Тэд хийснээ бус хийх ажлаа хэлэлцлээ
2018.02.09

Тэд хийснээ бус хийх ажлаа хэлэлцлээ

Эрүүл мэндийн яамны удирдах ажилтнууд өчигдөр Төрийн ордонд “Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт” уриан дор зөвлөлдлөө. 

Тус зөвлөгөөний ач холбогдол нь эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт хүртээхийг зорилгоо болгосноороо чухал байв. Зөвлөгөөнд Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл зөвлөгөөнд тавьсан илтгэлдээ өнгөрөгч онд хийж, бүтээсэн ажил болоод ирэх онд хийж, хэрэгжүүлэх ажлаа тайлагналаа.

Тэрбээр илтгэлдээ “Бид 2017 онд хүн амын эрүүл мэндийг дэмжин хамгаалах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, олсон ололт, алдаа дутагдал, 2018 онд хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөгөө түлхүү анхаарч, ажиллах чиглэлээ тодорхойлохын тулд харилцан ярилцаж, санал боддоо солилцохоор хуран цуглаад байна. Өнгөрсөн онд Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хүрээнд эрүүл мэндийн салбар амжилттай ажилласан. 2017 онд хэд хэдэн хуулийн төсөл УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, “Эрүүл мэндийг дэмжих сан”-гийн үйл ажиллагааг сэргээлээ. Хүн амын дунд зонхилж, улмаар нас баралтьга гол шалтгаан болсон элэгний хорт хавдар, элэгнийхатуурал үүсгэж буй В, С вирусийн халдварын илрүүлэг, шинжилгээний эхний шатны үйл ажиллагааг зохион байгууллаа.

Үзлэгт 40-65 насны 353 мянган иргэн хамрагдлаа. Түүнээс 31088 иргэн хепатитын В вирустэй, 58545 нь С вирусийн халдвартай байсныг илрүүлжээ. С вирусын халдварын эсрэг эмчилгээнд нийт 20 гаруй мянган хүн орлоо. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн эхний шатны үйл ажиллагаанд 16.2 тэрбум төгрөг эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд зарцууллаа. 

Ирэх 2018 онд дээрх насны бүлгийн үлдсэн иргэд болон хоёрдугаар шатанд хамрагдах 15-39 насны 1.2 сая иргэнд үзлэг шинжилгээ хийнэ. 

Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилгоо баталж “Хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг барьж ажиллах уриа дэвшүүлээд хоёр жил болж байна. Энэ хүрээнд өнгөрсөн онд гемодиализын тусламж, үйлчилгээг төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүд иргэддээ хамтран үзүүлж, төлбөрийг нь төрөөс 100 хувь санхүүжүүлдэг боллоо. Энэ эмчилгээнд өнөөдрийн байддаар 670 гаруй хүн хамрагдаж байна.

Цусны хорт хавдрын эмчилгээний эмийг 100 хувь улсын төсвөөс, томуу, томуу төст өвчний үед тав хүртэлх насны хүүхдэд хэрэглэх эмийг эрүүл мэндийн даатгалаас хариуцаж, хепатитын В, С вирусийг эмчлэх эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Гадаад улсад явж эмчлүүлдэг байсан мэдрэл, зүрх судасны мэс засал, хавдар, эх барих, эмэгтэйчүүд, үргүйдлийн чиглэлээрх долоон өвчнийг эх орондоо бүрэн оношилж, эмчлэх боломжтой боллоо” гэсэн юм. Мөн “2018 онд “Эрүүл мэндийн даатгальнчфгэн бүрт” уриаг дэвшүүлэн ажиллана. 

ДЭМБ-аас улс орнуудад хандаж буй нийгмийн эрүүл мэндийн асуудал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал бус бүх нийтийн хэрэг боллоо. Хүний эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлийг авч үзвэл хувь хүний амьдралын хэвшил, зан үйлээс 55-60, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага зэрэг бусад салбар, орон нутгийн засаг захиргаа, нутгийн удирдах байгууллагын үйл ажиллагаанаас 25, эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн ажилтнаас 10-15, төрөлхийн болон удамшлын хүчин зүйлээс таван хувь нь тус тус шалтгаалдаг болохыг ДЭМБ судлан тогтоожээ.

Иймд хүн бүр өөрийн болон гэр бүлийн гишүүдээ, ажил олгогч бүр “үнэт капитал” болсон хүнээ, орон нутгийн удирдлагууд орон гэргүй, ядуу, эмзэг бүлгийн иргэдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүрэн хамруулах ажлыг зохион байгуулж, дэлхий дахины Тогтвортой хөгжлийн зорилт болох “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг хэрэгжүүлэн ажиллахыг ЭМЯ-аасуриалжбайна”гэв.

Энэ оныг “Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт” уриан дор ажиллах бөгөөд Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, баримт бичиг нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдаж байгаа аж.

Ингэснээр хүн амд эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаанд нэгдмэл байдлыг хангаж, үйл ажиллагаагаа уялдуулж ажиллана гэдгээрээ энэ удаагийн удирдах ажилтны зөвлөгөөн онцгой байлаа. Тухайлбал, бүх иргэдээ нас насны ангилалд тохирсон урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна. Мөн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёр дахь шатны үйл ажиллагааг орон даяар эхлүүлнэ. “Эрүүл шүд -эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Дуусаагүй барилгуудын үйл ажиллагааг сэргээж, шат дараатай ашиглалтад оруулна. Гадны зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийг хөдөлгөж ашгийг дээшлүүлэх, эрүүл мэндийн улмаас иргэдэд ирэх санхүүгийн ачааллыг бууруулах гэх мэт зорилтыг ЭМЯ болон эрүүл мэндийн салбарынхан тавьжээ.

Сэтгүүлч Б.ПҮРЭВЖАВ