2018.01.25

Г.Занданшатар: Оюутолгойн төслөөс 160 сая доллар гадагшаа гарч байна

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданштар 25-р суваг телевизийн "Ам нээвэл" нэвтрүүлэгт оролцож цаг үеийн асуудлаар ярилцжээ.

-Дөнгөж саяхан та Рио-Тинто компаний гүйцэтгэх захиралтай уулзаад гарч ирлээ. Сүүлийн үед энэ компанитай холбоотой татварын маргаан үүсээд байгаа асуудал байна. Энэ тал дээр тохиролцоонд хүрч чадав уу?

-Рио-Тинто компанийн Ерөнхий захирал Жан-Себастьян Жак Ерөнхий сайдад бараалхсан. Ерөнхий сайд Оюутолгойн төслийг монголын ард түмэн өөрсдөө ашиглах, үүний тулд зардлуудыг бууруулж, өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагуудыг тавьсан. Энэ асуудлаар зээлийн хүүгийн зардлыг бууруулах боломж гарч байгаа. Нэгэнтээ хийгдсэн гэрээнүүдийг өөрчлөх хүндрэлтэй. Харин өнөөдөр зээлийн хүүг бууруулах зэрэг боломжуудыг ашиглах ёстой.

-Монголын талд ноогдож байгаа 34 хувийг бид зээлж байгаа. Энэ зээлийн хүүг бууруулах асуудлыг ярьж байгаа гэсэн үг үү?

-Үүнийг бид хувь нийлүүлэгчдийн зээл гэж ярьж байгаа. Монголын талын оруулж байгаа зээлийн хүү өндөр байхаар зардал их болно. Тэгэхээр Оюутолгойн төслийн үр ашиг бага байна.