байж. Хрушев тэгэхээр нь “Сталин бол их хэлмэгдүүлэлтийг хийсэн. Түүний завхарлыг арилгая” гээд баахан юм ярьж байж галыг намжаажээ. Гэтэл дахиад огцруулах гээд нөхцөл байдал эвгүйтээд ирэхээр нь өвгөний захиаг унштал “Дараагийн хүндээ яг ийм хоёр захиа үлдээ” гэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл эрх мэдэлтэй хүмүүсийн асуудлаас гардаг арга нь өмнөх үе рүүгээ буруугаа чихдэг. Ардын намынханы бусад руугаа буруугаа чихдэг хэлбэр, АН-ынхны ард түмэндээ хайртай байгаа хэлбэрээс ард түмэн залхчихаад байна. Ард түмэн нэгэнт залхсан тул зөв сонголт хийх хэрэгтэй. Тэр утгаараа С.Ганбаатарт “шаанс” байхыг үгүйсгэхгүй. Би хүнийхээ хувьд нэр дэвшигчийг биш намаа л дэмжинэ. МАХН байгаа болохоор би намдаа тууштай байгаа. Гэхдээ МАХН-ын зарим нөхдүүд намайг унагаах гэж үзэж байна л даа.

-Тэр нь юу гэсэн үг юм бэ. Таныг намаасаа хөөх гээд байгаа юм уу?

-Мэдэхгүй. 500 хүнээр гарын үсэг зуруулаад “Манай намын нэр дэвшигчийн эсрэг яваад үзээрэй, ална, хядна” шүү гэх нь холгүй өргөх бичиг надад ирсэн.

-Бүр тиймдээ тултал бичиг ирүүлээ юу?

-МАХН-аас Н.Энхбаярыг Улсын Дээд шүүх ялгүйд тооцсон шийдвэрийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх боломжоор хангаж ажиллана уу гээд Орхон аймгийн 500 хүний гарын үсэгтэй бичиг ирсэн. Сая Эрдэнэтэд очтол “Баасанхүү долоон тэрбумын байшинтай” гэсэн бор шувуу нисгэсэн байна лээ. Тэр нь байвал мөн гоёо. Ард түмэндээ өгчих юмсан. Эрдэнэтийн уулзалтын үеэр гишүүн намынхаа эсрэг яваад байх юм гээд бичлэг хийгээд л. Та хүртэл “Сонгуулийн сурталчилгаандаа явахгүй өрөөндөө суугаад байх юм” гээд хоржоонтой асууж байх жишээтэй. Асуудлын гол нь Монгол төрийн сонгууль байгаагаас биш АН, МАН, МАХН-ын сонгууль болоогүй юм шүү дээ. Мөрийн хөтөлбөрөө ярих ёстой. Сүүлийн жишээ гэхэд Катарыг хар. Ямар нөхцөл байдалтай болчихов. Тэнэг хүмүүсийн алдаа тэнэг байдалд л хүргэдэг гэдгийг мартаж болохгүй. Бид 22 тэрбум ам.долларын өрөнд орчихоод байхад 580 сая ам.доллараа өнөөдөр өг, хоёр тэрбум ам.доллараа энэ жилдээ өг гэдэг шахаанд орсон. Ард түмэн алтан бөгжөө өгөөд л, ард түмэндээ хайртай гишүүн нь 100 сая төгрөг хандивлаад л. Үнэндээ бид сандарсан нууцгүй үнэн. Хятадууд биднээс 4.5 тэрбум ам.долларыг маш бага хүүтэй аваа. Гэхдээ бид хоёр тэрбумаа суутгана гэсэн. Бид урд хөршдөө баярлах ёстой. Гэсэн ч бид тийм өндөр хүүтэй зээл авах нөхцөл байдалд ормооргүй байна. Япон, Солонгос, Дэлхийн банкныхан нэг хувийн хүүтэй ав гэхэд урд хөршийнхөн “Тэгвэл тэрийгээ аваа” л гэж байгаа юм. Бидэнд хоёр л сонголт байна. 4.5 тэрбум ам.доллар авч өрөнд орох уу, гурван тэрбум ам.долларын зээл авч хямралаа хязгаарлаад цааш явах уу. Бид мөнгө авч болно. Гэхдээ яах, юу гээд зорилготой байх ёстой. Хятадын нэг тэрбум ам.долларын хүрээнд Монгол Улсад 12 махны үйлдвэр барихыг би эсэргүүцсэн. Манайд хэдэн ч үйлдвэр барьж болох ч гадагшаа махаа экспортлож чадах уу. Чадахгүй гэвэл юун 12 махны үйлдвэр битгий хэл Эмээлт бидэнд хангалттай. Яах талаараа хэлэлцээр хийгээгүй мөртлөө махны үйлдвэр барина гэж болохгүй. Энэтхэгийн зээлээр нефть боловсруулах үйлдвэр барина гэж байгаа, болно. Эхлээд Петро Чайна Дачин Тамсагтай хийсэн гэрээгээ цэгцэлчихээд барь. Өмнөх парламентад Газрын тосны хуулийг Цэндийн Нямдорж гэдэг хүн ажлын хэсгийг нь ахлахдаа “Энэ хуулинд Петро Чайна Дачин Тамсаг хамаагүй” гээд оруулчихсан байхгүй юу. Ингээд бид түүхий нефтиэ авч чадах юм уу. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ, нөгөө хүмүүстэйгээ ойлголцох хэрэгтэй шүү дээ. Ингээд байгаа болохоор би бухимдаад байгаа юм. Зөв зүйлийг нь би “аймар” дэмжинэ. ОУВС-д ороход нь “Үүнээс өөр сонголт байхгүй” гэж хэлээд Т.Аюурсайхан бид хоёр муудалцсан. Ц.Даваасүрэн ах бид хоёр нарийн ярьвал муудаад байхаар харилцаатай хүмүүс ч биш. Т.Аюурсайхан намайг олон нүүртэй энэ тэр гэхээс нь би ичээгүй. Би Их хурлын гишүүнээр таван жил ажиллаж байгаа хүний хувьд төрийн хүн л болохыг хичээж байна. Зарим хүмүүс 2020 оноо бодоод ард түмэнд таалагдах үг хэл л дээ гэдэг. Жишээлбэл, Эрдэнэтийн 49 хувийн УИХ-ын тогтоолыг 49 гишүүн дэмжиж, есөн хүн эсэргүүцсэн байдаг. Тогтоолын өгүүлбэрийг хар. Хөгжлийн банк, Монголбанкнаас авсан зээлэнд суутга гээд байгаа. Одоо хэлэлцээр хийхээр юу болох вэ. УИХ-ын тогтоол гаргахын би эсэргүүцээгүй. Хамгийн зөв шахаж бараг ганцаараа шийдвэр гаргуулсан гэж болно. Ц.Нямдорж шиг, Ж.Батзандан шиг туйлшраагүй. Сонголтоо зөв хийж сурмаар байна.

