Баасанхүү.О 2017.10.09 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: МАХН бага чуулганаа хуралдуулж, намдаа шинэчлэл хийх шаардлагатай байна

О.Баасанхүү: МАХН бага чуулганаа хуралдуулж, намдаа шинэчлэл хийх шаардлагатай байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын Онц их хурлын гишүүн Г.Бямбасүрэн тэргүүтэй МАХН-ын зарим удирдах ажилтнууд өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэд УИХ-д суудалтай улстөрийн хүчний хувьд МАХН-ын Бага чуулганыг хуралдуулах шаардлага үүсээд байгааг онцлов.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон МАХН-ын удирдах ажилтнууд

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “МАХН-ын дүрэмд зааснаар Бага чуулганыг намын дарга, Гүйцэтгэх товчоо, эсвэл Бага чуулганы гишүүдийн гуравны нэг нь шаардаж, дэмжсэн нөхцөлд зарлана. Тиймээс гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Энэ удаагийн чуулган ганцхан намын даргадаа хариуцлага тооцох тухай асуудал биш, намын бодлогын шинэчлэлийн асуудал байх болно” гэж хэллээ.

Г.Бямбасүрэн: “Улс төрийн нам олонхиороо шийдвэр гаргадаг байтал МАХН-д хамтын удирдлагын зарчим алдагдсан. Нэг хүний бодлогоор явах ёсгүй, хамтын шийдвэрээр явах ёстой. Энийг засаж залруулахын тулд зайлшгүй Бага чуулган, Их чуулган хийх ёстой” гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Тус нам 2012 оны УИХ-ын сонгуулиар 11 суудал авч байсан тус нам 2016 онд нэг суудал авч, амжилт нь буурсан нь намын дотоод зөрчилдөөн болон ганцхан хүний үгээр асуудалд ханддагттай холбоотой гэж МАХН-ын бага хурлын гишүүд үзэж байгаа аж.

Мэдээлэл хийж дууссаны дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Бодлогын зөрчилдөөн байгаа гэж дурьдлаа. Ямар зөрчилдөөн байна вэ? Намын удирдлага болон гишүүд хоорондоо зөрчилдөөд байна гэсэн үг үү?

Г.Бямбасүрэн: Улс төрийн нам олонхиороо шийдвэр гаргадаг зарчимтай. Гэтэл сүүлийн үед хамтын удирдлагын зарчим алдагдсан.  Нэг хүний бодлогоор явах ёсгүй, хамтын шийдвэрээр явах ёстой. Үүн дээр зөрчилдөөн гараад байгаа тул тулд зайлшгүй Бага чуулган, Их чуулган хийж, асуудлыг засаж залруулах ёстой.

-Намын даргадаа хариуцлага тооцно гэж ойлгож болох уу?

О.Баасанхүү: Намын даргатай холбоотой асуудал гэж шууд хэлэх ёсгүй. Намын дүрмээр бол их хурал хоёр жил тутамд хуралдах ёстой. Намын дүрэмд намын дарга дөрвөөс дээш удаа улиран сонгогдохыг хориглосон. Тийм учраас Н.Энхбаяр дарга намын их чуулганд ажлын тайлангаа тавиад, гишүүдээсээ эрхээ аваад явах эрх нь байгаа. Энэ бол нэг хүний эсрэг явж байгаа асуудал биш, бодлогын хүрээнд явж байгаа асуудал.

-Намын Их Хурал хуралдахад намын даргад нэр дэвших хүн байгаа юу?

-Мэдээж энэ асуудлы намын гишүүд л шийднэ. Манай намын хувьд бүх зүйл нээлттэй. Намын Их Хурлын гишүүдийн зүгээс намын дүрмээрээ л явна. Өмнө нь намын даргад дөрвөн хүн өрслөдөөд, Н.Энхбаяр дарга сонгогдож байсан. Одоо хэдэн хүн өрсөлдөөд, хэн гарахыг таашгүй.

О.Баасанхүү: Өнгөрсөн шат шатны сонгуулиудад МАХН амжилтгүй оролцлоо гэж хэллээ. Үүнд намын даргад хариуцлага тооцохгүй юу? Бусад улстөрийн намууд энэ хариуцлагыг дарга нь хүлээгээд огцордог. Танай намд энэ зарчим үйлдчилдэггүй юм уу?

Намын дарга их хурал дээр ажлын тайлангаа тавих ёстой. Гишүүд тэр ажлын тайланг дүгнээд шийдвэр гаргана. Шууд Н.Энхбаяр дарга буруутай гэж хэлэхгүй. Энэ бүх хугацаанд тайван ажиллах боломж өгөөгүй. Улстөрийн сонгуульд оруулдаггүй, хэлмэгдүүлж байсан, хууль хүчний байгууллагуудын шахалт, дарамт байсан.

Г.Бямбасүрэн: Удаа дараагийн сонгуульд хангалтгүй оролцсон гэдэг нь тодорхой асуудал. Хариуцлага тооцох ёстой гэсэн заалт манай намын дүрэмд бий. Намын даргатай энэ асуудлыг тодорхой ярихад учир шалтгаан бий. Ямар нөхцөл байдалд дөрвөн жилийг өнгөрөөлөө. Тийм учраас цаад талд нь олон хариуцлага хүлээх субьект бий гэж үзэж байгаа. Ялангуяа Гүйцэтгэх товчоог удирдаж байдаг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга бий, цаана нь дэд дарга нар бий. Тэдэн дээр хариуцлага яригдана.

-Сүүлийн хэдэн хоног УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаж, тус намд орох асуудлаар ярилцсан гэх мэдээлэл их гарч байна. Та бүхэнд тодорхой мэдээлэл байна уу?

О.Баасанхүү: Уулзсан уу, үгүй юу гэдэг талаар мэдээлэл алга. Хувь хүмүүс хэзээ, хаана ямар асуудал ярьсан бэ гэдгийг мэдэх боломж байхгүй. МАХН, МАН бол нэг угшилтай. Шударга тал нь МАХН-д орчихсон. Тийм учраас шударга тал дээрээ цуглаад хамтын үйл ажиллагаа явуулъя гэдэг санаачилга аль ч талаасаа гарсан гайхах зүйл байхгүй гэж бид үзэж байгаа.