Бат-Эрдэнэ.Б 2017.12.14

Б.Бат-Эрдэнэ: Сайхан зүйл яриад, хөрөнгө санхүүг нь шийдэхгүй бол хэрэггүй болно

Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хуулийн хэрэгжилт, болон санхүүжилтийг давхар шийдэх хэрэгтэй гэдгийг онцлон сануулж, асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Би байнгын хорооны хурал дээр "Хамгийн гол нь УИХ-аар хэлэлцэж байгаа хууль, шийдвэр дээр салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдийн байр суурийг авч үзэх хэрэгтэй. Мөн олон улсын жишиг, гэрээ хэлэлцээртэй нэгдэж байх ёстой" гэдгийг хэлсэн. Ажлын хэсэг сайн боловсруулсан гэж хэлсэн. Тиймээс энэ төслийг би сайн төсөл болсон гэж ойлгож байгаа. 1993 онд батлагдсан Малын удмын сан эрүүл мэнд тухай хууль бол түүхэн цаг хугацааны хувьд шаардлагаа биелүүлсэн. Одоо бол шинэчлэх шаардлага зайлшгүй байгаа юм байна лээ. Тийм учраас дэмжиж байгаа.

2008-2012 оны парламент Монгол мал хөтөлбөр, Малчдын талаар төрөөс баримтлах бодлого гэдэг 2 том бодлогын баримт бичгийг гаргасан.

Хамгийн гол нь бодлого, хөтөлбөр хэрэгжихэд хөрөнгө, санхүү байдаг. Дээрхи 2 баримт бичиг дээр бид жил бүр 4-25 тэрбум хүртэлх төгрөгөөр санхүүжилтийг нэмэгдүүлж ирсэн. Харамсалтай нь 2012-2016 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд ахиц дэвшил гараагүй, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдээгүй зогсолтын байдалтай байгаа юм.

Энэ парламент хөдөө аж ахуй, мал аж ахуйтай холбоотой 2 том суурь хуулийг баталж гаргаж байгаа. Тийм учраас энэ хуулийн хэрэгжилтийг хангахад хөрөнгө санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэх вэ? Гэдэг нь чухал байгаа юм. Ингэхгүйгээр хичнээн сайхан зүйл яриад, хөрөнгө санхүүг нь шийдэхгүй бол хэрэггүй болно. 

Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн " хуулийг хэрэгжүүлэхэд санхүүжилт хамгийн чухал байгаа" гэдгийг хэллээ.