-Чуулганы хуралдаанаар зээлийн хэлэлцээрүүд орж байсан. Ямар утга учиртай хэлэлцээрүүд байсан бэ?

-Маш аймшигтай. Зээлээс бүү ай. Зээл төлөгдөх үү гэдгээс л ай. Нэг хувийн хүүтэй зээл нь 10 хувийн ашигтай бизнес болж чадна гэвэл зээл өгөх хэрэгтэй. Бид өртэй байсаар байвал Парисын клуб дээр бидний бүх өрийг аваачин “Худалдаж авах орон байна уу” гэж асууна. Нэг улс авч таарнаа даа. Тэр манай орны бүх өрийг худалдаад авчихбал Монголын газрыг битүүмжилнэ. Газар нутгийг чинь авна гэсэн үг. Тиймээс өртэй болох нь жижиг орнуудын хувьд аймшиг байдаг. Монгол Улс хоёр том гүрний дунд байгаа тул хоёр хөрш шигээ эрх ашигтай, бодлоготой, эв нэгдэлтэй, зарчимтай байх ёстой. Үүн дээр л санаа зовж байна. 2000 онд 72 суудал авсан нэг нам, тэр намаас Ерөнхийлөгч сонгогдсон байх үед аймшигтай дарангуйлал, хэлмэгдүүлэлт үргэлжилсээр 2007 онд туйлдаа хүрч 2008 оны үймээн гарсан. Өнөөдөр МАН 65 суудал авсан байгаа энэ үед бид ухаалаг сонголт хийх ёстой. С.Эрдэнэ даргатай АН олигархижсан нам болсон. Ардын намаас дутахаа больсон. Манай намын дарга ч гэсэн барьцаалагдсан л хүн. Чангахан дуугарахад Г.Шийлэгдамбын шүүх хурал эхэлж байгаа биз дээ. Би олон удаа хэлсэн. Ноён бэрсээ хамгаалж нүүдэг юм. Хүү зөвхөн бэрс гардаг болохоос бод болдоггүй юм. Бод хэзээ ч бэрс болдоггүй. Үүгээрээ би цэвэрхэн хүмүүсээр багаа бүрдүүлээчээ л гэж байгаа хэрэг. Удирдагч цэвэр байж нам цэвэршинэ. Түүнээс цүнх баригч долдой нар биш. Сүүлд санал тоолох хар машин худалдаж авах гэлээ гэсэн юм гарсан даа.

-Тэгсэн...

-Надад мөнгө байсан бол санал тоолох хар машин худалдаж авах байсан юм гэж бодоод байгаа. Техникийг чинь өөрөө туршаад үнэн эсэхийг мэднэ. Ядаж л задалж угсрах ёстой биз дээ. Тэр юу нь аймшигтай байгаа юм бэ. 21 аймгаар дүүрэн хар машин хийнэ гэж байхгүй. Ямар эд ангиудаас бүтсэн байна вэ, ямар горимоор ажиллаж байгааг туршаад үзэг л дээ яадаг юм. Манайхан бүх зүйлийг зандалчилж, төрийн эсрэг гэмт хэрэг болгох нь зөв хүмүүсийн зүрхийг мохоогоод байгаа юм биш биз гээд санаа зовж байна. Монголд ямар ч террорист хүн байхгүй. Эх орондоо хайргүй хүн байхгүй. Харин хэдэн хулгайч бол бий. Хуулийн байгууллага ажилласан шиг ажилла. Дараа нь шившгээ дэлгэж болохгүй. Эрх баригчдад 65 гишүүн байхгүй. 55 л байгаа. Сонгууль дууссан гээд маргаантай 10 хүний асуудлыг орхих юм уу. 2020 онд дахиад сонгууль болно. Мөнгө тараадаг, хүн зөөдөг нь үнэн. Үүнд чинь ард түмэн бухимдаад байна. Түүнээс айдастай нийгэм монголд бий болчихоогүй юм. Харин долдой, бялдууч, урвагч, хулгайч нар аймар байна.