Баасанхүү.О 2017.12.12 | Үндэсний Шуудан

О.Баасанхүү: Төлөөлөгчид хамгийн түрүүнд Н.Энхбаярыг чөлөөлөх ёстой юм байна гэж үзсэн

О.Баасанхүү: Төлөөлөгчид хамгийн түрүүнд Н.Энхбаярыг чөлөөлөх ёстой юм байна гэж үзсэн

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

Өнгөрөгч Бямба гаригт МАХН Төрийн ордонд Их чуулганаа хийсэн. Гэвч МАХН-ын удирдлагуудын зүгээс “Албан бус хурал, зүгээр л цугларалт” гэж мэдэгдэж байгаа. Уг хурлаас таныг МАХН-ын даргаар сонгосон. Тэгэхээр одоо МАХН хоёр даргатай болсон гэсэн үг үү?

-МАХН аравдугаар сарын 31-ний өдөр Бага чуулганаа хийгээд намын дүрмийн дагуу Их чуулганаа хийх товоо зарласан. Энэ дагуу 21 аймгаас 900 орчим төлөөлөгчдийг авчирсан байгаа. Манай Г.Бямбасүрэн даргын хүү нь хүнд зодуулчихсан, ний нуугүй хэлэхэд төрсөн дүү нь зуурдаар нас барчихаад ажил явдалтай байгаа учраас албан ёсны мэдээллээ бид гаргаж чадахгүй байна. Ирэх долоо хоногт хэвлэлийн хурал хийж бүх баримт нотолгоо, мэдээллийг өгнө.

-Өмнө нь Ногоон нам Иргэний зориг намтай нэгдье гээд Төрийн ордонд хурал хийж л байсан. АН, МАН ч Төрийн ордонд хурал хийдэг л байсан. УИХ-д суудал бүхий намын хувьд Төрийн ордонд хурал хийж болно. Мөн бид өөр газар хурал хийх гэхээр аюулгүй байдал талаас хэцүү байгаа.

Их чуулганаа хийж байхад Төрийн ордны хоёр талын хаалган дээр хүмүүс ирж аймшигтайгаар дайрч давшлаад миний биед халдаад, ирсэн хүмүүсийн иргэний үнэмлэхийг хугалах эсвэл мандатыг нь урж хаях зэрэг зүйл хийсэн.

Төлөөлөгчдийн үс гэзгээс нь зулгааж зодох, Сүхбаатарын талбай дээр УИХ-ын гишүүнийг хутгалж шөвөглөж ална гэж орилох зэрэг хүчирхийллийн үйл явдал болсон. Хуралд дээд тал нь 84 настай хөгшин, бага нь 18 настай хүү Увс, Ховд, Баян-Өлгий, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод гэх мэт холын аймгаас сэтгэл зүрхээ зориулаад ирсэн, 900 гаруй төлөөлөгчийн 300 гаруйг оруулахгүй гэсэн.

Үүнээс болоод тал нь Төрийн ордонд орж ирээд гарч чадахгүй, тэр битгий хэл захиалсан хоол ундаа идэж чадахгүй маш хүнд байдалтай байсан. Ер нь ямар нийгэмд амьдраад байна вэ. Шөнийн 00:30 минутад бид үлдсэн хүмүүсээ буудлаас нь оруулж ирээд хурал хийсэн шүү дээ.

-МАХН-ын Их чуулганаар Н.Энхбаярыг яагаад намын даргаас чөлөөлөх болсон юм бэ?

-Ардчилал гэдэг чинь хүн болгон үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх эрхийг хангах л зарчим шүү дээ. Тэнд орилж байгаа хүмүүсээр жишээ аваад хэлэхэд тэдний хэн нэгэн нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болбол яах вэ. Биднийг ийм хүмүүс толгойлно гэвэл аймшигтай.

Их чуулганы төлөөлөгчид уг нь Н.Энхбаяр даргыг хуралдаа ороод, удирдаад, хурлаа хийгээсэй гэж байсан. Харамсалтай нь зодуулсан, нүдүүлсэн учраас хамгийн түрүүнд энэ хүнийг намын даргаас чөлөөлөх ёстой юм байна гэдгээр тогтоолоо 100 хувийн саналаар баталсан юм. Энэ бол намаас хөөж байгаа хэрэг биш. Харин эд нар бол намайг намаас хөөгөөд янз бүрийн байдлаар хавчиж, гадуурхаж байгаа. Би тэвчээртэй байгаа.

-“Баянгол” зочид буудалд төлөөлөгчдөө буулгаад их бийлэгжүү байна гэсэн зүйл яваад байгаа?

-“Баянгол” зочид буудалд маш өндөр зардлаар хүмүүс байрлууллаа гэж яриад байгаа. Ер нь Монгол Улсад ганцхан баян хүн байдаг, тэр нь Н.Энхбаяр. Өөр баян хүн байдаггүй гэдэг хандлагаар ярих хэрэггүй. Бид “Баянгол” зочид буудалд 60 сая төгрөг төлөөд хүнээ байрлуулсан.

