Нямбаатар.Х Л.Энхболд Оюун-Эрдэнэ.Л 2018.02.27 | Сайт: Vip76.mn

Ш.Батхүүтэй холбоотой хэргийг хөөн хэлэлцэх хуулийн хугацаа дуусах гэж байна гэв

Ш.Батхүүтэй холбоотой хэргийг хөөн хэлэлцэх хуулийн хугацаа дуусах гэж байна гэв

Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалан Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авсан асуудал улстөрийн орчинд халуунаар өрнөж эхэллээ. УИХ дахь Авлигын эсрэг лобби бүлгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Л.Энхболд нар энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч Засгийн газарт асуулт тавьсны хариу нь өчигдөр ирсэн юм. Харин энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Энхболд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Яаралтай арга хэмжээ авахгүй бол Эрдэнэт үйлдвэр өндөр эрсдэл үүрэхээр байна

“Бид “Эрдэнэт”-ийн хэд хэдэн асуудлаар Засгийн газраас тодорхой хариулт авахыг хүссэн. Зарим асуудлаар АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул тодорхой хариулт өгөх боломжгүй гэсэн хариулт өгсөн байна. “Эрдэнэт” үйлдвэр нэгэнт баталгаа гаргаж өгчихсөн учраас өр төлөх үүрэг хүлээсэн гэдгийг хариултад тодорхой дурдсан байна.

Түүнчлэн зээлж авсан 213.3 сая ам.доллар нь “Жаст” компанийн данс руу шилжиж ороогүй. "Эрдэнэт" үйлдвэрийн дансанд орж, тэндээс хоёр ч өөр компанийн данс руу их бага хэмжээгээр шилжсэн юм байна.

Өөр нэг анхаарах асуудал бол “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирал 10 сая ам.доллар хүртэлх баримтад гарын үсэг зурах эрхтэй. Түүнээс дээш бол ТУЗ-ийн зөвшөөрлийг авах ёстой. Гэтэл тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага ТУЗ-өөс зөвшөөрөл авалгүй гарын үсэг зурсан гэсэн мэдээллийг аваад байна.

Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн зарим хөрөнгийг битүүмжлэх санал гаргасан нь тодорхой байна. Зээлийн хүү өдөрт 800-900 ам.доллараар өсч буй юм байна.

Одоо яаралтай арга хэмжээ авахгүй бол “Эрдэнэт” үйлдвэрт өндөр эсрдэл үүсэхээр байна. Аль таван жилийн өмнө үүссэн Эрүүгийн хэрэг өнөөг хүртэл яагаад шийдэгдэхгүй байна. Ш.Батхүү, Ч.Ганзориг нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байгаа юм биш үү.

УИХ-ын гишүүн Л.Энхболд: Олон нийтийн анхаарлын төвд орсон ч шийдэгдээгүй олон асуудлыг эргэж шалгах хэрэгтэй

Манай улсад хариуцлагын тогтолцоо алдагдсаны нэг жишээ нь "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой энэ асуудал юм. Эдгээр үйлдэл нь Эрүүгийн хууль зөрчсөн байх магадлал өндөр. Цаашид төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт оруулах шаардлагатай. Мөн өмнө нь олон нийтийн анхаарлын төвд орсон ч шийдэгдээгүй олон асуудлыг эргэж шалгах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Авилгын хэрэг дээр АН, МАН гэсэн ялгаа байх ёсгүй

Монгол Улсын өнгөрсөн 25 жилийг хааж дүгнээд, шинэ 25 жилээ төлөвлөх цаг хугацааны өмнө бид зогсож байна. Авлигын хэрэг дээр АН, МАН гэсэн ялгаа байх ёсгүй. Үндсэндээ өнгөрсөн 25 жилийн хугацаанд Эрдэнэтийн 49 хувь дээр хүртэл нам дамжсан бүлэглэлүүдийн эрх ашиг яригдаж эхэллээ.

Эрдэнэт үйлдвэртэй холбоотой ил цагаандаа гарсан луйвар арай ч хийгээгүй байх гэж бодож байсан. Гэтэл энэ үнэн гэдэг нь тогтоогдлоо.

ЦЕГ-ын мөрдөн байцаах газрын эдийн засгийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ асуудалд 2013 оноос эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Харин 2015 оноос АТГ-т уг хэрэг шилжсэн. Ямар учраас хууль хяналтын байгууллагууд ийм төрлийн хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг сунгаад байна вэ. Энэ мэт хэргүүдийг ил болгох талаар ажилламаар байна.

“Эрдэнэт”-ийн асуудал манай хойд болон урд хөршид болсон бол юу болох байсан бол? Цаашдаа бид ямар нэгэн байдлаар баримттай биш мэдээллийг олон нийтэд өгөхгүй байх талаар анхаарч ажиллана. Шаардлагатай гэж үзвэл Эрдэнэтийн 51 хувийн асуудлаар нээлттэй сонсгол хийх асуудлаар Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргад санал тавина.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn