УУХҮ-ийн сайд салбарын ахмадуудаа хүлээн авч уулзлаа
2017.11.08

УУХҮ-ийн сайд салбарын ахмадуудаа хүлээн авч уулзлаа

Энэ жил Монгол улсад Уул уурхайн салбар үүссэний 95 жилийн ой, Геологийн салбар үүсч хөгжсөний 78 жилийн ой тохиож буй. Энэхүү түүхт ойг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарыг хөгжүүлэхийн төлөө залуу насаа зориулж, ихийг хийж бүтээсэн ахмадуудтайгаа уулзаж, тэдний санал бодлыг сонслоо.

Уулзалтад салбарын үе үеийн сайд, газар хэлтэсийн дарга нар, нүүрс, өнгөт металл, геологи, газрын тос зэрэг салбарынхаа манлай болсон 100 гаруй ахмадууд уригдан оролцсон юм.

Уулзалтын үеэр сайд Д.Сумъяабазар “Бидэнд нүүрсээ баяжуулж гаргах, Зэс хайлуулах, нефт боловсруулах үйлдвэртэй болох гээд шийдэх ёстой тулгамдаж буй асуудлууд их байна. Бид эдийн засгаа тэлж тэтгэхийн тулд энэхүү баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээ зайлшгүй барих шаардлагатай байна.

Уул уурхайн яамны сайдын дэргэд Мэргэжлийн зөвлөл, Бодлогын зөвлөлийг ажиллуулна. Энд манай салбарын сор болсон хүмүүс, эрдэмтэн судлаачдыг оруулахаар эхнээс нь нэрсийг нь авч, ярилцаж байна.

Бодитой ажил, бодит төслүүдийг хөдөлгөсний хүчинд улсын эдийн засаг сайжирч салбар хөгжинө” хэмээв. 

Уулзалтын үеэр салбарын ахмадууд УУХҮ-ийн сайдад өөрсдийн санаа бодлыг дуулгалаа.

Монгол Улсын Уул уурхайн зөвлөх инженер Д.Магванжав:

-Бид өнөөг хүртэл зэсээ хайлуулж боловсруулж чадахгүй байна. Зүгээр баяжмал хэлбэрээр нь гаргахаас илүүтэй Зэс хайлуулах үйлдвэрээ байгуулах хэрэгтэй.

Зэс хайлуулахад гардаг нэг бэрхшээл нь хүхрийн хүчил юм. Үүний тулд фосфоритын ордоо ашиглаад супер фосфот гэдэг зүйлийг үйлдвэрлэх юм бол хүхрийн хүчлээ шингээж ашиглах боломжтой болно. Тодруулж хэлбэл, Завханы Алдархааны нутагт байдаг Фосфоритын ордоо ашиглаад зэсээ боловсруулах боломжтой.

Зэс хайлуулах үйлдвэргүйгээр манай улс хөгжихөд хэцүү. Тиймээс энэ асуудалд зайлшгүй анхаарах шаардлагатай.

Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн сайд асан С.Батхуяг:

 -Монгол Улс геологичдын таамагласан нүүрсний нөөцөөрөө 150 тэрбум гаруй тонн гэж тогтоосон байдаг. Баталгаатай 20 гаруй тэрбум тонн нүүрс ч мөн ялгаагүй цөөн хүн амтай манай улсын хувьд барж идэхгүй зүйл. Гэтэл одоо бид зөвхөн сайн чанарын коксжих нүүрсээ л сорчилж урагш нь хямд үнээр гаргаж байна.

Тиймээс тэргүүн ээлжинд замын асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Манай Ерөнхийлөгч ОХУ-аар дамжуулан нүүрсээ гаргах талаар ярилцаад ирснийг дэмжиж байгаа. Бид ганцхан улстай харилцаад байх биш өөр бусад улс оронд нүүрсээ гаргах хэрэгтэй. Гэхдээ үүний тулд зам барих шаардлага тулгарч, их хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдах болно.

Уг нь болдог бол цахилгаан станц байгуулаад эрчим хүчээ урд хөршид худалддаг болох нь бидэнд их хэрэгтэй байна.

Уул уурхайн инженер, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, дэд сайд асан Д.Дондов:

-Монгол Улсыг хөтөлж явах гол салбар бол яах аргагүй уул уурхай. Би шинэ сайдад нэг зүйлийг зориуд санаа болгож хэлэх гэсэн юм.

Гадаадын ч бай, дотоодын ч бай компаниуд хайгуул хийхдээ лиценз авдаг. Ингээд хайгуул хийгээд олсон эрдэс баялгийг тухайн компани нь бүгдийг нь өөрөө авна гээд “Ашигт малтмалын тухай хууль”-д заачихсан байгаа юм. Уг нь бол хайгуул хийхийг төр дэмжинэ. Хайгуул хийгээд олсон эрдэс баялгийг 50 юм уу, 51 хувь нь төр буюу ард түмий өмч шүү гэсэн ганцхан заалт л өнөөдөр манайд дутаад байна. Үүнийг хийгээгүйгээс бид маш том баялгуудаа алдаж байна.

Уулзалтын төгсгөлд сайд Д.Сумъяабазар: “Уул уурхайгаас олж байгаа эдийн засгийн өгөөжийг бид алган дээрээ тогтоож чадах ёстой гэж боддог. Өнөөдөр олон үнэтэй сургаалиа хайрласан ахмадуудынхаа эхний захиасыг тэмдэглэж авлаа. Цаашдаа ахиж олон удаа уулзан, эх орныхоо төлөө үнэнхүү зүрх сэтгэлтэй та бүхнийгээ Бодлогын зөвлөл, Мэргэжлийн зөвлөлд орж ажиллуулахаар би урих болно” гэлээ.

Мөн тэрбээр “Уламжлал, шинэчлэлийг хослуулсан ахмадууд болон дунд үеийн хэлхээ холбоосыг батжуулсан бодлогыг яамны зүгээс явуулна. Өнөөдөр уул уурхайн салбар манай улсын гадаад харилцаа, төсөв санхүү, геополитик болоод байна. Иймд ахмадууд та бүхэн маань бидэнд энэ чухал салбараа цаашид хөгжүүлэхэд үнэтэй мэргэн сургаалиа хэлж захиж байж улсын маань эдийн засгийн өсөлт ирнэ. Та бүхний мэргэн оюун ухаан улс эх орондоо хөгжил авч ирэх болно. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсье” хэмээв.