2023.08.29

Ардын амьдралыг арван хуруу шигээ мэддэг

Өнөөгийн парламентад орон нутгаас сонгогдсон гишүүдийн чамгүй хэд нь тухайн аймагтаа засаг даргаар сүүлийн жилүүдэд нь ажиллаж байсан хүмүүс бий. Тэдний нэг УИХ-ын гишүүн Гочоогийн Ганболд.

Тэрээр 1997 оноос Өвөрхангай аймгийн холбооны газарт гол шугамын монтёр, 2002 онд Радио, холбооны инженерээр ажиллаж байсан. 2004 оноос Өвөрхангай аймгийнхаа ИТХ-ын төлөөлөгч, 2012 онд Аймгийн ИТХ-ын дарга, 2016 онд Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд аймгаасаа нэр дэвшин сонгогдсон билээ. Төрийн бүх шатны албанд ажиллаж, тэр дундаа хөдөөгийн амьдрал, ахуй дунд байсан хүний хувьд малчид, иргэдийнхээ аж амьдрал, тэдэн рүү чиглэсэн төрийн бодлогыг хамгийн бага нэгжээс нь эхлээд өөрийн биеэр амталж мэдэрсэн хүн юм. Энэ утгаараа УИХ-ын танхимд тэднийхээ бүрэн төлөөлөл болж чаддаг. 

Гадаа гандаж, хөдөө хөхөрч, нүүдэлчин ахуй соёлоо тээж яваа малчид нийгмийн даатгалын шимтгэл төлж, тэтгэвэрт хамрагдах боломжтой болгох, орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын авч буй цалинг нэмэгдүүлэх, орон нутагтаа таатай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, алслагдмал газар ажиллаж байгаа алба хаагчдын тодорхой хугацаанд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх гэх мэт хөдөө чиглэсэн төрийн бодлогыг боловсруулж, батлан гаргахад хамгийн тод дуу хоолойгоо хүргэж буй хүн бол Г.Ганболд гишүүн юм. 

УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө батлагдсан нийгмийн даатгалын хууль болон 2023 оны төсвийн тодотголыг батлах үед ард иргэдийн цалин нэмэгдэх ёстой хийгээд малчдын зүгээс нэг жилээр ч гэсэн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийг хэрэгжүүлж өгөх хүсэлтийг уламжилж, хөдөө аж ахуйн салбарынхны төрөөс авч буй цалин хөлсийг нэмэгдүүлэх тухай байр сууриа илэрхийлсэн юм. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд

“2023 оны төсвийн тодотголыг дэмжиж байна. Өмнөх тодотголуудаас онцлогтой нь шууд ард иргэдийн гар дээр цалин болж нэмэгдэж очиж буй нь сайн хэрэг. Цаашдаа салбарууд дур зоргоороо цалингаа нэмдэггүй, Засгийн газраас цалин хөлсний нэгдсэн бодлоготой болж байгаа хамгийн том давуу тал гэж бодож байна. Засаг нэмэх юм бол улсын хэмжээнд нэгдсэн бодлогоор нэг хувиар нэмэгдээд явдаг тогтолцоо руу орж байна гэж ойлгож байгаа юм. Нэгдүгээрт, нийгмийн даатгалын багц хууль орж ирж байгаатай холбоотой төрийн албан хаагчдын цалин нэмэгдчихэж байгаа юм. Хөдөө аж ахуйн байнгын хорооны хувьд хөдөөгийн малчдын асуудалд анхаарах хэрэгтэй. Тэд тогтмол цалин хөлстэй биш. Бид нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль гаргаад, хэрэгжиж байсан. Тухайн үед хуулийн талаар иргэд төдийлөн ойлгохгүй, нөхөн төлж чадаагүй хохироод үлдсэн л дээ. Малчдын зүгээс нэг жилээр ч гэсэн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийг хэрэгжүүлж өгөөч гэсэн хүсэлт тавьж байгаа юм. Үүнийг дагах хуулиар оруулвал малчид нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжийг нээх ёстой.”

Тэрээр одоогийн парламентад Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж байна. Энэ утгаараа хөдөө орон нутаг, мал аж ахуй, үйлдвэрлэлийн чиглэлд төрийн бодлого боловсруулахад жинтэй хувь нэмэр оруулж ажиллаж байгаа юм. Тиймдээ ч малчин, ард иргэдийнхээ амьдрал, ахуйг арван хуруу шигээ сайн мэдээх цөөн гишүүдийн нэг гэдгийг онцлох нь зүйтэй билээ.