Үүнийг МАХН-ын нарийн бичгийн дарга байсан хүн хувийнхаа мөнгөөр санхүүжүүлсэн. Тэр хүнийг бас л Н.Энхбаяр намын даргад өрсөлдөж магадгүй, намынхаа гол хүмүүсийг санхүүжүүлээд явчхаж магадгүй гээд намаас хөөсөн гэж ярьдаг. Гэвч тэр өдий хүртэл хугацаанд Н.Энхбаяр даргатай нас, бие чацуу олон жил улс төрд зүтгэсэн хүн учраас намынхаа шинэчлэлийн төлөө зардлыг төлсөн.
200 гаруй хүнийг байрлуулах буудал их цөөхөн юм байна. Бид нэг дороос автобусаар авах зэргээр ажлаа хөнгөвчлөх зорилгоор хороололд нэг буудал, мөн Баянгол” зочид буудалд хувааж байлгасан.

-МАН-ын дарга У.Хүрэлсүх танай хурлыг зохион байгуулах зардлыг төлсөн юм биш үү?

-30 мянган гишүүнтэй нам нийтдээ 150 сая орчим төгрөг гаргаад хурлаа хийчих боломж бий. АН-ын нэг жижигхэн залуу намынхаа залуучуудын холбооны дарга болох гээд 250 сая төгрөгийг хувиасаа гаргачхаж байна. Мөн Ж. Батзандан ах дүү, найз нөхдөөсөө л авсан байлгүй. Намынхаа даргад өрсапдөх гээд 200 сая төгрөгийн дэнчин тавьчихаж байсан.

Гэтэл бүхэл бүтэн нам ийм бага зардлаар хурлаа хийснийг гадуурхаж байгаа нь МАХН-д ганцхан мөнгөтэй хүн байдаг. Өөр хүмүүс нь мөнгө нийлүүлээд хурал хийж болохгүй гэсэн тийм үзлээр нийгмийн тархийг угааж байгаад харамсаж байна. Шаардлагатай гэвэл бид санхүүжилтийг холбогдох хүмүүст гаргаад хэлээд өгч болно. Энд У.Хүрэлсүх гэдэг хүн ямар ч хамаагүй. Ний нуугүй хэлэхэд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бодлогыг хянах гэж бид энэ намаа шинэчилж байгааюм. Тийм учраас тааж яриад хэрэггүй.

-Намын даргын тамгын асуудлаар юу хэлэх вэ. Албан ёсны болж чадаагүй гээд байгааг тамгатай холбож байгаа л даа?

-Тамга энд ямар ч хамаагүй. МАХН-ын хамгийн том дарга нь намын Их чуулган. Дараа нь намын Бага чуулган, Гүйцэтгэх товчоо, тэгээд намын дарга, дэд дарга гээд явдаг. Тамгатай хурал хийдэг гэдэг ойлголт бол хууль мэдэхгүй хүмүүсийн яриа. Тогтоолоор бүх юм баталгааждаг.

Тогтоолоо батлаад гарын үсгээ зураад явдаг. Тийм учраас би юу гэж харж байна гэхээр энэ хүн тамгаа авч зугтаасан дарга гэдэг шиг тамга өгөхгүйгээр их юм болох юм шиг байна. Одоо энэ тамгаар ямар нэгэн бичиг баримт албажуулаад явбал гэмт хэрэг. Тийм учраас аливаа зүйлд тэр тамгыг ашиглахгүй байвал сайн байна.

-Шашны итгэгчид олноороо ирлээ. Шашны цуглаан боллоо гэсэн яриа гарсан? 

-1,000 орчим хүн ирж байгаа юм чинь тэр дотор шашинд итгэдэг ч хүн байж магадгүй, итгэдэггүй ч хүн байж магадгүй. Би “Та нар ямар шашин шүтдэг юм. Үүн дээр бичээд өг” гэлтэй биш.

Бүх л төрлийн шашинтай хүн байгаа. Монгол Улс ардчилсан орон. Тэгэхээр итгэл үнэмшлээр нь хүнийг ялгаварлан гадуурхчихаад өнөөдөр эх орон гэж ярих бол ичмээр зүйл. Бусдыг шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхаж улс төрөөс хол байгаа хүмүүсийг турхирах бол гэмт хэрэг. Үүнийг хуулийн байгууллагаар шалгуулж, үймээн самуунд турхирч, нийгмээр нь хагалан бутаргах гэсэн үйлдлээр нь бид хариуцлага тооцуулахаар явна.

-Дээд шүүхэд Их чуулганыхаа тогтоолыг өгсөн үү?

-Монгол Улсын хуулийн дагуу Улсын Дээд шүүх намын дүрмийн өөрчлелт, даргын асуудлыг албажуулаад явдаг хуультай. Арав хоногийн дотор бид бичиг баримтаа Дээд шүүхэд өгнө.

-Генсек, нарийн бичгийн дарга, дэд дарга нараа хэзээ ярих вэ?

-Бага чуулган хуралдана. Түүгээрээ томилдог дүрэмтэй. Тэр дагуу бид шийднэ. Товыг нь бид ирэх долоо хоногоос ярьж байгаад шийднэ.