Канад Улсад зохион байгууллагдсан PDAC арга хэмжээний үеэр үр дүнтэй олон уулзалт боллоо
2024.03.11

Канад Улсад зохион байгууллагдсан PDAC арга хэмжээний үеэр үр дүнтэй олон уулзалт боллоо

Канад Улсын Онтарио муж дахь Монгол Улсын Өргөмжит консул Браён Вилферт УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар болон холбогдох албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Консул Браён Вилферт өмнө нь парламентын болон Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан бөгөөд Монгол Улсад элэгтэй хүн гэдэг нь мэдрэгдэж, таатай байлаа.

Бидэнтэй уулзуулахаар хайгуулын чиглэлийн олон хөрөнгө оруулагч урьсан байв. Манай томилолтын баг хөрөнгө оруулагч нартай зангиагүй өглөөний уулзалт хийлээ. Уулзалтад оролцогчдын зүгээс гадаадын хөрөнгө оруулагч нар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхэд тулгарах бэрхшээл юу байж болох талаар, хөрөнгө оруулалтын татварын болон эрх зүйн орчны талаар голлон асууж байлаа.

Мөн уул уурхайн салбарын эрчим хүч, усны хангамжийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар болон устөрөгчийн технологийг уул уурхайн салбарт нэвтрүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцсон үр дүнтэй уулзалт боллоо. Биднийг найрсгаар хүлээн авч уулзсан ноён Браён Вилферт болон бусад албаны хүмүүст талархал илэрхийлье. Удахгүй Монгол айлчлах үеэр нь дахин уулзах болноо.

Канадын Хөгжлийн сайд Ахмед Хусейнтэй уулзлаа

Их чухал яриа өрнүүлсэн, ажил хэрэгч, үр дүнтэй уулзалт болсонд олзуурхаж байна.Ноён Хусейн Сомал гаралтай цагаач хүн бөгөөд өөрийн хичээл зүтгэлээр өнөөдрийн амжилтад хүрсэн талаар нээлттэй яриа дэлгэв. Үлгэр жишээ авахуйц, хөдөлмөрч хүн байлаа. Бид голлон Канад улсаас хэрэгжүүлж буй хөгжлийн хөтөлбөрүүд, бодлогын арга хэмжээний талаар ярилцлаа. Тус улс АНУ болон бусад улстай хамтран Ази-Номхон далайн, Энэтхэг-Номхон далайн бүсэд 100 тэрбум долларын хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр зарласан бөгөөд энэ хөтөлбөрийн хүрээнд МУ-д тодорхой төслүүд хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Ялангуяа гүний ус, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, газар тариалан, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллах саналтай байна.

Энэ хүрээнд түүнийг Монгол Улсад айлчлахыг урьлаа. Ноён Хусейн нь манай хувьд Ч.Хүрэлбаатар сайдтай ижил түвшний албан тушаалтан юм. Бид мөн Ч.Хүрэлбаатар сайдын урилгыг түүнд уламжлав. Тэрээр 4-5 дугаарт сард багтан Монголд айлчлахаа мэдэгдэв.

Канад Улсын парламентын Байгалийн нөөцийн байнгын хорооны дарга George Chahal-тай уулзлаа

Ноён George Chahal Канад улсаас хэрэгжүүлж байгаа Энэтхэг, Номхон далайн стратегийн талаар онцлон ярив. Монгол Улс бол Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн чухал хамтрагч улс болохыг онцлоод цаашид Монгол Улстай уул уурхайн салбарт хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Мөн ашигт малтмалын салбарт Монгол Улс бол дэлхийн хэмжээний тоглогч улс мөн гэдгийг тэрээр онцлон хэлэв. Таатай байна.

Канад улс бол Монгол Улсын хамгийн том хөрөнгө оруулагч улс. Энэ байдлаа цаашид хадгалан, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийг сайдын хувиар хүсэв. Үүний учир бид Канад Улсад зохион байгууллагддаг PDAC арга хэмжээнд ач холбогдол өгч оролцдог тухайгаа тэмдэглэн хэллээ. Ноён George Chahal биднийг өөрийн сонгогдсон тойрог болох Калгари хотод айлчлахыг урив. Харин манай зүгээс ноён George Chahal болон холбогдох хүмүүсийг Монгол Улсад жил бүр зохион байгуулагддаг Mongolian Mining Week арга хэмжээнд очиж оролцохыг урилаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn