Л.Болд 2017.11.16 | Сайт: Ikon.mn

Л.Болд: Зарчим ярихаар харлуулж, гүтгэж байна

Л.Болд: Зарчим ярихаар харлуулж, гүтгэж байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хэлсэн үгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болдоос ярилцлага авснаа хүргэж байна.

-Тантай холбоотойгоор Хойд Солонгост хоёр хүн цаазаар авхуулсан тухай ТЕГ-ын дарга асан Б.Хурц ярилаа?

-Тагнуулын дарга байсан хүн тун болчимгүй юм ярилаа. Нэгдүгээрт, Хойд Солонгост хүн цаазлуулсан эсэхийг нотлох хэрэгтэй. Хоёрдугаарт, тэр хүмүүс ямар гэмт хэргээс болж цаазлуулсан юм. Эдгээрийг тодорхой болгохгүй бол өөр улсыг бас гүтгэсэн болчхоод байна. Надаас болж хүн цаазлуулах ямар ч үндэслэл байхгүй. Хууль бус наймаа хийгдэх гэж байсныг би зогсоож байлаа. 

Зогсоовол хүн цаазлуулах юм байна гээд хууль бус наймааг хийлгэх болж байна уу. Энэ өөрөө маш их зөрчилтэй буруу зүйл. Хойд Солонгостой холбоотой ямар нэгэн наймааг Батлан хамгаалах яам хийгээгүй. Тийм учраас Батлан хамгаалах яам, тэр үед ажиллаж байсан сайдаас шалтгаалан Хойд Солонгост хэн нэгэн шийтгэл хүлээх нөхцөл бололцоо байхгүй.

-Тухайн үед яг юу болсон юм бэ?

-20, 30 жилийн өмнө актлагдсан зэвсгийн сэлбэг хэрэгслийг гэрээгээр хүлээсэн үүргээрээ Монгол Улс зөвхөн ОХУ-д буцааж борлуулах эрхтэй байдаг. Тухайн үед сайдын ажлаа авахад Монгол болон Оросын компани Батлан хамгаалах яаманд асуудлаа тавьчихсан байсан. Намайг сайд болсны дараа сайдын зөвлөлөөр ороод бүгдээрээ дэмжсэн. “Энэ зүгээр хаягдаад хог болох гэж байгаа. Ямар ч хууль, гэрээ хэлэлцээр зөрчихгүй ОХУ-ын компани буцааж авъя гэж байгаа юм” гэсэн.

Хэрвээ Оросын талын Батлан хамгаалах яам нь зөвшөөрөх юм бол хэрэгжүүлье гээд 300 мянга орчим ам.долларын гэрээ хийгдсэн. Тэгээд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас нь зөвшөөрөл ирээгүй. Харин “Энэ чинь манай улсаар дамжаад өөр улсад борлогдох юм байна” гэсэн зүйл ирсэн. Тэр үед нь би "Ийм асуудал байж болохгүй. Монгол Улс олон улсын гэрээ хэлэлцээрээ ягштал мөрдөнө” гээд наймааг зогсоогоод мөнгө төгрөг буцааж өгөх ажлыг үүрэг өгч хэрэгжүүлсэн.

Бидэнд цаанаа Хойд Солонгос байгаа гэж хэлээгүй. Бүх гэрээ хэлэлцээр Монголын компани, Оросын компанид зарна гэдэг байдлаар байсан. Энэ залиланг хийж чадна, болно гэсэн иргэд шүүхийн байгууллага дээр очоод хуулийн дагуу ял шийтгэлээ хүлээгээд өнгөрсөн явдал юм. Батлан хамгаалах яамны хувьд ямар ч хуулийн зөрчил байхгүй.

-Тэгвэл ТЕГ-ын дарга асан Б.Хурц яагаад энэ асуудлыг сөхөөд тантай холбож байгаа хэрэг вэ?

-Гурав, дөрвөн жил надтай хамт ажиллаж байсан олон хүнийг хэлмэгдүүлж, шалгасан. Би тэр асуудлыг нь тавьсан. Надтай ажиллаж байсан хоёр хүнийг маш их хохироож байлаа. Гавьяатай, нэр төртэй хүмүүс шалгуулж байгаад дараа нь цагаадсан ч гэсэн цагаатгахад тэд байхгүй болчихсон байсан. Ийм Монголын төрийн хувьд эмгэнэлтэй явдал болсныг би хэлэх үүрэгтэй.

Б.Хурц гэдэг хүнийг дараагийн өндөр албан тушаалдаа томилогдож байхад нь “Таны үед гарч байсан, эхэлж байсан асуудал байна. Үүнийгээ анхаарна шүү” гэж хэлэх үүрэгтэй. Тэгээд тодорхой зүйл ярихаар урдаас “Энэ хүний үед ийм юм болсон” гээд харлуулаад, элдвээр гүтгээд явдаг. Өмнө нь Ц.Нямдорж сайд тодорхой асуудлууд тавингуут “Эрдэнэтээс 43 сая доллар идсэн" гэж байсан биз дээ.

Хэрвээ Ц.Нямдорж сайд үнэхээр тийм хэрэг хийсэн бол өнөөдөр сайд болох уу. Би хэрвээ Хойд Солонгост зэвсгийн наймаа хийсэн бол энд сууж байх ёстой юу. Болчимгүй мэдэгдэл хийж байгаагаараа үнэхээр учир дутагдалтай гэдгээ харууллаа.

-Таныг сайдаар ажиллаж байхад Хойд Солонгост хоёр хүн цаазаар авхуулсан тухай ямар нэгэн мэдээлэл ирж байсан уу?

-Би бол ерөөсөө тийм юм сонсоогүй. Хойд Солонгост хуулийн байгууллага нь яаж ажилладаг, хэчнээн хүнийг цаазалдаг, ямар нөхцөл байдалд байдгийг би мэдэхгүй. Түүнийг мэддэг байх үүрэг, шаардлага ч байхгүй. Одоо тэгээд хэлсэн хүн нь нотолно биз. Хойд Солонгосын Элчин сайдын яамнаас тайлбар хийх байх.

-Та Б.Хурцыг шүүхэд өгч нэр төрөө цэвэрлэнэ гэж мэдэгдсэн?

-Тийм. Шүүхээр нэр төрөө сэргээлгэхгүй бол би Хойд Солонгост хүн цаазалдаг хүн болчихлоо шүү дээ.

-Батлан хамгаалахын албан хаагчдад зориулж барьсан орон сууцыг та танилынхаа компаниар хийлгэж байсан тухай хэлж байсан?

-Яаман дээр бүх тендерийг шийддэг хүн нь Төрийн нарийн бичгийн дарга. Намайг сайд байхад Төрийн нарийн бичгээр ажиллаж байсан хүмүүсийг шалгаж, мөрдсөн. Өнөөдөр тэр хүмүүс алга. Тухайн үед надтай ажиллаж байхдаа шалгагдаж байсан хүмүүс “Таныг үүрэг өгсөн, зуучилсан, бүх зүйлийн ард байгаа гэсэн мэдүүлэг хүсээд байна. Та ингээгүй юм чинь бид үнэхээр тийм мэдүүлэг өгч чадахгүй. Үүнээс болоод л маш удаан сунжирч байна” гэж байсан.

Тиймээс тэр хүмүүсийн ар гэрт ч, надад ч гэсэн гомдол байгаа. Яагаад захиалаад, тодорхой бодлогоор төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлж байгаа юм. Хардаж, шалгаж болно шүү дээ. Гэхдээ эхлэх ёстой, дуусах ёстой. Нотлогдохгүй бол бие муутай хүмүүсийг амь насаараа хохиртол нь олон жилээр сонин байдалд байлгаж болохгүй биз дээ. Хуулийн байгууллагад өнөөдөр ямар ч хязгаарлалт алга.

Ерөнхий сайд ч тагнуул, Хууль зүй, дотоод хэргийн сайд ч гэмт хэрэгтэн гээд гүтгэдэг, мэдэгдэл хийдэг, тэрүүгээрээ дарамталдаг байдал байна. Ийм буруу жишиг тогтоод байгаа юм. Үнэхээр хууль зөрчсөн бол зарладаггүй байхгүй юу. Хуулийн байгууллага дээрээ нотлоод шийтгэлийг нь хүлээлгэх ёстой. Гэтэл өнөөдөр хэн шийтгэл хүлээв. Хаана, юу нотлогдсон юм. Улс төр л яваад байна. Үүнд би сануулга болгох гэж, дахиад хэн нэгнийг ийм байдалд оруулахгүйн тулд яриад байгаа юм.

Ингэхгүй бол Монгол Улсад өнөөдөр иргэд амгалан тайван амьдрах, төр засагтаа итгэх итгэл байхгүй болох гээд байна шүү дээ. Би ерөөсөө тийм зарчим л ярьж байгаа юм. Тэгэхээр урдаас “Таны үед Хойд Солонгостой наймаа хийсэн” гэж огт байгаагүй, худлаа зүйлийг хэлж, гүтгэж, нэр төрийг нь доош нь хийж байх юм. Хэн нэгэн хүн цаазлуулсан ч юм уу, үгүй ч юм уу яаж мэдэж байгаа юм.

-Таныг яллагдагчаар татаж байсан уу?

-Яллагдагчаар оролцож байгаагүй. Дандаа гэрчээр асууж байсан. Яллагдагчаар татахын тулд мэдүүлэг хэрэгтэй юм байна. Тэр мэдүүлгийг манай хоёр Төрийн нарийн бичгийн даргаас нэхээд байсан юм билээ. “Л.Болд сайд надад манай найзын компанид өг гэсэн үүрэг өгсөн” гэдэг мэдүүлэг. Ямар нэгэн байдлаар намайг хэрэгтэн болгох сэдэл хэрэгтэй шүү дээ. Тэр нь байхгүй учраас намайг яллах зорилго нь.