Чинзориг.С 2018.02.13 | Сайт: Vip76.mn

Гучин гуравхан настай ХОШОЙ АВАРГА

Энэ жил Өвөрхангайгаас Хошой аварга малчин нэг төрсөн нь Бүрд сумын малчин Г.Золжаргал.

Ажилсаг малчаараа аймаг, сумандаа нэртэй энэ залуу "Улсын аварга малчин" цолыг 2013 онд хүртэж байжээ. Түүний Хошой аваргын шагналыг УИХ-ын гишүүн, НХХ-ын сайд С.Чинзориг өчигдөр гардуулж өгчээ. Тэднийх энэ өвөл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт Өтгөний голд отроор өвөлжиж байгаа юм.

Золоо аваргынх мал сүргийн тоо толгой хоёр гурван жилийн өмнө 3000 хүрсэн аж. Гэхдээ тоо толгойг нэмэх гэхээсээ чанарт нь сайн анхаарч махан тарга сайн авахуулахын тулд ийн малаа оторлон нүүж сууж явдаг аж.

Энэ жилийн хувьд Бүрд сум өвөлжилт хүндэрсэн, цас зудын байдалд орж цаг хүндэрсэн учраас Баянгийн нуруунд 15 хоноод урагшаа говь руу нүүсээр 4 дэх буйран дээрээ байгаа гэнэ.

Тэрбээр "Нутгаа олсон хүн зүдрэхгүй шүү дээ" хэмээж байсан. Аварга маань нас залуу 30 л гарч яваа ч мал маллах арга ухааныг эцэг өвгөдөөс өвлөж, сурч мэдсэнээ одоо өөр бусдад зааж явдаг хаяа сайтай нэгэн. Золоогийнх 2006 оноос хойш туслах малчин авч ажиллуулж байгаа. Одоо гурван туслахтай. Ноос ноолуурын цаг, хадлан тэжээл бэлтгэх, хашаа хороогоо янзлах, мал махаа хот газар руу борлуулах гээд хүн хүч хэрэгтэй ажилдаа нутгийн залуусыг ажиллуулж хөлс мөнгийг нь өгчихдөг гэнэ.