Саранчимэг.Б 2018.04.13

Б.Саранчимэг: Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг тогтоохдоо судалгаа хийсэн үү?

Өнөөдөр /2018.04.13/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм..

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

Хуулийн төслийг дэмжиж байгаа. Засгийн газар, яамнаас өгч байгаа тайлбараар 2012 онд энэ хуулийг баталсан боловч, ус бохирдуулсны төлбөрийг  хуульд зааснаар журам гарах байсан. Тэр нь батлагдаагүй учраас төлбөрөө авч чадаагүй байгаа. Энэ хуулиар  ус бохирдуулсны төлбөрийн  дээд, доод хязгаарыг тогтоох гээд байна. Байгаль орчноо бохирдуулсан бол санд төвлөрсөн мөнгөөр нөхөн сэргээлт явагдаж байх ёстой. Гэтэл хэдий хэмжээний төлбөр авдаг болоод  төлбөрийн доод  хязгаарыг багасгах гээд байна вэ? Тооцоо судалгаа байна уу?

БОАЖЯ-ны дэд сайд Ц. Батбаяр хариуллаа.

Аж ахуй нэгж байгууллага дээр ирж байгаа төлбөрийн дарамт байна гэж үзсэн учраас  мөн хуулийг хэрэгжүүлэх аргачлал тодорхойгүй байсан учраас Засгийн газраас хоёр  удаа буцсан байдаг. Бид гадаадын зөвлөх баг ажиллуулсан. Тэгээд аргачлал гаргасан.

БОАЖЯ-ны  Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Н. Булган хариуллаа.

Судалгаа хийж байж, төлбөрийн хэмжээг тогтоосон. Салбар салбарын төлөөлөл орсон баг ажилласан. Тухайлбал хоногт 10 шоо метр УС хэргэлдэг сүүний үйлдвэрт стандартын дагуу ус хэрэглэж байвал 146,000 төгрөгний төлбөр ногдоно, стандартаас давсан бохирдол гаргаж байвал 949,000 төгрөгний нөхөн төлбөр  ногдуулах гэх мэт судалгаан дээр үндэслэж төлбөрийн хэмжээ гарсан.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг одоо төлбөрийн хэмжээ аж ахуй нэгжүүдэд дарамт болохгүй зохицуулалт орсон уу? гэсэн асуултыг тодруулж хариулт авсан юм.