2018.02.02

"Биднээс хамаарна" донорын ая эхэллээ

Донорын тухай хууль батлагдсантай холбогдуулан тус хуулийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн тэргүүлдэг холбоо, ТББ-уудтай хамтран "Биднээс хамаарна" донорын аяныг өнөөдрөөс эхлүүлж, нээлтээ хийлээ. Аян хоёр сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд нийслэл, дүүрэг, аймаг, орон нутгуудад  хүрч ажиллах юм байна.

Донорын тухай хуулийг олон нийтэд таниулж, донорын эгнээг өргөжүүлэх, олон хүний амь нас, эрүүл мэндийг аврах зорилготой уг аяныг эхлүүлж байгаа аж. Аян эхэлсэнтэй холбогдуулах улстөр, урлаг спортын алдартнууд Цус сэлбэлт судлалын төвд очиж цусаа өгч, цусны донор болох арга хэмжээнд нэгдсэн бол нээлтийн арга хэмжээнд ирсэн 500 гаруй оюутан залуус биднээс хамаарна аянд нэгдэж, 350 гр цусаар гурван хүний амь авран буянтай үйлсэд нэгдлээ. 

УИХ-ын гишүүн Д.Гантулга: Бидний эхлүүлж байгаа аян нь хоёр, гурван үндсэн зорилготой. Сар болгоны 3-ны өдөр бол доноруудаа алдаршуулдаг өдөр болгон зохион байгуулаад нилээдгүй хугацаа өнгөрч байна. Энэ цаг хугацаатай давхцуулахаас гадна Их жанжих Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн өдөр тохиосонтой холбогдуулан энэхүү өдөр аянаа эхлүүлж байна. Бид хоёр сарын хугацаанд доноруудыг алдаршуулах, цусны доноруудын тоог ихэсгэх, орон нутагт цусны нөөцийг бүрдүүлэх чиглэлээр ажиллана. Нөгөө талаар Донорын тухай хууль шинэчлэгдэн найруулагдсан цаг хугацаатай давхцаж байгаа учраас Донорын хуулийг сурталчилна.