2017.09.14

Нэг жилийн хугацаанд байгаль орчны чиглэлээр батлуулсан хуулиуд

Ж.Эрдэнэбатын удирдан ажилласан Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрыг нэг жилийн энэ богино хугацаанд, үр дүнтэй ажилласан хэмээн экспертүүд дүгнэж байгаа.

БОАЖ-ын сайдаар Д.Оюунхорол ажилласан. Тээрээр томоохон 2 хуулийн төслийг УИХ-д өргөн барьж батлуулсан юм.

Эдгээр хуулиудыг танилцуулж байна. 

ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн хөдөлгөөнд Монгол Улс хамрагдана

Өргөн барьсан: 2016.08.23

Батлагдсан огноо: 2016.09.02

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол: “1992 оны 5 дугаар сарын 9-нд Нью-Йорк хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц батлагдсан юм. Уг конвенцийн хэрэгжилтийг хангах зорилготой Парисын хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орж, уг хэлэлцээрийг 2016 оны 9 дүгээр сарын 1-нд УИХ-аас соёрхон баталсан юм. Одоогийн байдлаар Парисын хэлэлцээрт дэлхийн 195 орон нэгдэж, 148 орон дотоодын парламентаараа соёрхон батлаад байна. Манай улс Парисын хэлэлцээрт нэгдсэнээр 2030 он гэхэд хүлэмжийн хийг 14 хувиар бууруулах үүрэг хүлээж байна.”

Парисын хэлэлцээрийн гол зорилго нь тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулах хүчин чармайлтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс учирч болох аюулын эсрэг авч хэрэгжүүлэх дэлхий нийтийн хариу арга хэмжээг эрчимжүүлэхэд чиглэдэг.

Дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэрийн өмнөх үетэй харьцуулахад 20С-ээс доош барих, агаарын температурын өсөлтийг 1.50С-т хязгаарлахад бүх улс орон хүчин чармайлт гаргахыг уриалж байна.

Тиймээс дээр дурдсан зорилтоо биелүүлэхийн тулд эрчим хүчний үр ашгийг 5,3 хувиар, цахилгаан дамжуулах, түгээх үеийн алдагдлыг 5,9 хувиар бууруулах сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, нийт чадалд эзлэх хувийг 30 хувьд хүргэх, барилгын дулаан алдагдлыг 40 хувь бууруулна, шинээр баригдах дулааны цахилгаан станцуудад өндөр технологи ашиглана гэж заажээ. Мөн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, замын түгжрэлийг 30-40 хувиар бууруулах, хуучин автомашины импортыг хязгаарлах татварын бодлого хэрэгжүүлэх, түлш бага зарцуулдаг тээврийн хэрэгслийн хэмжээг 13 хувьд хүргэх зорилт тавьсан байна. 

Цементийн үйлдвэрт дэвшилтэт хуурай технологи ашиглах, малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулж зохистой түвшинд барих, хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх технологи нэвтрүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг 5 хувиар нэмэх, эвдэрсэн газрыг нөхөн сэргээхийг зорьж байна.

 

ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

Хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Өргөн барьсан: 2016.12.28

Батлагдсан огноо: 2017.05.12

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол: “Олон нийтэд хог хаягдлыг баялаг гэж үзэх сэтгэлгээг төлөвшүүлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих, энэ чиглэлээр ЖДҮ байгуулснаар ажлын байр нэмэгдэхээс гадна хог хаягдлын хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор уг хуулийн төслийн санаачлан боловсруулав. Мөн аюултай хобг хаягдлын зохистой менежментийг бий болгож, олон улсад үүсгэгч нь хариуцах, бохирдуулагч нь төлөх зарчмыг төсөлдөө тусгасан юм”

2012 онд батлагдсан Хог хаягдлын тухай хуульд хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих, эдийн засгийн хөшүүрэг, урамшуулал олгох харилцааг тодорхой зохицуулаагүй орхигдуулсан байна. Мөн аюултай хог хаягдалтай холбоотой зохицуулалт хангалтгүй, иргэдэд хог хаягдал боловсруулах талаар мэдлэг, дадлага олгох талаар тусгагдаагүй, хууль тогтоомж зөрчсөн иргэх, аж ахуйн нэгжид хүлээлгэх хариуцлага сул зэрэг дутагдал байгаа учраас Монгол Улсын тогтвортой байдлын үзэл баримтлалд нийцүүлэв.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулж, хог хаягдлыг дахин боловсруулах замаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авдаг боломжоор хангана.

“Аюултай хог хаягдлын жагсаалт”-ыг Засгийн газраас баталж, импортоор аюултай хог хаягдал оруулж ирэхийг таслан зогсоох, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэсэн болон импортолсон бүтээгдэхүүнээс гарч буй хог хаягдлыг өөрсдөө хариуцдаг байхаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл аливаа хог хаягдлыг устгах, боловсруулах, экспортлох асуудлыг бохирдуулагч нь өөрөө хариуцна гэсэн үг.

Хог хаягдлын төвлөрсөн цэгээс гарсан хогийн машиныг ариутгах, малын сэг зэмийг байгальд ээлтэй технологиор устгах, эмнэлгийн болон бусад аюултай хог хаягдлыг импортлохыг хориглох, хог хаягдлыг хогийн цэг дээр биш эх үүсвэр дээр нь ангилан ялгадаг байх талын зохицуулалтыг тусгасан.